Categories
мэдээ цаг-үе

Гэр бүл мэт эвтэй нэг ангийнхан

“Манай ангийн охидууд дунд сургуульд байхдаа тоотой хэдхэн удаа л худаг, голоос ус зөөсөн байх. Аав, ах нь хот хүрээ явбал хөвгүүд ялархаж, залхууралгүй модыг нь хагалж, хөрөөдөж өгдөг байсан даа. Бас хашаа саравч хатгах, байшин, пин барих зэрэгт хэнийгээ ч ялгалгүй бүгд очиж тусална. Тэгээд ч аав, ээж нар хар бор ажилд нухлагдаж, өөрийн гараар тэр бүгдийг амжуулж байж хожим айл гэрийн ноён нуруу, өмөг түшиг эр хүн болно гэдэг байсансан. Үнэхээр хөдөлмөрч, тусч байснаараа хүн мууддаггүй юм байна шүү” гэвэл “Харин тийм ээ. Одоо би дүү нартаа энэ тухай ярихаар огт итгэдэггүй юм. Хөвгүүд маань болж өгвөл биднээр хар бор ажил хийлгүүлэлгүй, чадлынхаа хэрээр тусалдагсан. Тэр үед чинь хамаг ажлаа хийлгүүлж хийлгүүлчихээд баярлалаа гэхийн оронд “Хөөе, одоо та нар яв аа. Наад хөрөөдсөн түлээгээ хагалчихад болно. Үлдсэнийг нь ирэх долоо хоногоос хөрөөд” гээд хөөх нь холгүй хашаанаасаа гаргадаг байсан. Өвлийн хүйтэнд зуны пүүз, бакаал хөлөндөө углаж, ороолт ороох нь бүү хэл малгай ч толгой дээрээ тавиагүй, улаан хацарлаж, бээвийж зогсоо хөвгүүдээ гэртээ оруулж халуун цай ч болох нь ээ өгөхгүй яасан юм бол доо гэж одоо ч хүртэл бодогддог” гэцгээв. Тэд бол Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн Солийн Данзангийн нэрэмжит Архангай аймгийн Хотонт сумын бүрэн дунд сургуулийн Ч.Оюунгэрэл багштай 2002 оны төгсөгчид юм. Арав гаруй жилийн дараа ийн ангиараа уулзалдаж байгаа нь энэ аж. Ангийн багш Ч.Оюунгэрэл “Ангийнхаа хүүхдүүдийг хаана юу хийж явааг нь мэдмээр санагддаг. Тэр дүрсгүй хөвгүүн томоожсон болов уу, энэ сурлагатай охин хүссэн сургуульдаа орж чадсан болов уу гэх зэргээр өөрөөсөө хий дэмий шалгаана. Та нарыгаа сайн сайхан явааг сонсоод багш нь магнай тэнийдэг. Харин азаар ямар вөөк гэлээ дээ, (энэ нь фэйсбүүкийг хэлж байгаа бололтой) тийм юм гарч ирээд олон жил уулзалдаагүй нэг ангийнхан, найз нөхөд, хамаатан садангуудыг учруулдаг болсон байна лээ. Багш нь хүүхдээрээ нэг хаяг нээлгүүлсэн юм. Би хэрэглэдэггүй юм.

Харин охин маань та тийм хүн таних уу, тантай найз болох хүсэлт илгээсэн байна лээ” гэдэг юм. Тэгтэл саяхан та хэд маань миний хаяг руу захидал бичээд, тэгж нэг юм холбогдлоо” гэв.

Тэгснээ “Энэ чинь манай Д.Отгонгэрэл байх шив дээ. Цаана нь Ж.Баярхүү, Г.Бям­басүрэн, Т.Доржпүрэв гурав сууж байна. Охидууд маань будаж, шунхдаад бүгдээрээ танигдахын аргагүй гоолиг хүүхнүүд болжээ. Тэр нүдний шилтэй бодвол Э.Дуламсүрэн маань байх. Г.Алтанцэцэгийгээ бумбагар хацраар нь таньж байна” гэхчилэн зэрэгцэн суугаа шавь нараа нүдээрээ бүртгэж гарлаа.

Д.Отгонгэрэл “Ангиараа цугласан юм чинь эхлээд дурсгалын зургаа татуулъя. Уул­залтын дараа зургаа харж, хөгжилтэй үеэ дурсацгаана шүү дээ” гэвэл бусад нь уриалгахан зөвшөөрөв. Тэгтэл багш нь “Аан тэгвэл энэ зургийг өнөөх вөөкээрээ авч болох уу” гэвэл “Танд фейсбүүкээрээ явуулчихна аа” гэцгээв. П.Ариунжаргал “Есдүгээр ангидаа сумынхаа төвд ирсэн нисдэг тэрэгний хажууд ангиараа зургаа авахуулж байсан санаанд орчихлоо. 2001 оны одоогийн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Ерөнхийлөгчийн сон­гуульд өрсөлдөөд, манай суманд сурталчилгаагаа хийхээр нисдэг тэрэгтэй ирснийг та нар санаж байна уу” хэмээн асуув. “Санаж байна” хэмээн бүгд толгой дохив. Ж.Баярхүү “Би ахынхаа хальсны аппаратыг аваад очтол үзвэр үзэж байгаа аятай нисдэг тэргийг тойроод хөгшин залуу гэлтгүй өчнөөн хүн цугларчихаж. Нисдэг тэрэгний ойр орчимд цагдаа нар зогсчихоод, ер ойртуулдаггүй. Тэгэхээр нь цагдаагаас нь сөгдөх шахам гуйж байгаад нисдэг тэрэгний дэргэд О.Батболдоороо зургаа авахуулсан. Дараа нь О.Батболдынхоо зургийг дарчихаад зорьсон хэргээ бүтээсэн хоёр додьгор амьтан буцах гэтэл Л.Эрдэнэтуяа, Л.Баярмаа, Г.Наран­цацралт, П.Одонтуяа зэрэг ангийн охидууд ирчихээд “Хөөе, та хоёр яасан өөдгүй юм бэ. Бидний зургийг бас аваад өг л дөө” гээд гуйгаад салдаггүй. “32-ийн пилонктой. Ах нэлээд хэдэн зураг дарсан байх. Одоо ганц хоёрхон зураг дараад хальс нь дуусна. За яахав, ганцхан шүү. Оронд нь маргаашийн тооны шалгалт дээр хуу­луулаарай” гэнгүүт дэвтэр рүүгээ хялайлгадаггүй өнөөх охидууд чинь “Тэгэлгүй яахав. Эхлээд чиний вариантыг хийж өгөөд, дараа нь өөрсдийнхөө бодлогыг бодно” гэсэн дээ“ гээд уухайн тас зөвшөөрсөн” гэв. С.Ариунтунгалаг “Юуных нь ганцхан зураг дарах. Ангийнхан бараг бүгд ирээд жагсчихаа биз дээ. Би тэрэнтэй авахуулна эсвэл ганцаараа гэсээр ахын чинь хальсыг дуус­гачихсан ш дээ. Тэгээд чи ахдаа юу гэж хэлнэ ээ гээд муухай царайлаад байснаа санаж байна уу” гэвэл “Саналгүй дээ. Харин ч ах загнаагүй. Өөрт нь ахиад нэг байсан юм байна лээ. Байгаагүй бол ч хэцүүднэ л дээ” гээд инээлдэцгээв.

Дунд сургуулиа төгсөх жил бараг хүүхэд бүхэн дурсгалын дэвтэр нээж, ангийнхан дундаа аялуулжээ. Харин саях­наас ангийн дарга Э.Дуламсүрэн уг дэвтэрт нь хүн бүрийн үлдээсэн дурсгалыг оруулжээ. Ангийнхан нь “Нямбай, хариуцлагатайгаараа ангийн даргын дурсгалын дэвтэр 13 дахь хавраа үзэж байна даа. Хөөрхий биднийх хэдхэн сарын дараа хуудсаараа хэдэн хэсэг салаад алга болсон. Уг нь нандигнаад хадгалсан бол одоо харж суухад сайхан дурсамж байхгүй юу” хэмээн өөр хоорондоо ярилцав. Эдний ангийнхан сур­гуулийнхаа урлагийн үзлэгт тогтмол хоёрдугаар байрт шалгардаг байж. Г.Ариунзаяа “Есдүгээр ангийн урлагийн үзлэгээр Д.Отгонгэрэлийг Ардын жүжигчин А.Долгорыг дуурайлгаж, хувцаслаад, “Аргалд явсан ээж”-ийг нь дуулуулсан. Таарах даашинз олдохгүй болохоор нь ангийнхаа цагаан чүүлээр биеийг нь ороогоод, нүүр амыг нь жигтэйхэн будаж, шунхдаад гаргаж дуулуулсан. Үзэгчид элгээ хөштөл инээсэнсэн” хэмээн хуучлав. Тэгтэл Т.Доржпүрэв “Ангийн ганцхан дуучин нь Отгоо байгаагүй шүү. Тэгж яривал С.Гэндэн, Э.Чой нартайгаа Хамар хашааны гурав гэсэн хамтлагаа байгуулаад амжсан. Сургуулийнхаа урлагийн үзлэгээр шилд­гээр тодронгуутаа хамтлагтаа шууд энэ нэрээ өгөөд уран бүтээлдээ шуударч билээ. Харамсалтай нь ая, шүлэг зохиож дуу хийнэ гэдэг амаргүй гэдгийг тэгэхэд л мэдсэн” гэнгүүт бусад нь “Тэгээд танай хамтлаг хэзээ уран бүтээлийн бие даасан цомгоо гаргах гэж байна” хэмээн тохуурхан асуутал “Гэхдээ өөрс­дийн бие даасан цомог бүү хэл анхныхаа уран бүтээлийг ч гаргаж чадахгүй л явна. Гэхдээ манай хамтлагийнхан тараагүй байгаа шүү” гэцгээн бөөн инээдэм болов. Тэд бас цэргийн баярыг тохиолдуулан аймгийн хэмжээнд жил бүр зохиогддог уралдаант хөгжөөнт “Дэвжээ” тэмцээнд хоёр ч удаа аваргалжээ. Ангиа төлөөлж орсон арав гаруй хүүхдүүд нь бүгд цэрэг хувцсаар жигдэрч байжээ. Тэд “Бүхэл бүтэн цэргийн хувцсаар байтугай оймсоор жигдрэхэд хэцүүхэн байсан тухайн үед манайхан шууд л аймагтаа аваргалсан. Улсын тэмцээнд ч бас амжилттай оролцсон” гэцгээв.

Тэд 1992 онд нэгдүгээр ангид элсэн орсон бөгөөд тухайн үед нэгдүгээр ангиас нь кирилл үсэг бус шууд монгол бичиг зааж эхэлжээ. Гар утас, интернэт, фейсбүүкгүй тухайн үед тэд захиагаар харилцдаг байжээ. Таалагддаг охиндоо хөвгүүд нь захиа бичнэ. Харин охидууд нь захианых нь учрыг олдоггүй байсан тухайгаа тэд “Бидэнд нэгдүгээр ангиас монгол бичиг зааж байгаад дунд ангиас кирилл бичгийг “А” үсгээс нь эхлүүлээд заасан. Ахлах ангиасаа нэгнээ шохоорхож эхлээд, захиа солилцож эхэлнэ биз дээ. Тэгтэл хөвгүүдийн захиа бөөн үг үсгийн алдаа. Наад зах нь Хайртай гэдгээ Хартай гээд эхэлнэ. Й үсгийг нь орхичиход л утга нь шал эсрэгээрээ болчихно” хэмээв. Л.Эбум “Ч.Батбаатараас надад захиа ирэхээр нь үг үсгийн алдааг нь нэгд нэгэнгүй засаад, төгсгөлд нь алдаагүй бичиж сурчихаад намайг үерхье гэж гуйгаарай” гэж бичээд өгчихсөн. Баатараа маань уншчихаад тэр өдөр хичээлээ таслаад алга болчихсон. Хичээлийн дараа би очиж уучлал гуйгаад, маргааш нь хичээлдээ ирж байсан” гэв. Ч.Батбаатар “Өө нээрээ тэгж байсан билүү. Би мартчихаж. Бодвол их ичсэн юм байлгүй” гээд толгойгоо маажив.

Тэд шинэ жилээр гэр гэртээ хоол хийж ирээд ангидаа тэмдэглэдэг байсан гэнэ. Цуйван, будаатай хуурга, бууз баншаа гэртээ бэлдэж ирээд, түүгээрээ ангидаа ширээ засдаг байжээ. Бүр нэг удаа ангийн талаас илүү нь шөлтэй хоол хийгээд иржээ. Зарим нь бүр мах чанаад авчирчээ. Бужигналдаж, тоглож, бүжиглээд орой харих болоход ширээн дээрх хоол унднаас хэн ч хороогоогүй байдагсанж. Тэгэнгүүт нь нохойд бүгдийг нь өгчихдөг байсан тухайгаа ч хөөрөлдөв.

Өмнө нь тэд Зая гэгээн Лувсанданзан Пүлжин­жигмидийн их дацанг барихад өргөл өргөсөн бол энэ удаад “Их майдар” төсөлд хандив өргөхөөр тогтсон юм. Түүнчлэн энэ жил Хотонт сумын төрөлх дунд сургуулийнх нь 90 жилийн ой тохиож байгаа учраас газар зүйн танхимыг тохижуулж өгөхөөр болжээ. Учир нь тэд газарзүйн хичээлдээ тун ч сонирхолтой байж.

Багш Ч.Оюунгэрэл “Манай ангийнхан чинь төгсөлтийн монгол хэл, математикийн шалгалтаа бүгд онц сайн дүнтэй өгсөн. Энэ нь манай сургуулийн түүхэнд анх удаагаа 36 сурагч бүгд ийм өндөр дүнтэй шалгуулсан тохиолдол болсон. Ангийн маань тааруухан сурдаг хүүхдүүд хичээвэл сайн сурч болох юм байна гэдгийг өөрснөө дор бүрнээ сайн ухамсарлацгаасан. Тийм ч болохоор оюутан болоод багш нарынхаа чихийг халууцуулж, эцэг эхийнхээ нүүрийг түлээгүй. Одоо хэн ч асуусан эрхэлсэн ажилтай, тогтсон байр суурьтай та нараараа бахархаж байна” гэсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *