Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны тэргүүн Д.Бат–Эрдэнэтэй “Coal Mongolia” чуулга уулзалтын үеэр уулзаж Тавантолгойн эргэн тойронд өрнөж байгаа үйл явдал, уул уурхайн салбарын зарим асуудлаар ярилцсан юм.
–Нүүрсний зах зээл уналттай байгаа үед Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хийх гэрээ үзэглэх шатандаа ороод байна. Салбарын мэргэжилтний хувьд та энэ чуулганаас юу хүлээж байна вэ?
-Тавантолгой, Нарийн сухайт гэсэн хоёр том ордоос нүүрсний экспорт голлон хийгдэж байна.
Янз бүрийн шалтгаанаас болоод хоёулаа хүнд байдалд орчихсон байгаа. М.Энхсайхан сайдын ахалсан ажлын хэсэг Тавантолгой төслийг явуулахаар ажиллаж байна. Энэ төслийг хурдан шуурхай явуулах ёстой. Тэгэхгүй бол бараг 5 жил ярьсан асуудал дахиад 10 жил яригдах байдал руу шилжинэ. Яг өнөөдөр их зөв хөрөнгө оруулагч орж ирсэн байгаа. Хэдий зах зээл нь хүнд байгаа ч тохироо бүрдсэн энэ үеийг зөв ашиглах ёстой. УИХ хоёр долоо хоногийн дотор шийднэ гэсэн, хурдхан шийдвэрлээд 5-р сар гэхэд хөрөнгө оруулагч талд ажлаа эхлэх боломжийг нь олгох нь Монгол улсын эрх ашигт нийцнэ.
–Хэрвээ шийдэхгүй улс төржүүлээд өнгөрөх юм бол эдийн засагт ямар хор хохирол ирэх вэ?
-Тавантолгойг улс төржүүлээд, популизм хийдгээрээ хийгээд, яваад байх юм бол байдал маш хүндэрнэ. Ажлын хэсгийнхэн олон мянган хүн ажилтай орлоготой болж, үндэсний олон аж ахуйн нэгж ажил үйлчилгээ авч, улсын төсөвт орж ирэх мөнгөний тоо хэмжээг бэлээхэн хэлээд байгаа. Хэрвээ энэ төслийг зогсоочихвол энэ бүхэн бүгд үгүй болно. Нэг ёсондоо манай улсын төсөвт нэг том нүх гараад ирнэ. Ажил хайсан хүмүүсийн итгэл найдвар, ирээдүйгээ бодсон хүмүүсийн урам зориг унтрах байдал руугаа орно. Бас нэг зүйл хэлэхэд, бид нар хамаг баялгаа цөлмөж байна, хойч үедээ үлдээх ёстой гэж ярих боллоо. Зориуд хэлэхэд, ямар ч юмыг зогсооход маш амархан байдаг. Харин юмыг хийхэд маш хэцүү. Тавантолгойн уурхай, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц гээд энэ бүхнийг ажиллуулах маш хэцүү. Тавантолгойг зогсоохын төлөө яваа хүмүүс энийг мэдэхгүй. Яг тэнд хийж бүтээсэн хүмүүс бол үнэ цэнийг нь мэднэ. Зогсоохдоо тулбал хоёрхон өдрийн дотор зогсоочихож болно. Би тэр аливааг зогсоохын төлөө ажилладаг хүмүүст нэг зүйлийг хэлмээр байна. Та нар зогсоож болно. Багануур зогсчихвол Улаанбаатар зогсоно, Эрдэнэт зогсчихвол бас л байдал хүндэрнэ. Тавантолгой зогсвол бид нар буцаад өмнөх зуун жил рүүгээ орно шүү.
–Тавантолгойн ордыг эргэлтэнд оруулахыг эсэргүүцэгчид улс төрийн шийдвэр гаргах түвшинд ч байх шиг байна.
-Уурхайнуудыг зогсоохыг хүсдэг хүмүүст хэлэхэд, тэнд ажилладаг олон мянган уурхайчин та нараас болж ажилгүй болно. Тэдэнд та нар цалинг нь өгөх үү гэж асуумаар байна. Тэдний гэр орныг хэн тэжээх вэ? Нэг ёсондоо ямар ч үйлдвэр барьж, татвар төлж, компани удирдаж үзээгүй хүмүүс тийм юм ярихаар их муухай сонсогддог. Үнэхээр юм хийдэг, бүтээдэг хүмүүс нь ажлаа хийгээд л явж байна. Уурхайчдад хэлэхэд, та нар ч гэсэн өөрсдийгөө хамгаалмаар байна. Байнга л нэг тийм үл бүтэх хүмүүст дээрэлхүүлж, доромжлуулж байхын оронд өөрсдөө нэгдээд бодит байдлаа хэлэх хэрэгтэй. Хэдэн мянган хүнийг ажилтай болгосон, хэдэн тэрбум төгрөгийн татвар улсад төлснөө нэгдэж нийлээд ярьцгаах ёстой. Өнөөдөр уурхайнууд зогсчихвол Монгол улс маш хүнд байдалд орно, үүнийг хүн бүр мэдэж байгаа.
–Тавантолгой орд төмөр замгүйгээр явахгүй нь ойлгомжтой байна. Гэтэл энэ төмөр зам чинь их ашигтай байна, ийм ашигтай төмөр замыг хувийн хэвшилд өгөх гэж байна гэсэн яриа гарч байна.
-Тавантолгойгоос Гашуунсухайт руу, Нарийнсухайтаас Шивээхүрэнгийн боомт руу 2010 онд төмөр зам тавих зөвшөөрлийг хувийн хэвшлийнхэнд олгоод, компаниуд нь гэрчилгээгээ авчихсан. Тэр байтугай санхүүжилтээ босгоод төслөө хийчихсэн явж байсан юм шүү дээ. Компаниуд мөнгөтэй байхад манай Засгийн газар энэ ажлыг зогсоосон. Тэгээд өөрсдөө мөнгө гаргаад барина гээд 5 жилийн хугацаанд хийсэн бүтээсэн юм юу ч байхгүй, одоо дахиад л өөрсдөө хийх юм гэнэ. Хэрвээ тэр үед хувийн хэвшлийнхэн төмөр замаа барьчихсан бол бид өнөөдөр ийм байдалд орохгүй, байдал шал өөр байх байсан. Бас нэг жишээ хэлье. Оюутолгой өнөөдөр эрчим хүчээ Хятадаас авч байна. Гэтэл 2010 оны үед хувийн хэвшил 250 МВт-ын цахилгаан станц Тавантолгой дээр барьчихъя, Оюутолгой Даланзадгадыг хангая гэж байсан. Гэтэл бас л тэр үеийн Засгийн газар шийдээгүй. Өнөөдөр Оюутолгой Хятадаас цахилгаанаа авч байна. Хэрвээтэр үед Засгийн газар зөв шийдчихсэн бол Оюутолгойн Хятадад өгч байгаа тэр их мөнгийг Монголын эдийн засагт үлдээж болох л байсан. Хамгийн марзан нь яг тэр үед, хаа байсан Хэнтий аймгийн Чандаган талд 600 МВт-ын цахилгаан станц барих эрхийг ганц хүний Хятад компанид өгчихсөн байдаг юм. Тэр үеийн сайд юу бодож байсан юм бэ?Жинхэнэ хэрэгтэй Тавантолгойд станц барих зөвшөөрөл олгоогүй хэрнээ, хэнд ч хэрэггүй газар нь бүр 600 МВт-ын эрх олгочихсон байгаа юм. Тухайн үеийн Засгийн газар улс эх орныхоо эсрэг шийдвэрүүд гаргасан гэж надад санагддаг.
Н.ГАНСҮХ