Categories
гадаад мэдээ

Гэн Шуан: Амжилтад хүртлээ хэлэлцээг үргэлжлүүлнэ

АНУ нь худалдааны дайнаа үргэлжлүүлбэл Хятадын тал асуудлыг нааштай шийдэх хүртэл гэрээ хэлэлцээгээ үргэлжлүүлнэ хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мягмар гаригт мэдэгджээ. Тэрээр “Манай улс худалдааны дайныг хүсэхгүй байгааг бидний өмнөх туршлага бэлхнээ харуулна. Үүнээс бид огт айхгүй байна. Асуудлыг нааштай шийдэх хүртэл бид гэрээ хэлэлцээгээ үргэлжлүүлнэ” гэжээ. Гэн Шуан энэ тухай Бээжин хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп саяхан Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах импортын татварыг нэмэхээ мэдэгдсэн. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч онцлохдоо “Вашингтон хоёр улсын хооронд өрнөөд буй нөхцөл байдлыг үнэн зөв дүгнэнэ гэдэгт бид найдаж байна. Манай улсын эрх ашгийг дутуу үнэлэхгүй гэдэгт итгэж байгаа” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт хоёр орны төлөөлөгчид дээрх асуудлаар ээлжит уулзалтаа хийсэн ч үр дүнд хүрээгүй. Энэ нь Д.Трамп тус улсын бараа бүтээгдэхүүнд ногдуулах 10 хувийн татварыг 25 хувь болгож нэмэх шийдвэр гаргасантай холбоотой. Мөн тэрээр Хятадын тус улсад нийлүүлэх зөөврийн компьютер зэрэг 300 тэрбум ам.доллар бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг ч нэмнэ гэдгээ мэдэгдсэн. Хятадын тал АНУ-ын 60 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварыг ирэх зургадугаар сарын 1-нээс мөн нэмнэ гэсэн хариу мэдэгдэл хийжээ.

Дээрх хоёр орны хооронд өрнөөд буй зөрчилдөөн нь хөрөнгийн зах зээлд савлалт үүсгээд байна. Өнгөрсөн даваа гаригт Бээжин шийдвэрээ танилцуулсны дараа Америкийн хөрөнгийн биржийн үндсэн индексүүд унажээ. Тухайлбал, аж үйлдвэрлэлийн Dow Jones индекс 2.44 хувиар буурчээ. Ингэснээр Америкийн аж үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч 30 компанийн хувьцааны хэлбэлзлийг харуулдаг Dow Jones индекс 25.309.52 нэгжид хүрсэн байна. Харин Америкийн хамгийн өндөр үнэлгээ бүхий 500 компанийн хувьцааны хэлбэлзлийг илтгэдэг S&P 500 индекс 2.41 хувиар буурав. Технологийн компаниудын хувьцааны хэлбэлзлийг харуулдаг NASDAQ индекс 3.31 хувиар тус тус буурчээ. Харин Хятадын хөрөнгийн биржүүд өнгөрсөн мягмар гаригийн арилжаагаа уналтаар эхлүүлжээ. Хонконгийн хөрөнгийн биржийн Hang Seng индекс 599 нэгжээр буурч 27.951 нэгж болсон байна. Сануулахад, өнгөрсөн даваа гаригт Хонконгийн хөрөнгийн бирж үндэсний баярын улмаас ажиллаагүй юм байна.

Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн мягмар гаригт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, В.Путин нар Сочи хотноо уулзах тухай мэдээ цацагдсан. Энэ талаар Оросын төрийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Д.Песков сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ “АНУ, Хятадын хооронд өрнөөд байгаа худалдааны дайн нь дэлхийн эдийн засагт нөлөөлж, хасах үзүүлэлттэй гарах нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь ОХУ-д ихээр нөлөөлөх нь юу л бол. Мэдээж тодорхой хэмжээний нөлөө байгаа ч манай улсыг үүнд хутгах шаардлагагүй. Учир нь Оросын эдийн засаг харьцангуй тогтвортой байгаа” гэсэн тайлбарыг өгчээ. Д.Песков цааш нь “ОХУ аль ч тохиолдолд Хятад улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ. Тус улс бол манай гол түнш” гэж мэдэгджээ. Тэрээр “Хятад ба АНУ нь худалдааны дайн хийж болно. Гэвч энэ бол бидний үүсгэсэн дайн биш. Орос улс дээрх хоёр улстай хэвийн харилцаатай хэвээр л байна” гээд Хятадын дарга Си Жиньпин ОХУ-д айлчлахтай холбогдуулан бэлтгэл ажил идэвхтэй явагдаж буйг онцолжээ.

АНУ, Хятадын худалдааны дайн 2018 оны долдугаар сараас эхэлсэн. Одоо ч үргэлжилсээр байна. Тухайн үед хоёр улсын хооронд гаалийн тарифыг харилцан нэмэгдүүлэх асуудлыг хөндөж байсан ч санал зөрөлдсөн. Дашрамд хэлэхэд, ирэх зургадугаар сард Японы Осака хотноо “Их 20”-ийн уулзалт болно. Энэ үеэр В.Путин, Д.Трамп нар уулзаж магадгүй гэсэн мэдээлэл хөвөрч байна. ОХУ-ын Сочи хотноо айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео уг асуудлаар Оросын төрийн тэргүүнтэй ярилцаж магадгүй гэсэн мэдээ ч байгаа юм. Гэвч албан ёсоор батлагдаагүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *