Categories
мэдээ улс-төр

Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар яг одоо Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүдийн асуултад Х.Тэмүүжин сайд болон ажлын хэсгийнхэн хариулж байна.
Энэ хууль нь шоронжсон бодлогоос татгалзах, гэмт хэрэг зөрчлийг ялгах, хариуцлагыг үйлдсэн хэрэгт нь тааруулан оногдуулах, хүүхдийн эсрэг хүчирхийллийн хариуцлагыг чангалах, гүтгэлэг, доромжлолыг иргэний хуулиар шийдэх зэрэг шинэлэг зохицуулалтууд агуулсан бөгөөд одоо үйлчилж буй Эрүүгийн хуулийг нэрнээс нь эхлээд үзэл баримтлалын хувьд өөрчилж буй юм. 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулсан 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн харилцааны өөрчлөлтийг харгалзан уг хуульд есөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоох болон гэмт хэрэгт тооцох нөхцлийг тодорхой болгох, шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хуульчлах, Монгол Улс нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, түүнчлэн бусад хууль шинээр батлагдаж, бусад хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор хийгдэж иржээ. Харин өнөөгийн нийгмийн харилцааны хөгжил, эрэлт хэрэгцээтэй холбон авч үзвэл Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсийг Эрүүгийн хуулиар бүрэн дүүрэн хамгаалж чадаагүй, даяарчлагдаж буй эрин үед олон улсын нийтийн эрх зүйн хөгжлөөс хоцрогдох хандлагатай байна.
 Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим, улс орны хөгжлийн шаардлагад нийцсэн, урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох чадавхтай эрүүгийн хууль тогтоомжийн тогтолцоог бүрдүүлж, ялын бодлогыг оновчтой үр нөлөөтэй, олон сонголттой болгох”-оор заасантай нийцүүлэх, Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх талаар нарийн судлан үзсэний үндсэн дээр Гэмт хэргийн тухай хуулийн төслийг /Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга/ боловсрууллаа. Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээгээр оролцогч улсуудад “үндэсний хууль тогтоомжоор зохицуулахыг үүрэг болгосон” 56 асуудлыг зохицуулаагүй буюу хуульчлаагүй байна. Энэ тоог Монгол Улсын Эрүүгийн хуулийн зүйл заалтын тоотой харьцуулахад тус хуулийн заалт 18 хувиар нэмэгдэж, өөрчлөгдөх бүрэн үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн долоон зарчмын тав нь буюу 71 хувь нь хэрэгжих боломжгүй байдлаар тусгасан нь тухайн хуулийг шинэчлэн найруулах үндэслэл болсон гэдгийг Хууль зүйн сайд илтгэлдээ дурдав.