Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн гамшгаас урдчилан сэргийлэх хэлэлцээрт гарын үсэг зурав

БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Бүс ба зам” санаачилгын хүрээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлттэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх механизмыг бий болгож, хамтран ажиллах талаар Монгол Улс дэмжин оролцохоо илэрхийлэн, хэлэлцээрт хүрсэн баримт бичигт гарын үсэг зурав.

БНХАУ-ын Онцгой байдлын яам, Сычуан мужийн Ардын Засгийн газар болон БНХАУ-ын Газар хөдлөлтийн агентлагаас хамтран Чэнду хотноо зохион байгуулж буй “Вэнчуаны Газар хөдлөлтийн 10 жилд зориулсан Хүндэтгэлийн хурал”-д Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Хурлын үеэр БНХАУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд, Газар хөдлөлтийн агентлагийн дарга Др. Жэн ГуоГуан Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Др, Профессор Д.Рэгдэл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар ирэх долоодугаар сард Улаанбаатар хотноо зохиох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёр дугаар бага хуралд Др. Жэн ГуоГуан оролцож, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн гарын үсэг зурах, хурлаас батлагдан гарах “Улаанбаатарын тунхаг” баримт бичигт БНХАУ-ын холбогдох байгууллагууд газар хөдлөлтийн болон байгалийн гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлж ажилладаг талаар танилцуулан, өөрсдийн саналыг тусгуулах талаар ярилцан тохиролцлоо.

Тус хэлэлцээрт манай улсаас гадна Армени, БНХАУ, Этиоп, БНСУ, Мьянмар, Непал, ОХУ, Сингапур зэрэг улсуудаас гадна Азийн Газар хөдлөлт судлах хороо болон Африкийн Газар хөдлөлт судлах хороо нэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *