Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Газар газрын тэнэгүүдийг ганц ганцаар нь байлгадаг хуультай

Монголд урин дулаан цаг хэдийнэ иржээ. Улаанбаатарын гудманд улиасны унгирал хийсч, хаа сайгүй навч цэцэгсийн анхимал үнэр ханхлах диваажингийн улирал айлсаж байна. Их хотын үдшийн намууханд зөөлөн салхи сэвэлзэхийн тоолонгоор нялх ногооны үнэр сэнхийж сэтгэлийн цэнгэл амсуулах нь таатай. Үүрийн өмнөхөн бороо орж, гудамж талбай нүүрээ угаасан юм шиг гялалзаж гялтганаад, үүлээ хөөсөн тэнгэрийн дор хүмүүн гэгч дэндүү жаргалтай. Хахир хатуу өвлийг мартагнан, суунагласан хар утаанаас салж цээж тавирах урин цаг гэдэг монголчууд бидэнд бурхнаас илгээсэн бэлэг юм. Охид бүсгүйчүүд маань нимгэн дэгжин хувцаслаж, үзэсгэлэн төгөлдөр алхлах нь сайхан. Улаанбаатарын зүсээ гоодсон сүйт бүсгүй шиг ийм л ер бусын тансаг орчин, диваажингийн цагтай цуг монгол архичдын цугладаг сезон, шизо хоёр эхлэх нь аймшигтай.

Цэлмэг хөх тэнгэрийг гэнэт нэвсийлдсэн хар үүлс бүрхэх мэт сэтгэлд уй гуниг төрнө. Амьтад ичээнээсээ гарч ирэх шиг архичид ноолорсон үүрнээсээ өрвөлзөн өндийцгөөж байна. Архичдын үй олон бүлэг түрүүчээсээ гарч ирээд улаа үзсэн том хар шувууд адил эргэн тойрноо хорслын нүдээр ширтэж пөөнийлдөн сууцгаах ажээ. Багшийн дээд, Цирк, Урт цагаан, Зуун айл, арваннэгдүгээр хороолол, Бөхийн өргөө, Баянзүрх зах, гурав, дөрөвдүгээр хороолол, Хар хорин зах, Сонгинохайрхан дүүрэг, Хангай зах, Төмөр зам, Барс зах, ХанУул дүүрэг, хуучин Цагаан хаалга, Баянзүрх дүүрэг, Да хүрээ, Улиастайн орчим гээд архичдын маш олон бүлэглэл бий. Үндсэндээ Улаанбаатар хотод архичдын бүлэглэлгүй дүүрэг бүү хэл, хороо ч байхгүй гэхэд болно.

Уранхай ноорхой хувцастай архичин тэнүүлчид архиа хувааж ууж, энд тэндхийн хогийн цэгээс түүж олсон хоолоо хувааж идээд гудамж талбайд газар сайгүй архайлдан хэвтэцгээж байна. Тэднийг ажихад цөөвөр чонын сүрэг хооллосныхоо дараа санаа амгалан нарлаад хэвтэж байгаа юм шиг харагдах нь бий. Үнэхээр л Улаанбаатарын архичин тэнүүлчид байр байшингийн энгэр ээвэр газарт арван хэдүүлээ, хорин хэдүүлээ, хамгийн багадаа гэхэд долоо наймуулаа бөөгнөрөлдөн хэвтэнэ.

Эргэн тойрноо улаан нүд эргэлдүүлэн харах тэд маш аюултай. Ойр орчимд яваа хүмүүсийг хоргоож, үг өдөж, үг сөрж, араас нь элдэв дээдээр хэлж доромжилно. Хамгийн гол нь охид бүсгүйчүүдийг айлгаж ичээж, сэтгэл зүйн гүн “шок”нд оруулж байна. Гоё ганган охидын хормой хотыг сөхөх, бөгсийг нь барьж бах таваа хангах, мэдээж үгэнд нь ороогүй, ойртохоос огиудас нь хүрч буй нэгнийг завхай зайдангаар дуудаж, тухайн газар орчинд нүүрээ хийх газаргүй болгон доромжлох нь энүүхэнд.

Гэвч эдгээр адгийн шааруудад Монгол Улсын ямар ч хууль дүрэм үйлчилдэггүй нь хамгийн аюултай. Архичин тэнүүлчдийг боль гэж зандарч загнах хүн байхгүй. Тэдэнд үг хэлж ойлгуулах нь байтугай ойртохоос сэжиг хүрч, айн жигшдэг байх л даа. Баривчлаад ямар ч ашиггүй, үр дүнгүй учир цагдаа нар зууралддаггүй. Зууралдлаа гээд хаана аваачих, ямар газар хорьж цагдах нь тодорхойгүй, үндсэндээ аваачих газаргүй учир зөнд нь орхидог. Монголын нийгэмд архичин, тэнүүлчин, хог түүж хооллодог ийм нэг дархлагдчихсан, хүн алж, хүчин үйлдэж юу ч хийхээс сийхгүй аймшгийн бүлэглэл бий болоод удаж байна.

Саяхан даа, Маршалын гүүрний тэнд хүн алаад цогцсыг нь шатаасан хэрэг гарсан. Гэр оронгүй, тэнэмэл архичид үйлдсэн нь тогтоогдсон. Энэ мэтээр тэнэмлүүдийн ил далд үйлдэж байгаа гэмт хэргийг баримжаалах аргагүй. Тэд урин дулааны улиралд шөнөөр баар цэнгээний газрын ойролцоо хэд хэдээрээ сүрэглэн явдаг. Учир нь баарнаас согтуу гарч ирсэн, өөрийгөө хянах чадваргүй болсон хүүхнүүдийг авч явж ноолорсон ноорхой оромж, байрнуудын орц хаа сайгүй аваачиж хүчирхийлдэг. Эргүүлийн цагдаа таарвал өнөө бүсгүйчүүд эрүүлжүүлэхэд очно, эс таарвал тэнүүлчдийн зугааг гаргаад өнгөрнө. Эдгээр нийгмийн шааруудыг одоо яах вэ. Энэ чигээр нь давраагаад, иргэдийнхээ амар тайван байдалд аюул учруулсаар байх уу.

Монгол Улс төртэй, хууль цаазтай. Архичин тэнүүлчдийн асуудлыг цэгцлэх зоримог алхам нэн даруй хийх хэрэгтэй байна. Яг энэ тал дээр дэлхий нийтийн туршлага ямар байдаг юм бол, гадны улс орнууд архичдаа яаж зохицуулдаг дүрэм журамтай юм бол гэдгийг гадагшаа явж ирсэн хүмүүсээс асууж, тэр талаар мэдээлэл цуглуулж үзлээ. Тухайлбал, Америкт баримталдаг дүрэм байна. Америк олон зуун сая хүн амтай болоод ч тэр үү, архичин тэнүүлчид олонтой байх нь дамжиггүй. Гэвч ердөө ганцхан дүрэмтэй ажээ. Архичдыг тэнэж болно, тухайн гудам хорооллын ойр орчимд амьдарч болно. Зөвхөн ганц ганцаараа байх ёстой гэх дүрмийг мөрдлөг болгон баримталдаг байна. Ганц цөөвөр ямар ч аюулгүйг америкчууд мэдэж байгаа. Мөн сүрэг цөөвөр ямар аюул хорлолтойг ч мэдэж байгаа.

Энэхүү хууль дүрэм ёсоор нэг газар хоёроос дээш тэнүүлчин бөөгнөрч, цуглаад ирвэл цагдаа шууд баривчилдаг байна. Хоёр болон түүнээс дээш архичин нэгдвэл тухайн орчинд дуу шуу гаргаж, эмх замбараагүй байдал үүсгэх, хэрүүл зарга хийж яршиг төвөг уддаг нь ойлгомжтой. Яг л манайх шиг ийм байдал үүсдэг учир хоёроос дээш хүн бөөгнөрч болохгүй гэх хатуу шаардлагыг тулгадаг ажээ. Хэрвээ хууль дүрмээ сахиагүй тохиолдолд тухайн архичинг тэнүүлчдийн байр гэж хоноглодог тусдаа газар аваачаад хорьчихно. Тэр газар нь өөрийн гэсэн чанга дүрэм дэглэмтэй, чадалтай нь чадалгүйгээ бүүрэлхэж дээрэлхдэг шоронгоос ч аюултай. Тэнүүлчдийн байранд баривчлагдаж хоригдохоос архичид нь шээсээ савиртал айдаг байна.

Ийм учраас Америкийн тэнүүлчид ганц ганцаараа байдаг. Нэг дор хоёр тэнэмэл нэгдвэл нийгмийг сүйдэлчихнэ гэдгийг тэд олон зуун жилийн туршлагаасаа ойлгож мэдэрчээ. Харин Монголд хорин тэнэг нийлчихээд хотыг маань баллачих гээд байна шүү дээ. Ганц ганцаараа байдаг архичид тухайн орчинд байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, гаж буруу зүйл хийж хор уршиг учруулдаггүй нь амьдралын хуулиар баталгаажсан зүйл. Манай нийслэлийн удирдлага, хотын захиргаа, цагдаа сэргийлэхийн бүрэлдэхүүн Америкийн архичин тэнүүлчдээ ганц ганцаар нь байлгах хууль дүрмийг баримталж ажиллах хэрэгтэй байна. Тэнүүлчдийг хорьж цагддаг тусгай байр савтай болгомоор байна. Тэнд нь дэг журам сайтар мөрддөг, шоронгоос ч хатуу нөхцөлтэй байх нь зүйд нийцнэ.

Мөн олон нийтийн газар цуглан зах замбараагүй ил цагаан архидаж буй нөхдийг нийгмийн хэв журам зөрчлөө гэж албадан баривчлаад Улаанбаатарын гудамжны хогийг түүлгэж шийтгэх нь зөв. Хуучин 111 гэж баривчлах газар байсан, одоо байхгүй болсон. Хууль ёсны эдгээр арга хэмжээг авч хүн бүгдийг үүрэгжүүлж хариуцлагажуулахгүй бол бөөсөндөө баригдлаа гэдэг шиг Монгол Улс архичдадаа бүүрэлхүүлж дууслаа. Газар газрын тэнэгүүдийг ганц ганцаар нь байлгадаг хуультай юм билээ гэж бичээд байгаа минь ийм учиртай. Дэлхийн иргэншсэн орнуудын хагас мянган жилийн туршлага монголчууд бидэнд бэлээхэн байгаа гэдгийг эцэст нь сануулъя.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *