1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхэн үеэр эрэмгий дайчин барилдаанаараа бөхийн хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлж, дэлхийн дэвжээнд ур чадвар уран гоё барилдаанаараа гайхагдаж явсан хүчтэн бол самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн залуучуудын аварга, дэлхийн цомын аварга, гавьяат тамирчин, нэрт дасгалжуулагч Галдангийн Жамсран билээ.
Өдгөө Багахангай дүүргийн спорт хорооны даргаар ажиллаж буй Г.Жамсран багшийнхаас энэ дугаарын “Танайд өнжье” булан хүрч байна.
Амралтын өдрийн өглөө аажуухан босч Жамсран багш руу утас цохиход шавь нартайгаа л бужигнаж байгаа бололтой, шуугилдаж байна. Цаг товлож бага үдийн алдад Сансарын Баянцээлийн ойролцоох гэрт нь хүрч очиход халуун бүлээрээ цуглажээ. Г.Жамсран багш гэргий Б.Буянхишигийн хамт ач, зээгээ тойруулаад сууж байлаа.
“Өглөө хэдэн хүүхдүүдийн бэлтгэл хийлгэж байгаад сая тарлаа” гэсээр биднийг угтсан юм. Том өрөөнийхөө хойморт урт гэгч нь тууз хадаж, медалиудаа эгнүүлээд өлгөчихжээ. Бөхийн самбо барилдааны залуучууд болон насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж байсан хоёр мөнгөн медалиа зэрэгцүүлж хадсан нь нүдэнд тод туслаа. Дээрх хоёр медалийг нэг онд авч байсан талаараа Жамсран багш хуучилсан юм.
Залуучуудын ангилалд барилддаг байхдаа л жингийн ах нараа ялж дэлхийн дэвжээнд өндөр амжилт үзүүлж байж. Хананд өлгөөтэй туузан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн 11 медаль гялалзаж байна.
Г.Жамсран багш Увс аймгийн Тэс сумынх. Тэрбээр “Миний аав Галдан сургууль соёлын мөр хөөж сумандаа дарга хийж насыг элээсэн хүн. Увсын Тэс суманд Шараахан гэж овог байдаг юм. Дээд үедээ хүчтэй бяртай улс байсан гэлцдэг. Би ч Шараахан удмын хүн. Энэ удмаас тив дэлхийн хэмжээнд барилдаж өндөр амжилт үзүүлсэн хүмүүс олон бий. Миний төрсөн дүү Г.Баатарсүрэн дэлхийн залуучуудын аварга, ахын маань хүү гавьяат тамирчин Дамдинсүрэнгийн Нямхүү олон жил сайн барилдсан. Мөн эгчийн маань хүү гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир олимп, дэлхийн аваргын хүрэл медальтай тамирчин” гэсэн юм.
Ардын багш Д.Сэрээтэр, өөрийн шавь улсын арслан Ц.Содномдорж нарын хамт.
Г.Жамсран багшийг бөхийн замд Тэс сумын биеийн тамирын багш Д.Чойжилсүрэн хөтөлжээ. “Намайг дөрөв, тавдугаар ангид байх үеэс Д.Чойжилсүрэн багш бөхийн секц хичээллүүлж эхэлсэн. Суманд тусгай заал танхим гэж байхгүй. Нэг ангийг чөлөөлж байгаад бор эсгий давхарлаж дэвсээд л хоорондоо барилдана. Хичээлийн байр галлагаатай болохоор түлээ модоо ч өөрсдөө бэлтгэнэ. Баахан ноцолдож байгаад босоод ирэхэд өмссөн хувцас, ам хамраар л бөөн хялгас болчихно. Дур байхад тэр зэрэг бол юу ч биш. Манай секцнээс аймгийн арслан Балдорж, Гүржав гээд олон сайн бөх төрсөн” гэж бөхийн ертөнцтэй анх танилцсан дурсамжаа хуваалцлаа.
Тэрбээр ахлах ангидаа нийслэл хотод ирж чөлөөт бөхийн шилдэг дасгалжуулагчдын нэг Хангайн Намшир багшийн шавь болжээ. “Намшир багш надад бөхийн үнэр, тамир суулгасан” хүн хэмээж хүндэлж явдгаа хэлж байв.
Г.Жамсран багш үндэсний бөхийн аварга, арслангуудын баяр наадмын бэлтгэлийг тааруулахдаа мэргэшсэн хүн.
Энэ цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж буй Увсын аварга, арслангуудын амжилтын ард Жамсран багшийн ур ухаан, эрдэм мэдлэг явдаг ажээ.
2012 онд П.Бүрэнтөгс гэж залуу аймгийн арслан цоорч улсын наадамд түрүүлэхэд бэлтгэлийнх нь ирийг Г.Жамсран багш тааруулсан гэнэ. Мөн улсын арслан Ц.Содномдоржтой хамтарч ажиллаж улсын наадмын түрүү хүртсэн байна. Өнөөдөр ч Ц.Содномдорж арслантай хамтарч ажиллаж байгаа гэнэ. Тэд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор том шуугиан тарихаар аль хэдийнэ бэлтгээд эхэлжээ.
“Би шавь нартаа холыг хар, хоёр жилийн дараа хэн байхаа төлөвлөж түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлө, өнөөдрийн ялагдал хамаагүй гэж хэлдэг юм. Өнөөгийн хүүхдүүд тэмцээнд ганц нэг ялагдаад шантрах гээд байдаг болчихсон. Надад Увс, Хэнтий, Хөвсгөл, Ховд гээд аймгуудын олон шавь бий. Тан дээр бэлтгэл хийе гээд ирсэн хүүхдийг буцааж чаддаггүй юм. Нутгархдаг, жалга довны үзэл гаргадаг багш дасгалжуулагч нар хаа нэгтэй таарж л байдаг. Багш хүн тийм байж болохгүй” гэв. Тэрбээр улсын арслан Ц.Содномдоржийн талаар “Содном сийрэг толгойтой, шатар сайн тоглодог хүүхэд. Барилдааны торгон мэдрэмжтэй, ямар ч хэцүү нөхцөл байдлаас, ямар ч мэх хийх чадамжтай онцгой бөх. Аварга болох боломж түүнд байгаа” хэмээв.
Түүнтэй өнгөрсөн наадмын талаар хуучлахад “Наадмын өмнө “Увс нуур” гал руу очиход П.Бүрэнтөгсийг Т.Баасанхүү харцага л хаячихаад байсан. Бэлтгэл нь таараагүй, нэг их сайнгүй л харагдаж байлаа. Би ч дотроо “Энэ жил Бүрэнтөгс дээшээ барилдахад хэцүү юм байна” гэж санаад л өнгөрсөн. Харин наадмаар богинохон хугацаанд сэргэлт аваад их гоё болоод гарч ирсэн” гэлээ.
Тэрээ цааш нь “Батсуурь аваргын аав Намсрайжав харцага бид дотно нөхөрлөдөг юм. Батсуурь чинь айлын эрх хүүхэд. Өөрийнхөө барилдааныг олчихсон, хэнтэй яаж барилдахаа оновчтой тооцоолдог бөх. Энэ цагт барилдаж байгаа бөхчүүдээс дархан аварга цолонд хамгийн ойрхон нь Батсуурь байсан юм. Харамсалтай нь наадмын дараа асуудалд холбогдчихлоо” гэж нутгийн бөхчүүдийнхээ талаар ярьж байна.
Жүдо бөхийн 81 кг-ын жинд олон жил сайн барилдсан Азийн наадмын аварга гавьяат тамирчин Д.Нямхүү Жамсран багшийн төрсөн ахын хүү юм.
“Нямхүү таван настай байхдаа л жижиг жудоги өмсөөд надтай хамт явдаг байсан. Жүдогийн орчинд л хүмүүжсэн хүүхэд. Олон ч жил сайн барилдсан даа. Олимп дэлхийн аварга бөхчүүдийг жирийн олон улсын тэмцээнд ялаад байдаг ч яг том тэмцээн дээр л бүтэлгүйтчихээд байдаг. Сүүлд зодог тайлахдаа үеэл дүү С.Ням-Очирыгоо мундаг жүдочин болж бэлтгээд явсан. Өнөөх нь ахынхаа дутууг гүйцээж олимп, дэлхийгээс хүрэл медаль хүртсэн” гэлээ.
Жамсран багш үндэсний бөхийн аймгийн арслан цолтой. Тэрбээр Увс аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд түрүүлж арслан цол хүртэж байсан гэнэ.
“Улсын заан Ж.Ганболд бид аймгаасаа шалгарч улсын аварга шалгаруулах барилдаанд ирж барилдаж би түрүүлж байлаа. Тэр чигээрээ үндэсний бөхөөр хичээллэсэн бол гайгүй дээшээ барилдчих байсан болов уу гэж боддог юм. Их спортоор хичээллэж эхэлснээс хойш үндэсний бөхийг нэг их тоохоо больсон. Наадмаар барилдаж хийморио сэргээнэ. Гурав даваад л сэтгэл ханачихна. Нэг жил Ж.Хайдав арслан намайг дөрвийн даваанд амладаг юм. Тэгснээ хэлж байна. “Увсын дөрвөн залуу гурав давчихлаа. Дөрөв давсныг нь би авдаг юм бил үү” гэж байна. Талбайд гарсан хойно “Цаадуул чинь дөрөв давж чадахгүй бол яана аа. Ер нь чи дөрөв давах юм уу” гэдэг байгаа. “Яалаа гэж, та дав” гээд би ч унаад өгсөн” хэмээн хуучиллаа.
ХҮНЭЭС ЮМ АСУУДАГ ХҮН Л АМЖИЛТАД ХҮРДЭГ
Ардын багш Ч.Насантогтох, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, ардын багш Ц.Дамдин, гавьяат тамирчин Г.Жамсран, улсын заан С.Хүрэлбаатар, улсын начин С.Эрхэмбаяр нарын улсын шигшээгийн тамирчид. 1980-аад оны эхэн үе.
Өөрийн дүү нар болох гавьяат тамирчин С.Ням-Очир, Д.Нямхүү нарын хамт.
2008 онд хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр олимпийн аварга болоход Г.Жамсран багш шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар нь ажиллажээ.
“Тэр жил 100 айлын ойролцоо машинаа угаалгаад зогсож байтал Түвшинбаяр “Багш аа, сая Европын цуврал тэмцээнд оролцоод ирлээ. Надаас хол тасарчихсан амьтан алга, боломжийн санагдлаа. Олимпод шаанс байна шүү” гэж хэлдэг юм. Ингээд л дасгалжуулагч гол өрсөлдөгч нарынх нь барилдааны бичлэгийг үзэж барилдааныг нь нарийн судалж арга тактик боловсруулсан. Ингэж очоод л олимпийн аварга болсон байдаг. Түвшинбаяр цаг тутам л багш нараасаа зөвлөгөө авч явдаг чанар нь надад таалагддаг юм. Ер нь хүнээс юм асуудаг, зөвлөгөө авч явдаг хүн амжилтад хүрдэг” гэсэн юм.
Г.Жамсран багшийн эхнэр Б.Буянхишиг мөн л Увс аймгийн Тэс сумынх. Тэрбээр Анагаахын шинжлэх ухааны дээд сургуулийг дүүргэж ХӨСҮТ-ийн сүрьеэгийн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан байна. Насаараа эрүүл мэндийн салбарт ажилласан доктор Б.Буянхишиг өдгөө зөвлөх эмчээр ажилладаг юм байна.
“Намайг ид барилдаж байхад хань минь их түшиг болсон. Дэлхийн дэвжээнд үзүүлсэн амжилтуудын ард миний хань л зогсож байсан. Би бэлтгэл сургуулилт гээд гэрийн бараа бараг харахгүй, арын ажлуудыг миний эхнэр л зохицуулдаг байж дээ. Бэлтгэлээ хийгээд ядарсан амьтан гэртээ ирээд эхнэрийнхээ гарын хоолыг идээд л амрах үнэхээр сайхан” хэмээн Жамсран багш ярив.
Эднийх гурван хүү, нэг охинтой. Хоёр хүү нь инженерийн мэргэжил эзэмшжээ. Охин нь E-Mart худалдааны төвд ажилладаг юм гэнэ.
Том хүү нь жүдо бөхөөр хичээллэж, -100 кг-ын жинд олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын өсөх идэр начин Э.Энхбат хамт барилдаж байсан ч харамсалтайгаар амь насаа алджээ.
“Хүү маань залуучуудын улсын аварга болоод сайн барилдах нь гэж итгэл хүлээлгэж байсан ч харамсалтайгаар амиа алдсан. Хүүгээ алдсаны дараа их хэцүү байсан шүү. Тэнгэр нураад л ирэх шиг болсон. Хэсэг хугацаанд бор дарс ч амсаж явсан удаа бий. Хүн тэгээд ямар ч бэрхшээлийг даваад гардаг” гэж байлаа.
Жамсран багшийн зээ Э.Тэлмэн соробан сампингаар хичээлэдэг. Өвөө шигээ олон медаль цомтой. Соробан сампин хүүхдийн ой тогтоолтыг сайжруулахад онцгой ач тустайг өвөө нь онцолсон юм.
Ач хүүгээ жүдо бөхөөр хичээллүүлэхээр төлөвлөөд буйгаа Жамсран багш дурдана лээ.
1980-аад оны үед дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой алтан медаль хүртсэн тамирчинд гавьяат тамирчин цол олгодог байжээ. Эл нормыг Г.Жамсран багш 1984 онд биелүүлж Ю.Цэдэнбал даргаас гавьяатын тэмдэг авч байсан гэнэ. Улсын заанд З.Дүвчин, боксын Р.Отгонбаяр нарын хамт гавьяат тамирчин цол хүртэж байжээ.
“Гавьяат тамирчин болоод их баярласан шүү. Ю.Цэдэнбал дарга тамирчдад гавьяатын тэмдэг зүүж өгөөд өрөөндөө хүлээж авсан юм. Ширээн дээрх тавганд нь баавгайтай чихэр овоолоод тавьчхаж. Тухайн үед том хүү маань төрөөд байсан юм. Хүүдээ өгөхөөр нэг чихрийг нь аваад л тас атгачихлаа. Хуралдаад л суугаад байсан өнөөх чихэр маань хайлаад л хачин юм болж байгаа юм. Хүний нүд хариулж байгаад л халаас руугаа сэмээрхэн хийгээд л гарч билээ” гэж өөрт тохиолдсон хөгтэй явдлаа ярилаа.
Удахгүй болох орон нутгийн сонгуулийн дараа Г.Жамсран багш Багахангай дүүргийн спорт хорооны даргын ажлаа хүлээлгэж өгөөд дасгалжуулагчийн ажилдаа түлхүү анхаарах гэнэ. Түүний бэлтгэж буй залуу хүүхдүүд ч зэрэг дэвтэй тамирчдыг “айлгаад” эхэлсэн гэнэ. Хэнтийн Бор-Өндөрийн О.Уранбаяр гэж хүү сая зохион байгуулагдсан жүдо бөхийн тэмцээний үеэр дэлхийн аварга, гавьяат тамирчин Ганбатын Болдбаатарыг цэвэр ялж хүрэл медаль хүртэж багшийгаа баярлуулжээ. Жамсран багш Уранбаярыг 73 кг-ын жинд сайн барилдаж хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ гэж итгэл хүлээлгэж байгаагаа онцолно лээ.