Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Гавьяат жүжигчин Б.Дашдондог үндэсний хэв маяг агуулсан “Хү” нэртэй хамтлаг байгуулжээ

Гавьяат жүжигчин Б.Дашдондог үндэсний хэв маяг агуулсан “Хү” нэртэй рок хамтлагийг үүсгэн байгуулсан байна. Уг хамтлагаа байгуулахын тулд долоон жил гаруйн хугацаанд судалгаа хийжээ.

“Хү” хамтлаг гадаадын нэг ч хөгжим оруулалгүй тоглодгоороо онцлог аж. Тус хамтлаг одоогоор есөн дуу гаргажээ. Энэ талаар Хүннү рок төслийн менежер Б. Амар “ Монголд цоо шинэ өнгө аяс, урсгалыг хөгжмийн ертөнцөд оруулж ирж байгаа Хүннү рок төсөл маань хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд шат дараатайгаар уран бүтээлээ гаргасаар байна. Бид удахгүй шинэ цомгийнхоо нээлтийг хийнэ. Ирэх арван нэгдүгээр сард тоглолтоо хийхээр төлөвлөж, бэлтгэл ажил хангагдсан. Одоогоор хүлээлтийн байдалтай байна” гэсэн юм.

“Хү” хамтлаг нь дөрвөн гишүүнтэй. “Чингис хаан”, “Чонон сүлд”, “Амьд зарлиг” нэртэй дуунуудаа цомогт багтаан “Гэрэг” нэртэйгээр гаргахад бэлэн болжээ. Тус хамтлагийн талаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион “Хөгжмийн урлаг бол даяаршсан урлаг. Даяаршиж буй энэ цаг үед үндэсний хэв маяг, уламжлалаа хадгалж морин хуур, цуур, төмөр хуур гэх мэт хөгжмийн зэмсгээр язгуур урлагаа гайхуулж байгаа нь сүүлийн үед харагдаагүй шинэ хэв маяг. Дашкагийн энэ төсөл бол рок хөгжмөө орхилгүй хослуулсан нь Монголд төдийгүй дэлхийд танигдах ёстой. Нарийн сонсвол Дашкагийн хөгжмийн хүмүүжил, өнгө аяс харагдаж байна билээ” гэв.

Сонирхуулахад, “Хү” гэдэг нь хүн төрөлхтөн гэсэн утгатай эртний Хүннүгийн үеэс улбаатай монгол үг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *