Токио, Бээжин, Сөүл зэрэг Азийн томоохон хотуудад замын гарцаар гарч байгаа хүмүүс нэг л их тайван хүмүүс харагддаг. Явган зорчигч гарцаар гарч болно гэсэн ногоон гэрэл асангуут аажуу тайвуу нэвтэрч нөгөө талд гарцгаадаг. Гэтэл манайд энэ дүр зураг эсрэгээрээ. Ногоон гэрэл асангуут гараанаас гарч байгаа морьд шиг түлхэлцээд, урдаас ирж байгаа хүмүүсээ мөрлөөд чухам л юманд хөөгдсөн мэт гүйлддэг. Хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд явсаар замын дунд иртэл өнөө ногоон гэрэл нь улаанаараа эргэлдчихнэ. Гэрэл нь солигдож амжаагүй, явган зорчигч нь замаас гараагүй байхад машин тэрэг нь дайрчих шахаад давхиж ирж тулж зогсоно.
Одоо байгаа гэрлэн дохионуудын ногоон гэрэл асах минут нь 600 мянган хүнтэй байх үеийн Улаанбаатар хотод зориулсан хугацаа. Одоо бол нийслэл хот мега болж нэг эгнээ зам нь хоёроос тав болтлоо өргөжчихөөд байхад явган зорчигчид гарцаар гарахын тулд богино зайн гүйлтийн уралдаанд оролцож байгаа тамирчид шиг гэрэл солигдохтой зэрэгцэн гүйлдэж байна. Ялангуяа нэг урсгалдаа хоёроос дээш эгнээтэй замд. Ахмад настнуудын дунд судалгаа явуулахад Улаанбаатар хотын зарим замын гарцаар гарахад ногоон гэрлийн асах хугацаа нь хэтэрхий богинохон гэсэн гомдол гаргасан байна лээ. Замаа өргөн болгож, машинуудаа шингээдэг болчихсон юм чинь одоо явган зорчигчдоо гарцаар аюулгүй гарах тал дээр нь анхаарал хандуулах хэрэгтэй болж байна. Өвлийн энэ халтиргаа гулгаатай үед арайчүү алхаж байж гарцны цагаан зурвас дээр уралдана гэдэг хэцүү л байна.