Орчин үед аж төрж буй хэнд ч гар утас, компьютер, интернэтээс ангид байх боломж бараг үгүй. Өдөрт дунджаар 16 цаг сэрүүн байдаг гэж тооцоолбол баараггүй арван цагийг нь гар утас, интернэтээс хамааралтай өнгөрөөж байгаа даа.
Энэ бүхэн хүн төрөлхтний хувьд дэвшилтэт технологи мөн ч гэлээ эрүүл мэндэд таатай нөлөө үзүүлэхгүй байгаа. Гар утаснаас ялгарах тодорхой давтамжтай долгион хүний биед ялангуяа тархи, зүрх хоёрт муу гэнэ. Тиймээс шаардлагагүй үед гар утсыг биеэсээ хол байлгаж сураарай. Ялангуяа интернэтэд холбогдсон гар утас биедээ байнга авч явбал нойргүйдэх, хоолны шингэц муудах, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдэг аажмаар нэмэгддэг юм байна. Ялангуяа эрчүүд энгэрийнхээ болон өмднийхөө халаасанд гар утсаа авч яваад хэрэггүй. Энгэрийнхээ халаасанд гар утсаа байнга хийдэг бол зүрхний үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр нөлөөлөх магадлал тун өндөр гэсэн. Харин бүсэлхийнээс доош буюу өмднийхөө халаасанд гар утсаа байлгадаг бол түрүү булчирхайд өөрчлөлт оруулдаг ажээ. Тиймээс гар утсаа цүнхэндээ хийж авч явж байгаарай. Мөн унтахдаа гар утсаа унтрааж байх, эсхүл орноосоо аль болох хол зайд тавьж хэвшээрэй. Унтаж байх үедээ гар утсаа өөртэйгөө хэр ойрхон зайд байлгана тэр хэрээр нойргүйддэг гэж мэдрэлийн эмч нар ярьдаг юм билээ.
Тиймээс гар утсаа ашиглаагүй үед аль болох өөрөөсөө холхон тавьж байгаарай.
Мөн интернэтэд холбогдсон гар утас жирийн үеийнхээсээ хэд дахин их долгион дамжуулдаг болохоор шаардлагагүй үед утасныхаа интернэтийг салгаж хэвшээрэй.
Ер нь та онцын шалтгаангүй байхад сэтгэлээр унаж, нойргүйдэж, бухимдаад байгаа бол гар утас, интернэтийн ертөнцөөс багахан ч болтугай хугацаанд холдохыг зөвлөж байна. Гар утсаараа интернэтэд холбогдон ертөнцийн элдэв хачныг сонирхохын оронд цаасан хэвлэл уншдаг болбол таны биед ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг дуулгая.