“Ганга нуурын чуулган” хэмээх түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын өдрүүдийг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд есдүгээр сарын 21-23-нд зохион байгуулахаар болжээ. Энэ үйл ажиллагааг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, “Нью Жуулчин Турс” компани, Соёл Яруу найргийн Академи нар хамтран зохион байгуулж байгаа гэнэ.
Дарьгангын түүх соёл, өв уламжлал, зан заншил, байгаль экологи, ард иргэдийн ахуй амьдралын хэв маягийг үзүүлэх цогц хөтөлбөрт нүүдлийн шувуудын гайхамшиг болсон Ганга нуурыг хамгаалах ойн зурвас байгуулж, мод тарих, гол усаа аргадах, шашин урлагын зан үйлийг нуурын хөвөөнд зохион байгуулж, Дарьганга уламжлалт соёлыг харуулсан сумдын нүүдлийн үзэсгэлэн, Дарьгангын түүх соёл, мөнгөн урлал, байгаль экологийн эрдэм шинжилгээний хөтөлбөр, уул усандаа зориулсан дуу хуурын тахил, Дарьганга адууны соёл, Жаахан шарга дуугаар бэлгэ дэмлэг болгосон урлагийн тоглолт, Дарьгангын түүх соёлын дурсгалт газруудаар хийх аялал зэрэг олон үйл явдлуудыг багтаажээ.
“Ганга нуурын чуулган” соёл, аялал жуулчлалын өдрүүдийг жил бүрийн намрын дунд сард Ганга нуурын орчимд төвлөрөн, нийт Дарьганга нутгийг хамруулан зохион байгуулах гэнэ.
Хөтөлбөр хээр тал нутгийн өглөөн наранд цай сүүнийхээ дээж өргөх Наран тахилгаар эхэлж, Ганга нуурыг аргадах, хун шувуудыг урих шашин соёлын зан үйл, Ганга нуурын эко системийн хамгаалалт, ойн зурвас байгуулах ажлаар өндөрлөх юм байна.