Categories
мэдээ нийгэм

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио 23-нд дуугарна

Гуравдугаар сарын 7-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх лхагва гаригийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-тэй болох асуудлыг хэлэлцэн баталсан билээ.

Үүнтэй холбоотойгоор гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургалт энэ сарын 23-ны 16.00 цагт орон даяар болох гэж байна.

Уг арга хэмжээг ОБЕГ-аас иргэдэд гамшгаас өөрийн болон бусдын амь насыг авран хамгаалах сургах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэхь долоо хоногийн Пүрэв гарагт зохион байгуулдаг. Дадлага, сургалт нь хоёр үе шаттай байна. Гамшгийн дуут дохио эхний удаа дуугархад иргэд “Нуугд- Суу- Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох юм.

Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаална. Ингэхдээ “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларах ёстой аж.

Дэлхий дахинд тохиолдож буй байгалийн аюулт үзэгдлээс газар хөдлөлт нь урьдчилан таамаглах боломжгүй, гэнэт богино хугацаанд тохиолдож, хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд их хэмжээний хохирол учруулж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх гамшиг юм.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагдаж байна.

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байна. Эдгээр хот сууринд нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдарч байна.

2016 онд улсын хэмжээнд нийт 28000 /шахам газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдсэн бөгөөд Монгол-Алтайн нуруу, Чуй, Цагаан шувуут, Үүрэг нуур, Бүсийн гол, Хангайн өргөгдлийн бүс, Могодын газар хөдлөлтийн голомтын бүс, Улаанбаатар хот орчим Гүнжийн ам, Авдар уул, Эмээлт, Хустайн нуруу зэрэг газруудад газар хөдлөлтийн чичирхийлэлтийн идэвхжилт буурахгүй хэвээр байна.

Тухайлбал, 2000 онд Улаанбаатар хот орчим жилд 200 гаруй удаагийн газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж, тохиолдлын тоо эрс өссөн.

Дээрхи идэвхижилт бүхий газруудад 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд Улаанбаатар хотын барилга байгууламжийн 22-50 орчим хувьд эвдрэл гэмтэл, нуралт үүсч, 30000-аас дээш хүн нэрвэгдэж болзошгүй гэсэн тооцоо судалгаа гарсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *