Categories
мэдээ улс-төр

“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль ба хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт сургалт болов

Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд хэвлэл, мэдээллийн ажилтны хэрхэн оролцох талаар зөвлөмж өгөх зорилготой “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль ба хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт сургалт өчигдөр болов. Гурван үе шаттайгаар, энэ сарын 24-26-нд болох “Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд зохион байгуулж буй тус сургалтад хэвлэл, мэдээллийн салбарын 20 гаруй байгууллагын сэтгүүүлч, зураглаачид хамрагдсан.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, “Энэхүү сургууль нийслэлийн бүх иргэд оролцоно. Нийслэлд сүүлийн 30 жил бүх нийтийг хамарсан дадлага, сургууль хийгээгүй юм. Сургууль эхлэх буюу энэ сарын 24-нд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төр, захиргааны байгуулагаас эхлээд олон улсын байгууллагыг хамруулахаар төлөвлөж байна. Харин 25-нд олон нийтийг хамарсан сургууль зохион байгуулах бөгөөд 07.00-10.00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Улаанбаатар хот руу орох болон гарах бүх хөдөлгөөнийг мөн зогсоох юм. Түүнчлэн төр, захиргааны байгууллагын ажлыг ч түр завсарлуулна. Сургууль цэцэрлэг орохгүй. Нийслэлийн зарлан мэдээ өгөх дуут дохио бүхий 60 цамхаг бий. Тэдгээр дохио 08.00 цагт дуугарах бөгөөд энэ үеэр иргэд орон байрнаасаа гарах дадлага сургууль хийнэ. Улаанбаатар хотод цугларах 111 цэг байгаа юм. Иргэд эдгээр цэгээс өөрт ойрхон байршлын талаар амьдарч буй хорооныхоо Засаг даргаас лавлаж, мэдээлэл авах хэрэгтэй” гэв. Мөн тэрээр, сургуулийн үеэр зам хаах зэрэгт иргэд бухимдахгүй, тэвчээртэйгээр иргэний үүргээ ухамсарлахыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтэд уриалах, зөв мэдээллийг хүргэж хамтран ажиллахыг хүсээд, ОБЕГ-аас хэвлэл мэдээллийн байгууллагынхаа автомашиныг бүртгүүлж тусгай дугаар авахыг сануулав. Тухайн дугаарыг автомашин дээрээ байрлуулснаар сургуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын автомашин замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *