Галзуу өвчин нь вирүсээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг, зоонозын хурц халдварт өвчин юм. Галзуу өвчний үүсгэгч нь зэрлэг амьтдын дунд өргөн тархсан байдаг. Зэрлэг болон гэрийн тэжээвэр амьтад чоно, үнэг, хярс, сарьсан багваахай, сармагчин, нохой, муур, таван хошуу малаас халдвар авч өвчилдөг.
Халдвар авснаас хойш эмнэлзүйн шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг халдварын нууц үе гэдэг бөгөөд энэ хугацаа нь галзуу өвчний хувьд 14 хоногоос 3 сар /7 хоногоос 1жил хүртэл/ үргэлжлэх ба шархны хэмжээ, байрлалаас хамаарч нууц үеийн үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг бөгөөд шарх төв мэдрэлийн тогтолцоонд ойр байх тусам нууц үе богино байна. Эмнэлзүйн хэлбэр нь(угтал үе, хөөрлийн үе, саажилтын үе) гэсэн 3 үе шатаар явагддаг.
Галзуугаар өвчилсөн тохиолдолд цочромтгой, айж эмээсэн байдалтай, харанхуйд байх дуртай, нойр хоолонд муу, уруулсан хэсэгт өвдөх, загатнах, мэдрэлийн судал дагаж улайх, амнаас нь унжиралдсан шүлс гоожих, шүлсээ залгих чадваргүй болох, ус, салхи, гэрлээс айх зэрэг шинжүүд илэрнэ.
Урьдчилан сэргийлэлт:
- 1.Галзуугийн сэжигтэй мал, амьтанд хазуулж, ноцуулж, шүлсдүүлсэн тохиолдолд тэр даруйдаа шархыг цэвэрлэж харьяаэрүүл мэндийн байгууллагад хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг хугацаа алдалгүй авах хэрэгтэй.
- 2.Галзуугийн сэжигтэй мал амьтанд уруулсан, ноцуулсан хүнд хэлбэрийн шархтай хүнд галзуу өвчний эсрэг вакцин, ийлдсийг зайлшгүй яаралтай тарих шаардлагатай байдаг тул аль болох цаг алдахгүй эмнэлэгт хандах шаардлагатай.
- 3.Гэрийн тэжээвэр мал, амьтдыг ялангуяа нохой, муурыг галзуугийн эсрэг вакцинд жил бүр хамруулах нь зүйтэй.
- 4.Галзуугийн сэжигтэй амьтанд уруулж ноцуулсан тохиолдолд вакцины болон ийлдсийг урьдчилан сэргийлэх эмчилгээг яаралтай эхлүүлж бүрэн тунг авсан тохиолдолд галзуугаар өвчилж, нас барахаас сэргийлнэ гэдгийг сайтар анхаараарай.
Улсын хэмжээнд 2015 оны 04 сарын 15-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдлын мэдээг Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Улаанбаатар хотын 33 сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудаас галзуу өвчний эрсдэлт өртсөн 56 сэжигтэй тохиолдлыг хүлээн авч, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Галзуугийн эрсдэлд өртсөн 11 тохиолдол галзуу өвчний эсрэг эсийн өсгөврийн вакцин, эмчилгээний иммуноглобулины бүрэн тунд хамрагдаж, эрүүл мэндийн хяналтаас гарсан ба бусад нь хяналтын хугацаанд байна гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв.