Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Галт тэрэгний машинист шаардлагатай арга хэмжээг авсан боловч зогсож чадалгүй хүн дайрчээ

– ЭРЧТЭЙ ЯВСАН ГАЛТ ТЭРЭГ ХОХИРОГЧИЙН БИЕИЙГ ХОЁР ХУВААЖЭЭ –

Олон улсын зорчигчийн 112 дугаар галт тэргэнд Замын-Үүд өртөөний төмөр замын холбооны механикч залуу дайруулж амь насаа алдсан золгүй осол гарчээ. Энэхүү хэрэг өчигдөр өглөөний 11:00 цагийн орчимд Замын-Үүд суманд болсон байна. Осол болсны дараа хохирогчийн бие хоёр хуваагдан салсан тухай эх сурвалжууд мэдээлсэн юм.

ХОХИРОГЧ УБТЗ-ЫН ДАРГЫН ТУШААЛААР ХЯНАЛТШАЛГАЛТХИЙЖ ЯВЖЭЭ

Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар золгүй явдлаар амь насаа алдсан залуу төмөр замд үзлэг хийж явсан гэнэ. Энэ сарын 11-нд Дорноговь аймгийн Айраг суманд болсон ослын дараагаас УБТЗ-ын дарга төмөр замын хяналт шалгалтыг сайжруулах тушаал гаргасан билээ. Тушаалын дагуу замын даргын нэрэмжит үзлэг, шалгалт хийж явсан хохирогч залуу ийнхүү галт тэргэнд дайруулж харамсалтайгаар амь насаа алджээ. Тэрээр 20 гаруй насны эрэгтэй байсан бөгөөд ажилд ороод удаагүй байсан гэх мэдээлэл байна. Тус өдөр хохирогчийг зам дээр ажиллаж байгааг харсан галт тэрэгний машинист яаралтай арга хэмжээ авч тоормосоо гишгэжээ. Гэвч хохирогч галт тэрэг ирж буйг мэдэлгүй ажил үүргээ гүйцэтгэж байсан аж. Улмаар галт тэрэг зогсож чадалгүй түүнийг дайрчээ. Ийнхүү хурдтай явсан галт тэрэг эрчиндээ хохирогчийн биеийг хоёр хуваагаад зогссон байна. Галт тэрэг тоормос гишгэсэн даруй зогсдоггүй учраас энэхүү осол үүссэн гэж зарим эх сурвалжууд тайлбарлаж байна. Учир нь галт тэрэг 60 километр цагийн хурдтай давхиж явлаа гэхэд тоормос гишгэснээс 700-1200 метр явсны дараа зогсдог аж. Тиймээс осол үйлдсэн галт тэрэгний жолооч ойролцоогоор нэг километр орчмын зайнаас тоормос гишгэж байж хохирогчийн амь нас аврагдах байжээ. Уг галт тэргийг жолоодож явсан машинист нь нэг жил гаруйн өмнөөс тус ажилд орсон гэсэн мэдээлэл байна. Түүнчлэн галт тэрэгний машинист шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан гэх бөгөөд холбооны механикч залуу галт тэрэгний урдуур орж амиа хорлосон байж магадгүй гэнэ. Энэ замд үүрийн 04:00 цагийн үед зам шалгаж явсан зүтгүүрийн рэле шатаж, гол замын хөдөлгөөнд саад учруулсан аж. Улмаар уг зүтгүүрийн А сектор бүхэлдээ шатаж, дахин ашиглах боломжгүй болжээ.

УБТЗ ОСЛЫН ШАЛТГААНЫГ ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА ГЭВ

Өчигдөр өглөө Замын-Үүд өртөөнд гарсан ослын талаар УБТЗ-ын хэвлэлийн төлөөлөгч Л.Зоригтоос тодрууллаа.


-11:00 цагийн үед Замын-Үүд өртөөнд гарсан ослын талаар албан ёсны тайлбар өгөөч?

-Одоогоор энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Тус хэргийн талаарх мэдээлэл одоохондоо тодорхой болоогүй. Юу болсон эсэх талаар надад мэдээлэл алга.

-Энэ осол дээр шалгалтын ажиллагаа явуулж байгаа юу?

-Тус осол хүний буруутай үйл ажиллагаанаас болсон уу, аль эсвэл өөр шалтгаантай юу гэдгийг тогтоохоор УБТЗ-ын зүгээс ажиллаж байгаа. Хэргийн талаар албан ёсны тайлбарыг хяналт шалгалт хийсний дараа өгнө. Энэ хэргийн талаар сонссон. Гэхдээ яг юу болсон талаар хэлж чадахгүй гэв.

Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилчдаас энэ талаар асуухад “Аюулгүй байдал хангаагүйгээс болсон эсэх талаар одоогоор сайн мэдэхгүй байна. Шалгалт дууссаны дараа тодорхой дүгнэлт гарах үед нь мэдээлэх байх. Галт тэрэг автомашин шиг шууд зогсдоггүй шүү дээ. 800-1000 метр зам туулж байж зогсдог” гэж ярьсан юм. УБТЗ-ын удирдлагын зүгээс энэхүү хэргийн талаар нууцалж байж магадгүй гэнэ. Тус ослыг Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж байна.

Замын-Үүд өртөөнд сарын өмнө замын дөрөвдүгээр ангийн замчин галт тэргэнд шүргүүлэхэд тухайн төмөр замын удирдлагууд үйлдвэрлэлийн осол биш, хувь хүний буруу гэж үзээд, олон нийтээс нуун дарагдуулсан байна. Өнгөрсөн сарын сүүлчээр хүчтэй борооны улмаас зорчигчийн галт тэрэг осолдож 330 орчим зорчигч суудлын вагонтойгоо хамт унасан билээ. Гэвч үүнийг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас болсон гэж УБТЗ-ын удирдлагууд тайлбарласан билээ.

Ийнхүү осол аваар ихээр гарч байхад УБТЗ-ын удирдлагууд замын хөдөлгөөн хэвийн байна хэмээн хүний амь нас хохирсон хэргийг нуун дарагдуулсан ёс зүйн ноцтой алдаа гаргаад байгаа юм. Өмнө “Дархан-1” өртөөнд ОУ-ын галт тэрэг осолдоход УБТЗ-ын удирдлагууд “Төмөр замын дэр мод ялзарсан учраас осол үүссэн” хэмээн булзааруулж, тухайн өртөөний дарга нарт хариуцлага, сахилгын шийтгэл оногдуулсан байдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *