Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Галшар адуу

Байгалийн хатуу ширүүнийг тэсвэрлэн зохицож, монгол нутгийн хээрийн билчээрт, мянга мянган жил оршин амьдарсан нь монгол адууны бусад үүлдрийн адуунаас ялгагдах давуу чанар нь ажээ. Энэ онцгой чанараараа монголчуудыг амьдруулж, мандуулж, монгол гүрнийг байгуулсан мөнхийн гавъяатай.

Монголчууд “хүлгийн сайныг унан байж мэддэг, хүний сайныг ханилан байж таньдаг” … гэдэг дээ. Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат малчин, том уяач Д.Даваахүү “ Галшар адуу гэдэг чинь уяхад хурднаас гадна унаж эдлэхэд шал өөр эрдэнэ байхгүй юу” гэж ярьдаг хүн. Энэ хүнтэй зиндаархаж мэдэмхийрэх уяач , шинжээч, судлаач өнөө үед үгүй бизээ.

Монгол адууг газар орноос хамаарсан онцлог, хурд, хүч, хэлбэр галбир, унаа даах чадвар гэх мэт ялгаатай шинжээр нь Галшар адуу, Говь шанхын адуу, Тэс адуу, Дархадын цагаан адуу, Мянгад адуу гэж таван омогт хувааж онцолж иржээ. Эдгээр таван омгийн адуунаас уналга, эдэлгээ, хурдны чиглэлээр хамгийн давуу сайн нь Галшар адуу гэдгийг түүхэн сурвалжаар, өнөөгийн шинжлэх ухааны судалгаагаар тогтоон баталгаажуулжээ. Түүнийг бүтээгч нь зөвхөн монгол адууг өөр хооронд нь сайжруулсаар Галшар адууг цогцлоосон хүн бол заяа заслын эрдэмд гэгээрсэн, суу билэгт Хардэл жанжин бэйс ноён М.Пүрэвжав болой.

Бэйс ноён М.Пүрэвжав одоогоос 172 жилийн өмнө анх эхээс мэндлэхдээ нуруугаа дагасан их хар үстэй, хар дэлтэй хүүхэд төрсөн гэдэг. Тиймээс “Хардэл” гэж нэрлэх болсон гэдэг. Тэрээр Сэцэнхан аймгийн цэргийн жанжин, удам залгасан ноён, бэйс зэрэгтэй төрийн хүн байв. Ноёны албаа хүүдээ залгамжлуулан шилжүүлэн өгснөөс хойш он удаан жил олон дотроо морио уясаар “Өвгөн ноён” гэх нэрээр хүндлэгдэн мөнхөрчээ. Түүнээс гадна уяач, шинжээч, зураач, бичгийн хүн, төрийн зүтгэлтэн, суу билэгтэн гэх мэтээр бичиж ярьдаг тэр бүр нь цаанаа утга агуулгаа хадгалсан хүндлэл нэрүүд юм.

Үүнээс түүний уяач, шинжээч, зураач зэрэг төрмөл гоц авьяас, боловсрол, хүчин зүтгэлийн үр дүн нь Галшар адууг цогцлоон мөнхжүүлжээ. Тэрээр “Азарга гүүний тохироо” гэх өөрийн онолыг гаргаж өөрийн хошуундаа нууцлан хэрэгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл монголчууд “морь, бөх төрдөг” гэдэг байсан нийтлэг ойлголтыг өөрчилж “хурдан сайн адууг төрүүлдэг” ухааныг олж хэрэгжүүлсэн хүн.

Хардэл бэйс М.Пүрэвжав 1885 онд даншиг наадмын соёолонгийн түрүүг анх удаа авч байсан тэр жил 41 насан дээрээ хошуу ноёны хэргэм залгамжилж 65 насан дээрээ ноёны албаа хүүдээ шилжүүлснээс хойш “өвгөн ноён” гэгдсээр 88 насыг зоогложээ. Түүний 80 хүрэх насандаа бүтээсэн “Нууцаас нууц, далдаас далд, шулуун журамт” нууц судар нь адуун соёлын хөгжлийг баталгаажуулсан ховор түүхэн бүтээлийг өвлүүлэн үлдээсэн байна.

Түүхэн үнэн сэргэж буй эдүүгээ үед “Морин эрдэнийн заяа заслын эрдэмд” гэгээрсэн хүн Өвгөн ноёноос өөр тодроогүй байна. Тэрээр “далдыг хардаг далай лам” гэхчээр нүдэнд харагдахгүй, биед баригдахгүй зүйлийг харж, мэдэж шинжиж хэлдэг байсныг одоо хүртэл шинжлэх ухаанчаар тайлбарлаж чадаагүй л байгаа. Тэр бүгд үнэмшимгүй атлаа өдий хүртэл хэлэгдсээр хэрэгжээд байдаг нь гайхамшиг гэхээс аргагүй.

Өвгөн ноён тогтож харсан эсвэл хэрээ шувуу уяан дээр суусан бол морь заавал түрүүлж айрагддаг байж. Тиймээс “Хардэл бэйс хараад өгөөсэй. Хар хэрээ уяан дээр суугаасай …” гэдэг үг гарчээ. Гадин засгийн хошуунд өртөөний гэрт байхад нь үдэш шөнө янцгаах дуугаар нь хүрэн үрээг авчируулж, бас нэг удаа адууны сүүлд явсан шар үстэй эцэнхий хээр үрээг шинжиж авсан зэрэг нь хожим Өвгөн ноёны зандан хүрэн, алдарт гуулин хээр гэх мэт алдарт хүлгүүд болсон байдаг. Өвгөн ноён унага байхаас нь шинжээд хурдан морь , хурдан азарга болох эсэхээс эхлээд төл сайтай азарга болох эсэхийг нь хүртэл хэлдэг. Гүү үзээд тийм азарганд таарах гүү байна, таарахгүй гүү байна гэх мэтээр шинждэг байсан нь билгийн нүдтэй , гоц авъяастан байж гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй юм. Түүнээс гадна дотооддоо азарга, гүү гаднаас авахаас гадагш зарахгүй гэх мэт сахилга, дэглэм тогтоон хэрэгжүүлж байсан нь үр дүнд хүрэхэд нөлөөлсөн нь гарцаагүй.

Билэг авьяаст М.Пүрэвжав ноён өөрийн хошуундаа өндөр сахилгатайгаар “өнөөгийн шинжлэх ухааны хэллэгээр үржлийн ажил явуулж “ хурдны удамт Галшар адууг бий болгосон нь түүхэн үнэн бөлгөө. Галшарын удамт хурдууд даншигийн болон төрийн наадамд алтан жолоо өргүүлж, хошуу нутгаа алдаршуулан цоллуулж түмэн олноо баясгасан он цаг үргэлжилсээр зуун дамжин ирлээ. Энэ тухай түүхэн баримтууд дэлгэгдсээр буй.

Анх 19 дүгээр зууны төгсгөлд 1899 оноос, Богд гэгээнтэнд мандал өргөх даншиг наадамд азарга уралдуулж эхэлсэн гэж үздэг. Анхны энэ наадамд Сэцэнхантны хээр азарга түрүүлж саарал азарга нь тавд, Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын мэнгэт халиун аман хүзүүдэж хээр азарга нь гуравт хурдалж Боржгин Сэцэнван Цэрэнсандивын хээр дөрөвт тус тус хурдалсан гэсэн цуваа бий. Эндээс Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын азарга аман хүзүү, гуравт орсон нь тохиолдлын зүйл биш байжээ гэдэг дүгнэлтэд аяндаа хүрдэг юм.

Үүнээс хойш 1911 онд Сэцэнхан аймагт Богд Жавзандамба хутагт морилон заларч намрын эхэн сард том наадам болжээ. Халхын хурдны хамгийн өндөр довонд болсон энэ наадмын азарганы уралдаанд Сэцэнханы Мангал туслагчийн улаан азарга түрүүлж түүний араас шил даран Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавтаны “Эсгэл хээр, Номин цэнхэр, Зандан хүрэн, Хоовон саарал, Зул шарга гээд” 5 азарга завсаргүй цуваад айрагдсан байна. Энэ бол онцлог үйл явдал мөн бөгөөд өөр цаана нь Өвгөн ноёнд ийм хурдан азрганууд олон байсан байдаг. Үүнээс дүгнэхэд Өвгөн ноён тэр үед хурдны угшлын дотоод сүрэг бий болгочихсон байсан хэрэг.

Монгол адууны соёлын дээд хөгжил болсон энэ хүү эрдэмт хүний бүтээл “хурдний удамт” монгол адуун сүрэг нь Богд хаант засгийн үед “Хардэл бэйсийн унага” ардын засгийн үеэс ” Галшарын хурдан адуу” гэж нийтэд алдаршжээ.

Засаг төр өөрчлөгдөхөд 1923 оноос Бишрэлтийн буюу Хардэл жанжин бэйсийн хошууг Галшар уулын хошуу, дараа нь 1931 оноос Галшар сум гэх болсон байдаг.

Монгол улсад ардын засгийн анхны үндсэн хууль батлагдсаны хойтон жил, 1925 онд Богд хаант улсын “олноо өргөгдсөн” 15-р оны ардын хувьсгалт цэргийн баяр наадмыг нийслэл хүрээнд өргөн зохион байгуулж зургаан насны морь уралджээ. Нийслэл хүрээ, Галшар уулын хошууны хооронд 400 гаруй км зайтай газраас хөсөг тэрэгтэй уяачид зорин очиж нааддаг байж. Энэ наадмаар азарганд Галшарын хошууны Өвгөн ноёны “элбэг хээр” түрүүлж, Галшарын тайж Сүрэнхоролын бор азарга 5-д хурдалсны дээр, нас бүрд айрагдуулсан байдаг. Хойтон жил нь 1926 оны улсын наадмаар хардэл жанжин бэйс Пүрэвжавын хүү “халхын сайхан эр” гэж алдаршсан ван ноён Доржцэрэнгийн “хулан хонгор” азарга түрүүлсний дээр энэ наадамд Галшарынхан нийтдээ 3 түрүү 5 айраг авчээ.

1930 оны улсын баяр наадмаар Хардэл жанжин бэйс Пүрэвжавын ач хүү гүн Д.Пунцагнамжил ирж азарганы түрүү, аман хүзүүг авч наадамчдыг шуугиулж байв. Гэтэл их насны морины түрүүг дахин авсан нь Галшарынхан азарга, их насны түрүүг хоёуланг авчихлаа гэсэн сонин сайхан мэдээ өртөөлөн дамжсан онцлог сайхан наадам болжээ. Энэ наадмаас Галшарынхан нийтдээ 4-н түрүү 8 айраг авч. Тэд бүх түрүүг авах боломжтой байсан хирнээ “төрийн наадмын 6 түрүү хүнддэнэ” гээд мэриймжээ хойш татаж харин тэр даруйдаа “цагаан хэл ам дайрна” гээд гандан хийдэд засал ном хуруулж байсан гэдэг юм.

Үүний дараа жилээс хошууд татан буугдаж, Хардэл жанжин бэйсийн хурдны удамт сүргийг дотоод яам хураан аваачиж нийслэлээс баруун хойш гарган Жаргалантын морин заводын адуу болгон эрлийздэн үржлийн ажил явуулсан байна. Энэ үйлдлийг цаг хугацааны өнөөдрийн өндөрлөгөөс дүгнэвэл хураагдан очсон Галшарын олон мянган удамт хурдууд эрлийздэн уусан устаж алга болсон эмгэнэлтэй түүх үлджээ.

1930-аад оны эхэн үеэс 1950-иад он хүртэл коммунист үзэл, харгислалын он жилүүд дайрч, Галшарын хурдны удамт дотоод сүрэг хураагдан саринаж, Өвгөн ноён таалал төгсч, түүний үр хүүхэд, дээдэс уяачид баригдан хороогдсон хэлмэгдэл , гашуудлын 20 жилийг өнгөрүүлсэн мартах аргагүй хар түүх бий.

Харгислалын хатуу цаг үе саармагжиж 1951 онд төр засгийн тогтоол шийдвэр гарч Ардын хувьсгалын 30 жилийн ойн наадмыг өргөн дэлгэр тэмдэглэх хөдөлгөөн орон даяар өрнөв. Энэ наадамд Галшарын удамт хурдыг сэргээн залгамжилсан шинэ үеийн уяачид Донойн Цэгмэд, Бумын Лосол, “ангасай” Д.Банзрагч, “начин” Зундуй, “Шандангийн” Лхаязав, “нүхийн” Дугаржав гээд залуучууд өргөн уяагаар хөдөлсөн байна. Энэ том ойд Донойн Цэгмэдийн саарал азарга, хүрэн халзан хязаалан түрүүлж Галшарынхан энэ наадмаас 4 түрүү 11 айраг авсан нь аль тэртээх хорин жилийн өмнөх амжилт нь давтагдаж байсан байдаг.

Галшар нутагт их хэлмэгдлийн өмнөх үеийн өвгөн ноёны дотоод сүрэг, их уяачдын соёл, эрдэм ухаан, өөрөөр хэлбэл “Хардэл жанжин бэйс”-ийн үе эргэж ирээгүй ч үндэсний морин уралдааны өндөр их соёлыг тэдний хойч үеийнхэн ийнхүү залгамжлан авч үлджээ. Энэ цаг үеэс хойш наадам хазаартай болж Галшараас ирэх уяачид эрс цөөрчээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд Галшарын удамт адуун сүрэг олон сувгаар гадагш тархан дэлгэрсэн байлаа.

Өвгөн ноёны дотоод сүргээс анх гарсан хурд бол 1928 онд улсын наадамд түрүүлсэн “СО” сайдын зээрд халзан азарга гэж үздэг. Хардэл жанжин бэйсийн ач хүү Пунцагнамжил найздаа бэлгэнд өгсөн тухай Манлай сумын Занданбал уяачийн хүүхдүүд сэтгүүлч Цагаандалайд тодорхой ярьсан байдаг. Өмнөговь аймгийн Манлай сумын” Говь- Шанхын” хурд үүнтэй холбогддог юм.

1927 оны үед Галшарын Дагмид-Очир мээрэн өөрийн багш өвгөн лам Цэгмэдэд өргөсөн, цайрсан буурал духтай, огтор сүүлтэй хонгор үрээг хүү Батбуянд нь авчирч өгчээ. Улсын наадамд 1930, 1931,1933, 1934 онуудад айрагдаж, түрүүлсэн Төв аймгийн Баянцагааны Батбуянгийн “их зэгэл” гэх хонгор халзан азарга энэ юм. Мөн түүний төл “бага зэгэл” гэдэг “хонгор халзан” азарга нь 1936 онд түрүүлсэн, хөх цавьдар 1938 онд айрагдсан гэх мэтээр үе залгасан хурдууд Баянцагааны адууг сайжруулсан нэг эх нь болж иржээ. Энэ бол нэг л жишээ.

1930-аад оны дундуур Хардэл жанжин бэйсийн цөм сүрэг хураагдаад туугдаж явах үед сольж хольж авч үлдсэн нь олон, тэр бүрийг тогтоох боломжгүй. Тэдний нэг дотоод яамны Совд гэхч бор, хул халзан хоёр даага авч баз хүргэндээ хүргүүлжээ. Энэ нь Мөнгөн морьтын удганы Намсрайн 1942,1944,1945 онуудад айрагдсан улаан бор азарга, 1944 онд түрүүлсэн хул халзан азарганууд юм.

1940-өөд оны сүүлээр Хөвсгөл аймагт ч Галшарын хурд гарчээ. Тэр нутгийн Ядамын Зана, Ядамын Нацаг нар нилээд хэдэн азарга адуу Галшараас аваачаад нутагтаа их хурдлуулж Галшар адууны хурдыг гайхуулсан гэдэг. Хөвсгөл аймагт хуучин Бүрэн, одоогийн Алаг-Эрдэнэ сумын хурдны удам ийм ажээ.

Тэр үед нэрт уяач “дулаан” Дамдинжав Галшараас хурд авчирч улсын наадмаас 14 айраг түрүү авсан байдаг. Дулааны хонгор морь 19 түрүүлсэн гэж эрдэмтэн Намнандорж номондоо бичсэн нь бий. Уяачдын дунд Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагааныхан “Дулаан адуу”-гаар адуугаа сайжруулсан гэх нэгэн үе байжээ.

1950-иад оны дундуур Өвгөн ноёны хүргэн асан “өндөр” Гомбожав дотоод сүргийн Тонж ногооны угшлын хүрэн азаргатай адууг Төв аймгийн Баян-Өнжүүл суманд хамаатандаа өгчээ. Тэндээс Баян-Өнжүүл сумын адууны хурд эрс сайжирч хожим улсын наадамд гурав түрүүлсэн Ханддорж гуайн хонгор халзан морь төрсөн байдаг.

Бас нэгэн түүх сөхье. Одоогийн Сүхбаатар аймгийн Асгат, Халзан суманд 1937 оны үеэс Галшарын удамт хурдууд хүргэгдсэн юм билээ. Цэрэг дайны цаг үе эхэлснээс тэндэхийн \байшинтын дивизд\ цэргийн ангид аргал түлээ нийлүүлэх албан журмын ноогдол Галшарынханд ирж. Аргал түлээний оронд Асгат, Халзан сумын малчдад азаргаар нь адуу хүргүүлж албан журмын ноогдолоо ацгалж хаалгадаг байж. Ингэж Галшарын удамт хурд аль эртээс тэнд хүргэгдсэн байжээ. Сүхбаатар аймагт хурд тарьсан “олныхны шарга , далиу ногоон, хүүхэн шүүлэнгийн хээр”… гэх мэт хурдууд аргалын ацгийн адуу байв. Одоогийн Сүхбаатарын Асгат , Халзан сумын хурдны дээд удам нь Галшараас гаралтай гэдгийн учрыг тайлсан өндөр настан Наянтай, Б.Өвгөнхүү нарын яриа хэвлэлд нийтлэгдэж цахим сошиалд тавигдсан байдаг. 1973 оны хавар Халзан сумаас “механик” Дулмаа гэдэг уяач ирж Галшар сумын дарга Батсүхтэй уулзаж адуугаа сайжруулна гэж нэгдлийн шилмэл сүргээс хээр даага эхтэй нь авч явжээ. Нутагтаа авч очоод “хээр даагыг хурдлуулсан тухай баяр талархлын захидал ирүүлж байсан” гэж Хэнтий аймагт байгаа өндөр настан Батсүх дарга одоо дурсан ярьдаг юм.

Өнөөгийн Сүхбаатар аймгийн Мөнххаан, Уулбаян , Төвшинширээ, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Их хэт гэх мэт Галшарыг тойрсон нутаг залгаа сумдуудын адууны угшил нэг болчихсон нь илэрхий зүйл болжээ.

Ер нь өнөө үеийн олонд дуурсагдсан түмний эх азарганууд Хөдөлмөрийн баатар, гавъяат, их уяач Д.Даваахүүгийн “цолмон халтар”, Төв аймгийн Сэргэлэн сумын 1970-80-аад оны улсын түрүү Дорнойн Сундуйн хүрэн, Ренцендоржын хар хамгийн сүүлийн үеийн Дорнодын Цэндбаатарын “тугал” ухаа Бат-Эрдэнийн улс халзан, Наранхүүгийн монгол хээр, Хөвсгөлийн “магнай” халиун азарга гээд одоо үеийн нэрт хурдууд бүгд л дээд угшил нь Галшар адуу болдог. Зөвхөн ардын хувьсгалын 30,40,50,70,80,90 жилийн тэгш ойнуудаар түрүүлсэн Донойн Цэгмэдийн саарал, Цэнджавын хүрэн халзан, “ангасай” Банзрагчийн саарал, Сүрэнхорын “босоо”хээр, Дарамренчингийн алаг, Шинэтулгын “улс халзан” азаргануудын дээд угшил Галшарын буюу өвгөн ноёны удамт сүргийн угшилтай түмэн эхүүд болох нь тогтоогддог юм. Угтаа бүхий л нутгийн уяачдын Галшар адуугаар адуугаа сайжруулах бодлого тасралтгүй үргэлжилсээр одоо бол бүх сум багт малчин түмэн, наадамч олны хүндлэл хүлээсэн “хүлэг эрдэнэ” болон төрж, өсөн үржиж ирсэн нь бодит үнэн юм.

Өнгөрсөн зун Засгийн Газрын гишүүн Хүнс Хөдөө Аж Ахуйн сайд Р.БУРМАА 2016 оны 06 дугаар 10-ны өдрийн А-86 дугаар тушаалаар “Галшар үүлдрийн адуу” болохыг баталгаажуулж, зохион бүтээгч нь М.Пүрэвжав гэж тогтоон шийдвэрлэсэн “А-2 дугаар ГЭРЧИЛГЭЭ”-нь Галшар сумын тамгын газарт хадгалагджээ. Монгол адуун соёлын охь Галшар адууны түүхэн сурвалж товчдоо ийм бөлгөө. Хардэл жанжин бэйс, өвгөн ноёнтны суу билэгийг биширмой.

2016.11.03

Манай сонины орон нутаг дахь тусгай сурвалжлагч, судлаач Н.САНЖААДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *