Categories
мэдээ нийгэм

Галд түлэгдсэн есөн хүн ГССҮТ-д эмчлүүлж байна

Архангай аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 километрийн зайд орших Өгийнуур сумын Орхон багийн “Өгий” нуурын “Урд мэргэн шанаа” гэдэг газар иргэн Б-гийн түрээслүүлдэг байшин шатсаны улмаас 12 хүн гэмтэж, нэг хүүхэд амиа алджээ. Уг байшинд Булган аймгаас Налайх дүүрэг рүү явах замдаа нийт 15 хүн амарч байсан аж. Гэмтсэн 12 иргэнийг сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаад өчигдөр 13.33 цагаас 18.20 цагийн хооронд Зэвсэгт Хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр иргэдийг тээвэрлэн ГССҮТ-д хүргэжээ.Харин иргэн О, Х нарыг ар гэрийнх нь хүмүүс автомашинаар тээвэрлэн мөн Улаанбаатарт авч ирсэн байна. Урьдчилсан байдлаар уг гал түймрийн шалтгаан нөхцөл нь түрээслэгч иргэд бензинийг устай андуурч зөөврийн хийн тулган дээрх саванд хийснээс гал гарсан гэж мэдээлжээ. Гал түймрийг “Өгий” нуурт амарч, аялж явсан 105 хүн, 22 автомашинтай ажиллаж унтраасан байна. Галд түлэгдсэн иргэдийн биеийн байдлын талаар ГССҮТ-ээс мэдээлэхдээ “Архангай аймгийн Өгийнуур сумаас галд түлэгдсэн 9 хүн манай дээр эмчлүүлж байна. Үүний 4 нь энгийн тасагт байгаа бол тав нь Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Таван хүний биеийн байдал хүнд байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *