Categories
мэдээ нийгэм

Гагнуурчин хүү Д.Нямрагчаа: Надад гурван сая төгрөгийн цалин амласан

БНХАУ-ын Хунан хотод болсон “ARC CUP-2018” олон улсын гагнуурчдын тэмцээнд Герман Монголын хамтарсан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гагнуурчин Д.Нямрагчаа амжилттай оролцож, “Хагас автомат гагнуур” төрөлд нэгдүгээр байр, “Цахилгаан нуман гагнуур” төрөлд гуравдугаар байр эзэлсэн. Энэ талаар Гагнуурын дэлхийн аварга Д.Нямрагчаатай ярилцлаа.

-Энэ сургуулийн босгыг алхаж орж ирсэн үеэс чинь хоёулаа яриагаа эхлэх үү?

-Би 2015 онд Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийг дүүргэж байлаа. Манай нагац эгч “Герман Монголын хамтарсан МСҮТ-ийн гагнуурчны ангид орооч ээ” гэж хамгийн анх зөвлөсөн хүн. Тухайн үед надтай хамт 30 гаруй хүүхэд гагнуурчны ангид элсэн суралцсан. Анх энэ сургуульд орж ирэхэд сургалтын төвийн хашаанаас токарын хяхарсан чимээ хангинаж, өрөөнүүдээс нь гагнуурын гялсхийх гэрэл анивчиж байсан тодхон санагддаг. Тэгээд л дараа жил нь сургуулийнхаа гагнуурын тэмцээнд түрүүлж байлаа. Тэр жилдээ мөн гагнуурын аварга шалгаруулах тэмцээнд, шилдэг тавт шалгарч байсан. Одоо чадварлаг боловсон хүчин болоод төгсөж байгаа даа баяртай байна. Энэ мэргэжлийг эзэмшээд бага зэрэг амжилт гаргаад эхэлсэн чинь зарим найзууд маань би чамтай хамт гагнуурчин болох минь яав даа гэж хэлэх болсон.

-Чамайг багадаа гагнуур хийдэг байсан гэж сонссон. Энэ мэргэжлийг багаасаа сонгосон уу?

-Миний аав хол, ойрын тээвэрт ЗИЛ-130 автомашинаар тээвэр хийдэг байсан. Багаасаа л аавдаа тусалж байна гээд төмөртэй ноцолдож эхэлсэн дээ. Тийм болохоор угсарч эвлүүлэх зүйл сонирхолтой байсан. Хамгийн анх аавынхаа машины тэвшийг гагнаж байжээ. Хүн ер нь дуртай зүйлдээ их цаг гаргадаг шүү дээ. Би багаасаа ямар нэг зүйлс бүтээх сонирхолтой байсан. Гагнуурчин хүн төмрүүдийг хооронд нь гагнаж бүтээл хийнэ. Эндээс л би кайф авдаг даа. Гэвч хэцүү тал бий. Нүд өвдсөнөөс болж шөнө унтахгүй байсан үе надад зөндөө бий. Хөл гар, үс түлэгдэж байсан ч хамаагүй би гангнуураа л хийдэг.

-Гагнуурын аварга шалгаруулах тэмцээний шилдэг бүтээлүүд ямар стандарттай байдаг вэ?

-Гагнаасны мөр нь оёдлын машины мөр шиг жигдхэн мөртлөө шулуун, төмөр бэлдэцийг нэгэн жигд хайлуулж салахааргүй бат бэх холбож оноо авдаг. Т хэлбэрийн бэлдэцийг хугалахад гагнуурын ором нь хоёр талынхаа төмрийг жигд ухаж, яг голоороо хугарах хамгийн чухал стандарт шүү дээ. Модуль гагнах төрөл миний ур чадварыг хамгийн их шалгаж байлаа. Нэг см-ийн зузаантай 25 жижиг бэлдэц, хоёр хоолойг хооронд нь дөрвөн өөр төрлийн гагнуураар гагнаж жижигхэн зуух шиг хэлбэртэй, хоёр талдаа цорготой модуль болгодог.

-Чи мэргэжлийнхээ хамгийн дээд зэрэгт ердөө 18-хан насандаа хүрлээ. Томоохон ажлын саналууд ирж байна уу?

-Энэ тэмцээнд амжилт үзүүлсний дараа гурван компаниас ажлын урилга ирсэн. Нэг нь гурван сая төгрөгийн цалин амласан. Гэсэн ч тэр компаниудад ажиллая гэж бодохгүй байгаа. Суръя, хөдөлмөрлөе. Цаашдаа Хасу мегаватт компанидаа ажиллах бодолтой байна. Эндээс л би бүх мэргэжлийн ур чадваруудаа суралцсан. Миний аав, ээж хоёр “миний хүү биеэ тоож болохгүй шүү. Хүний итгэл сэтгэлийг дааж ажиллаарай” гэж захисан.

-“ARC CUP-2018” тэмцээний талаар хоёулаа ярилцах уу?

-Тус тэмцээнд 21 орны 388 шилдэг тамирчин хүрэлцэн ирсэн. Манай орноос 15 тамирчин, гурван багшийн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Бид дөрвөн алт, зургаан мөнгө, гурван хүрэл медалийг эх орондоо авчирсан. Уг тэмцээнд орохын тулд маш их бэлдэж, шаргуу хөдөлмөрлөж байлаа. Баг тамирчдаараа манай сургууль дээр нэгдсэн бэлтгэл хийсэн. Миний гаргасан энэ амжилт уг тэмцээнд бэлдсэн нэг жилийн шаргуу хөдөлмөрийн минь үр шим. “ARC CUP-2018” тэмцээн орон орноос ирсэн гагнуурчдын дунд хийдэг шалгалт л гэсэн үг. Шалгалтын материалаа гагнаж шугам хоолой, хавтан, тулгасан холболтыг хоёр цаг 30 минутын хугацаанд амжиж гагнана. Нэг ёсондоо хугацаандаа багтаж чанартай, өө сэвгүй гагнуур хийх мэргэшсэн гагнуурчдын хоорондох ур чадварын тулаан юм. Гагнуур төрөл бүр л байдаг. Аргон гагнуур, хагас автомат гагнуур, цахилгаан гагнуур, хийн гагнуур тус тусдаа хийцийг нь өөр өөр шалгуураар дүгнэнэ. Мөн бүгд өөр өөрийн хугацаатай.

-Өөрийн гаргасан амжилтуудынхаа талаар хуучилаач?

-Би 2016 оны Монгол ур чадвар гагнуурчдын улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байлаа. Мөн 2017 оны зургадугаар сард Шанхай хотод болсон “Arc cup” гагнуурчдын тэмцээнд хүрэл медаль хүртэж багаараа хоёрдугаар эзэлсэн. Мөн оны аравдугаар сард Бээжин хотод болсон тэмцээн миний мэдэх хамгийн гайхалтай уур амьсгал дунд болж өнгөрсөн. Мөнгөн медаль хүртэж байлаа. Саяны тэмцээнд хагас автомат төрөлд тэргүүн байр хүртлээ. Мөн хийцийн төрөлд гуравдугаар байр хүртлээ. Энэ тэмцээнд бэлдэх хугацаанд миний чадвар огцом сайжирсан гэж бодож байгаа. Өмнөх тэмцээнд аман хүзүүдсэн учраас илүү хичээж тэргүүлэгч болохын тулд маш их хөдөлмөрлөсөн дөө. Миний хамт олон намайг өдий зэрэгтээ гагнуурчин болоход маш өндөр үүрэг гүйцэтгэсэн. Тэмцээнд цуг оролцсон ах нар их тусалж дэмжсэн. Гагнуурын талаас үүнийг ингээд хийчихдэг шүү, чиний алдаа чинь энэ тийм болохоор ингээд хийчихвэл зүгээр гэх мэт олон зөвлөмжүүдийг надад өгсөн. Энэ дашрамыг ашиглан намайг өдий зэрэгтээ хүмүүжүүлсэн гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *