Categories
гадаад мэдээ

Гадны 600 орчим тагнуулчийг илрүүлжээ

ОХУ-ын аюулгүй байдлын алба өнгөрсөн жил улсынх нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг завдсан гадаадын 600 орчим тагнуулч болон тусгай ажилтныг илрүүлжээ. Энэ талаар Оросын төрийн тэргүүн В.Путин лхагва гаригт Холбооны аюулгүй байдлын албаны зөвлөлийн хурлын үеэр онцолсон байна.

Тэрбээр “Өнгөрсөн жил тагнуулын тусгай албад идэвхтэй сайн ажилласны дүнд гадаадын 129 тагнуулч, 465 мэдээлэгчийг илрүүлж, үйл ажиллагааг нь таслан зогсоосонд талархсанаа илэрхийлж байна” гэв. Тэрээр цааш нь “Тэд улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн талаарх мэдээллийг бүхий л арга замаар олж авахыг эрмэлзэж байна. Тиймээс бид үйл ажиллагаагаа орчин үеийн аргуудад тулгуурлан үр дүнтэй, өдөр тутам явуулах ёстой. Энэ нь ялангуяа Оросын дэвшилтэт зэвсгийн үйлдвэрлэл туршилттай, мөн цэргийн дэвшилтэт техниктэй холбоотой мэдээллийг хамгаалах ажилд хамаатай юм. Тийм учраас уг салбарт тавих хяналтыг чангатгаж, хамгийн нарийн байх ёстой” гэж онцолжээ.

Холбооны аюулгүй байдлын алба өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын иргэн, Мичиганы оршин суугч Пол Уиланыг Москвад тагнуул хийсэн гэх хэрэгт сэжиглэн баривчилжээ. Тэрээр өдгөө Лефертовын урьдчилсан хорих төвд хоригдож байгаа юм. Оросын төрийн тэргүүн түүнчлэн тагнуулын байгууллагын ажилтнуудад эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахыг холбогдох хүмүүст үүрэгджээ.

Мөн тэрээр Холбооны аюулгүй байдлын алба терроризмтой тууштай тэмцэж байгааг онцолсон юм. Түүний ярьснаар, сүүлийн 10 жилийн хугацаанд террорист халдлагын тоо буурч байгаа. Гэхдээ Холбооны аюулгүй байдлын алба шинэ арга барилаар үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж, гэмт халдлагын төлөвлөгөөг таслан зогсоох хэрэгтэй” гэсэн байна. В.Путин хурлын үеэр мөн үндэсний мэдээллийн нөөцийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх нь зайлшгүй шаардлагатай. Гадаадын тагнуул, тусгай албадын үйл ажиллагаанаас Оросын үндэсний эрх ашиг ихээхэн хамаарахыг онцолсон байна. Тэрээр ийн тэмдэглэхдээ ямар улс орнуудын зүгээс тагнуулын ажиллагаа явуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.

Гэвч зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар ОХУ-ын нутаг дэвсгэрт тагнуул хийхийг завдсан этгээдийн тоог 2017 онтой харьцуулахад 40-50 хувиар нэмэгдсэн гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *