БОАЖЯамнаас Амьтны тухай хуулийн дагуу Засгийн газарт тогтоолын төсөл оруулж Тусгай зориулалтаар 2017 онд агнах, барих ан амьтны тоог 2016 оны 155 дугаар тогтоолоор батлуулсан байна. Тогтоолд дурдсанаар энэ онд гадаадын анчдад угалз 68, тэх 75, буга 32, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 100, агнуурын шувуу 400, тул загас 500-г агнуулах, бариулах юм байна. Энэ нь 2015, 2016 оныхоос нилээд хэмжээгээр нэмэгдсэн гэсэн үг.
Энэ тогтоолын дагуу гадаадын анчдад 2017 онд агнуулах ан амьтныг аймаг, сум, агнуурын бүс нутгаар хуваарилах тухай Д. Оюунхорол сайдын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны А/149 тоот тушаал гарсан байна.
Энэ тушаалын 2-т <<УИХ , Засгийн газрын өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчдөд 2017 онд тусгай зориулалтаар агнах, барихаар 1 толгой халиун буга, тус бүр 2 толгой угалз, 2 толгой тэх байхаар баталсугай>> гэсэн стандартын бус нэг заалт тусгагджээ.
Сайдын тушаалын энэ заалт нь жил бүр уламжлал болон гардаг энэ төрлийн тушаалд хэзээ ч байгаагүй <<шинэ санаачлага>> буюу илүү заалт болжээ. Хэрэв тийм өндөр дээд хэмжээний төр, засгийн зочид төлөөлөгчид ирэх бол тухай бүрийд нь ерөнхий сайд захирамж гаргаад л ан агнуулах асуудлыг шийдвэрлэдэг байсан үе, туршлага бий. Тушаалд заавал ийм заалт хэрэгтэй гэж үзсэн юм бол яагаад төрийн гурван өндөрлөгийн нэг Төрийн тэргүүнийнхээ өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийг орхисон юм бол гэдэг нь гайхал төрүүлж байна. Ийм юман дээр арай л улс төржөөгүй байлтай.
2017 онд ийм олон /буга 1, угалз, тэх тус бүр 4-ийг агнах/ өндөр дээд хэмжээний анчин-зочин төлөөлөгчид Монголд айлчлах нь тушаал гарах үед буюу 2016 оны 11 дүгээр сард тодорхой болсон учраас энэ стандарт бус заалтыг Сайд тушаалдаа оруулсан юм болов уу. Нөгөө талаар нэг зочныг нэг удаа айлчлахад нь нэг л ан агнуулдаг жишиг аль ч улсад байдаг. Гэтэл тушаалд угалз 4, тэх 4, буга 1 гэж тусгаснаас үзэхэд 2017 онд УИХ, Засгийн газрын шугамаар ирэх өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгчдийн 9-д нь ховор ан амьтан агнуулах юм байна гэж ойлгогдож байна.
Гэхдээ 2017 онд Сайдын тушаалд дурдаснаар ан агнах 9 өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид айлчилна гэдэг нь сэтгэлд нэг л буухгүй байна.
Монгол улсад гадаад улс орны төр засгийн хэдэн зочин төлөөлөгчид ирэх, тэдний хэд нь ямар ан амьтан агнах хобитой болохыг Д. Оюунхорол сайд хэдэн сарын өмнөөс урьдчилан мэддэг ид шидтэй болсон юм болов уу. Эсвэл УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нь тус тусын шугамаар ирэх зочид төлөөлөгчиддөө ан агнуулах хүсэлт захиалгаа БОАЖ-ын Сайдад хэдэн сарын өмнөөс урьдчилан ирүүлдэг болсон хэрэг үү гэж эргэлзэхэд хүргэж байна.
Хэрэв үнэхээр УИХ, Засгийн газрын шугамаар гадаадын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид ирэх нь үнэн юм бол Тусгай зориулалтаар 2017 онд агнах, барих ан амьтны тоог тогтоох тухай Засгийн газрын 2016 оны 155 дугаар тогтоолд тэр тухай тусгасан баймаар юм. Гэтэл энэ талаар уг тогтоолд ямар ч үг үсэг байхгүй байгаагаас үзэхэд
Сайдын А/149 тоот тушаалын 2-т дурдсан тэр олон өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид гэдэг нь << зөвхөн Д.Оюунхорол сайдын урилгаар ирэх өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид>> байж магадгүй гэсэн хардлагыг түрүүлж байна. Учир юу вэ гэвэл Д.Оюунхорол сайд 2016 оны 11 , 12 дугаар сард хоёр ч удаа Арабын хэд хэдэн оронд айлчлаад ирснийг хүмүүс мэднэ.
Төр засгийн өндөр хэмжээний зочид төлөөлөгчид гэдэг нь төрийн гурван өндөрлөгийн ахалдаг Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ, Засгийн газар тэдгээрийн тэргүүн – эрх баригчдын шугамаар Монголд айлчлах зочид төлөөлөгчдийг л хэлдэг талаар гадаад харилцаатай холбоотой хууль тогтоомжид заасан байх юм.
Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 7.5-д угалзыг 7 дугаар сарын 1-ээс 10 дугаар сарын 1 хүртэл, тэхийг 7 дугаар сарын 15-аас 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, бугыг 7 дугаар сарын 1-ээс 9 дүгээр сарын 30 хүртлэх хугацаанд буюу энэ гурван зүйлийн ховор амьтныг жилд тус бүр 60-90 хоногийн хугацаанд л агнуулахыг хуульчлан тогтоосон байдаг. Энд дурдсан хугацаанаас бусад үед агнуулбал тэр нь хууль зөрчсөн үйлдэл болж таарна.
Өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгчдөд сайдын тушаалын 2-т дурдсан 1 буга, 4 угалз, 4 тэхийг агнуулахаар зааснаас үзэхэд тэр олон өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид нь 2017 он эхлэхээс дуусах хүртэл биш зөвхөн энэ оны ангийн сезон болох хоёроос гуравхан сарын хугацаанд шилээ даран ойр ойрхон айлчлах юм байна гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Эсвэл Сайд маань хуулиудын хэд хэдэн заалтыг зөрчсөн Засгийн газрын 155 дугаар тогтоолыг гаргуулж чадсан юм чинь өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгчдөд хуулийн хугацаа зөрчин ховор ан амьтныг агнуулах тушаал гаргаж, газрын дарга нь тусгай зөвшөөрөлийг нь олгож бас нэг <<шинэ санаачлага>> гаргах юм биш биз гэсэн хардлага төрж байгааг үгүйсгэх аргагүй. Нөгөө талаар өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид ирээд хуулийн дагуу, хугацаанд нь ховор ангаа агнууллаа гэхэд агнуурын нөөц ашигласны төлбөр, зөвшөөрлийн хураамжийг нь ан амьтнаа агнуулсан сумын төсөвт төлсөн байх зайлшгүй шаардлагатай, хуультай, журамтай гэдгийг БОАЖЯамныханд дахин анхааруулмаар байна.
Яагаад энэ тухай дурдав гэвэл 2015, 2016 онд хэдэн арван идлэг шонхор шувууг Кувейт, Катар, Эмират, Саудын Араб зэрэг орны сайд Д. Оюунхорол, газрын дарга Д. Даваасамба нарын хэлдэгээр болон хэвлэлд өгсөн яриагаар өндөр дээд хэжээний зочин төлөөлөгч гэх хүмүүст Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12.1.6-д <<Гадаадын иргэнд агнуулсан болон гадаад улсад амьдаар нь аливаа зориулалтаар гаргасан ан амьтны төлбөрийг эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнээр тооцно>> гэсэн заалтыг улаан цайм зөрчиж улсыг 10 орчим тэрбум төгрөгөөр хохироосон зөрчлийг дахин дахин гаргаж болохгүй гэдгийг сануулмаар байна. Сайд, дарга нар цалингаараа буюу хувийнхаа мөнгөөр худалдан авсан ямар ч үнэтэй, дурын бэлгийг хэнд ч өгч болохоос биш Үндсэн хуульд заасан гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байх ёстой төрийн өмч /Үндэсний бахархалт идлэг шонхор шувуу/-ийг жил бүр манайд ирдэг Арабын орнуудын шонхорчдод өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгч гэсэн нэр зүүчихээд баруун, солгойгүй бэлэглээд байх юм бол энэ нь хууль зөрчсөн, эрүү үүсэхээр ноцтой зөрчил гэдгийг сайд, дарга хоёрын сонорт дахин хүргэе.
Д.Оюунхорол сайд, Д.Даваасамба даргын 2016 онд хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр өгсөн ярилцлагаар бол 2015, 2016 онд Арабын орнуудаас шонхор барихаар нилээд хэдэн өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчид ирсэн учраас тэдэнд шонхор шувуудыг бэлэглэж байсан гэж байна лээ. Харамсалтай нь эдгээр зочид төлөөлөгчдийн зарим нь шонхор барихаар олон аймаг, сумдын нутгаар удаан хугацаагаар хэсүүчилж явахдаа Амьтны тухай, Байгалын нөөц ашигласны төлбөрийн тухай, Галт зэвсгийн тухай зэрэг хууль тогтоомжуудыг зөрчин Монгол орны ховор, хамгийн үнэт ан болох Аргаль угалзыг ямар ч зөвшөөрөлгүйгээр 5-6 гаар нь мөн хэд хэдэн цагаан зээр, хар сүүлт болон хэдэн зуун ногтруу шувууг хулгайгаар агнасан ноцтой зөрчлийг гаргасан нь тодорхой болсон бөгөөд энэ талаар зарим хууль хяналтын байгууллага болон сайд Д.Оюунхорол, газрын дарга Д.Даваасамба нарт мэдэгдсэн ч одоо болтол ямар ч арга хэмжээ аваагүй байна. Арабуудын хулгайгаар агнасан эдгээр ан амьтдын зөвхөн амьтны аймагт учруулсан хохирлын хэмжээ буюу нөхөн төлбөр нь л гэхэд 200-аад сая төгрөг болж байгаа юм. Зөвхөн хохирлынхоо хэмжээгээр бол энэ нь 3-5 жилийн ялтай эрүүгийн гэмт хэрэг мөн.
Тушаалын 2 дугаар заалттай холбогдох хамгийн гол хардлага бол өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн нэрээр Засгийн газрын 2016 оны 155 дугаар тогтоолоор 2017 онд тусгай зориулалтаар агнуулахыг зөвшөөрсөн ховор ан амьтадыг сайдын А/149 тоот тушаалаар аймаг, сум, агнуурын бүс нутгаар хуваарилсан хуваариас сайд маань угалз 4, тэх 4, буга 1-ийг авч үлдээд төр, засгийн нөгөө олон өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид нь ирэхгүй, ирсэн ч 2-3 нь ирж ан хийлээ гэхэд үлдсэн анг нь 2017 онд агнуулахгүй байж буян үйлдэж чадах уу, эсвэл гадаадын анчдад зуучилж ан агнуулах бизнес эрхэлдэг яамны удирдлагад талтай нөгөө цөөн тооны компаниуддаа, зочид төлөөлөгчдийн нэрээр хуваарилаагүй авч үлдсэн хэд хэдэн угалз, тэхийг гадаадын анчдад агнуулах эрх , зөвшөөрлийг олгох далд бодол, тохироо, хуйвалдаан байгаа нь нууц биш гэж ярих хүмүүс ч байна. Энэ нь яах аргагүй үнэний хувьтай гэж бодож байна.
Үүний нэг баталгаа бол 1996 онд АНУ-д очоод өөрийгөө Монгол Улсын Байгаль орчны сайд гэж худал хэлж яваад АНУ-ын Дотоод Хэргийн Төрийн Департаментад шалгагдаж явсан, гадаадын анчдад ан агнуулах ажилд зуучилдаг Монгол Сафари ХХК-ийн эзэн У.Буяндэлгэр гэгч саяхан буюу 2 дугаар сарын 1-нээс 12-нд АНУ-д очоод УИХ, Засгийн газрын 2017 оны анг борлуулна, ангаа Улсын тусгай хамгаалалттай газарт ч агнуулж чадна, би УИХ-ын даргын болон Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдын дотны хүн гэж явна гэсэн мэдээлэл байна. Энэ эрхмийн үгээр бол Сайдын тушаалд дурьдсан Төр засгийн өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдөд агнуулах ан амьтад нь энэ мэтийн хоёр, гуравхан хүний гараар ороод дуусчиж болзошгүй юм.
МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН АНЧДЫН ХОЛБОО