Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гадаадад сурч, боловсрол эзэмшсэн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхийг дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасны дагуу нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-тай хамтран “Монгол оюуныг Монголын төлөө” Гадаадад төгсөгчдийн нэгдсэн анхдугаар чуулга уулзалтыг нийслэлийн Засаг даргын ивээл дор 2018 оны 6-р сарын 30-ны өдөр Шангри-Ла цогцолборт зохион байгууллаа.
Энэхүү чуулга уулзалтаар дэлхийн өнцөг бүрт суралцаж, дээд боловсрол эзэмшсэн, олон талт туршлага хуримтлуулсан залуучууд эвлэлдэн нэгдэж, эх орныхоо хөгжил дэвшилд, түүний дотор нийслэл Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмрээ оруулах боломж, бололцоог хамтдаа эрэлхийлж, гадаадад сурч боловсрол эзэмшсэн шилдэг залуучууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
“Гадаадад төгсөгчдийн нэгдсэн чуулга уулзалт”-д “Юнител” групп, “Говь” ХК, “Петровис” групп, “Монос” групп, “Бишрэлт” групп, “Голомт” банк, “Богд” банк, “Би Эс Би” ХХК, “Монсертф” ХХК зэрэг Монголын шилдэг аж ахуйн нэгжүүд оролцож, гадаад, дотоод худалдаа, эдийн засаг, хүний нөөц, маркетинг, брендинг, мэдээллийн технологийн чиглэлээр 90 орчим нээлттэй ажлын байр зарлалаа.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Энэ чуулга уулзалтаас Монгол орны хөгжилд дорвитой хувь нэмэр болохуйц шинэ санаа, санаачилгууд гарч байна.
Мөн Гадаадад төгсөгч залуучуудыг бодлоготойгоор дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийг нийслэлийн Засаг даргад танилцуулж, хөтөлбөрийн төслийг өргөн барих гэж байгаагаараа онцлогтой үйл ажиллагаа болж байна” хэмээв.
Энэ удаагийн үйл ажиллагаа дараах үр дүнд хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна. Үүнд:
Гадаадад төгсөгч залуучуудын дуу хоолойг нэгтгэн, тодорхой төсөл, хөтөлбөрт уриалан оролцуулах, идэвхжүүлэх, үүнийг Нийслэлийн хөгжилд чиглүүлэх,
Өндөр хөгжилтэй орны хөгжсөн, шалгарсан туршлагаас судлах, цаашлаад Нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжилд бодитоор хувь нэмэр болох 2 төслийг жил бүр Нийслэлийн удирдлагад танилцуулах, төслүүдийг хамтран хэрэгжүүлэх,
Суралцсан орныхоо чадварлаг боловсон хүчин, мэргэжилтэн, түншүүдийг төрийн болон хувийн хэвшлийн салбарт шаардлагатай ажлын байранд нь холбож, гүүр болсноор хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргах,
Хөгжлийн тусламж үзүүлдэг улс орнууд, хандивлагч олон улсын байгууллагуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах,
Гадаадад төгсөгч залуучуудын мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, улмаар шаардлагатай ажил олгогч болон төсөл хөтөлбөрт оролцуулах боломжийг бүрдүүлэх болно гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.