Улсын бүртгэлийн ерөнхий газар үйлчилгээгээ иргэдэд ойртуулж, шуурхай хүргэх зорилгоор “Монгол шуудан” компанитай хамтран Үндэсний энгийн гадаад паспортыг баталгаат шуудангаар дамжуулан иргэний өөрийн хүсэлтээр гараас гарт, гэрт нь хүргэх үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байна. Хүргэлтийн энэ үйлчилгээ нь бүх дүүрэгт байршил харгалзахгүй 24 цагийн дотор хийгдэж эхэлжээ. Хот доторх үйлчилгээний хураамж 3500 төгрөг, хөдөө орон нутагт буюу Дархан, Орхон, Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговь аймгуудад 48 цагийн дотор 5000 төгрөгийн хураамжийг хүргэлтийн үнэд төлөх юм байна. Бусад аймгийн төвд 72 цагийн дотор иргэний хүсэлтээр захиалсан гадаад паспортыг нь гэр болон ажлын хаягийн дагуу хүргэж өгч үйлчилж байна. Иймээс иргэд гадаад паспорт захиалж, өөрийн хүсэлтээр хүргэлтийн үйлчилгээг сонгосон бол үндсэн үнийн дүнд хүргэлтийн үйлчилгээний хураамжийг нэмж төлөх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл, та анх удаа шинээр нэг жилийн хугацаатай гадаад паспорт яаралтайгаар авахаар захиалсан бол /32600/ хот дотор хүргэлт хийлгэвэл 3500 төгрөгийг нэмж төлөх нь. Улсын бүртгэлийн ерөнхий газар цаашид үл хөдлөхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээ, цахим үнэмлэх зэрэг олон төрлийн бичиг баримтыг “Монгол шуудан”-гийн үйлчилгээгээр дамжуулан иргэний хүсэлтийн дагуу хаягаар нь хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.