Categories
мэдээ нийгэм

Гадаад паспорт олголт тойрсон хүндрэлийг шийдэх ажлын хэсэг байгууллаа

Гадаад паспортыг олгохгүй, паспорт хүссэн хүсэлтийг ирэх есдүгээр сар гартал хүлээж авахгүй байгаа талаар иргэдээс Засгийн газрын шуурхай мэдээллийн 11-11 төвд хандаж байгаа аж. Иймд гадаад паспорт олголтыг тойрсон хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад хэргийн сайдын тушаалаар байгуулахаар болжэ.

Уг нь 2016 оны улсын төсөвт 150 000 ширхэг үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийн зардалд 850 сая төгрөг төсөвлөжээ. Гэвч дээрх санхүүжилтийг 2015 онд нийлүүлсэн гадаад паспортын төлбөр болон шинээр нэвтрүүлэх чиптэй гадаад паспортын бэлдэцийн санхүүжилтийн урьдчилгаанд тус тус шилжүүлсэн байна. Ингэснээр гадаад паспортын бэлдэц үйлдвэрлэгч компанид бэлдэцийн байнгын өр төлбөр үүсч, урьд өмнөх онуудын өр төлбөрийг 2016 оны төсвийн санхүүжилтээс шилжүүлэн өгсөн юм. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын бэлдэцгүй биш, харин бэлдэц худалдан авах 2016 оны төсөв нь дууссан учраас өнөөдрийн хүндрэл үүсээд байгаа ажээ.

Дашрамд дурдахад, сүүлийн жилүүдэд гадаад паспорт авах иргэдийн тоо эрс өссөн тоон судалгаа гарсан байна. Тухайлбал ОХУ-д визгүй зорчих болсноос хойш илүү нэмэгдэж, 2015 онд 190 мянга, 2016 оны эхний долоон сарын байдлаар 120 мянган иргэн гадаад паспорт шинээр аваад байгаа талаар мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *