Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар монголын тээвэр зуучдын нэгдсэн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1 дүгээр сарын 31-ний өдөр Монголын Тээвэр зуучдын нэгдсэн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улсад хуурай боомт байгуулах боломж, түүний ач холбогдлын талаар санал солилцов. Монгол Улс нь НҮБ-ын АНЭЗНК-ын “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т 2016 онд нэгдэн орсон бөгөөд энэхүү хэлэлцээрт нэгдэн орсноор олон улсын чанартай хуурай боомт байгуулах эрх зүйн орчин бүрдсэн, одоо түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ чухал байгааг тээвэр зуучдын төлөөлөл онцлов.

Энэхүү хэлэлцээрт зааснаар олон улсын хуурай боомт нь олон улсын худалдаанд тээвэрлэж байгаа барааг ачиж буулгах, хадгалах, холбогдох хяналт шалгалт, үзлэг хийх нэг буюу түүнээс дээш тээврийн горимоор далайн боомттой холбогдсон ложистикийн төв болох нутаг дэвсгэрийг хэлэх бөгөөд олон улсын хуурай боомт байгуулснаар далайгаар тээвэрлэгдсэн ачааг Монгол Улс руу саадгүй, түргэн шуурхай, өртөг багатай тээвэрлэх, улмаар манай улсын экспорт, импортын үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэдэг тээвэр, ложистикийн асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой юм.

Монгол Улсад олон улсын хуурай боомт байгуулахын тулд хөрш орнуудтай холбогдох гэрээ байгуулах асуудал чухал байгааг тээвэр зуучдын төлөөлөл тэмдэглэж, эл ажлыг хийж гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэхийг Гадаад харилцааны сайдаас хүслээ. Д.Цогтбаатар сайд хүсэлтийг хүлээн авч тээвэр зуучдын үйл ажиллагаанд дэмлжэг үзүүлэхээ илэрхийлэв. Уулзалтад ГХЯ болон ЗТХЯ-ны холбогдох газрын удирдлагууд оролцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *