Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Сонгуулийн холимог тогтолцоог 2020 оноос өмнө мөрдөх бололцоогүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг дагаж хэлэлцэхэд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 20-ноос эхэлж мөрдөнө. Наашлуулах ямар ч боломжгүй. УИХ-ын гишүүдийн нийт 4/3 буюу 57-оос доошгүй ирцтэй бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ гэж хуулинд заасан. Өнөөдрийн чуулганы хуралдаанд 60 гишүүн байна. Ингээд журмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ” хэмээн спикер мэдэгдлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал хэллээ.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

-Дарааллаараа бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөө батлаагүй байхад дагаж мөрдөх журмын тухай ярьж болохгүй. Яагаад өөрчлөгдсөн бэ. Нэмэлт өөрчлөлт батлагдаагүй байхад батлагдан гэсэн журмыг хэлэлцэж болохгүй. Эхлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулах хэрэгтэй. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах хугацааны асуудал шийдэгдээгүй байгаа. Дараагаар нь хуулийн зөрчил болж хувирна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгээр журмын тухай хуулийн төсөл батлагдахад “Үндсэн хууль бүхэлдээ 2020 оны тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болно” гэж заасан. Түүнээс хойш хугацаа тавигдаж болно. Сонгуулийн холимог тогтолцоог урагшлуулах бололцоогүй. Сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Нэг жилийн өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт хүчин төгөлдөр Тиймээс Сонгуулийн тогтолцоог 2020 оноос өмнө мөрдөх хуульзүйн болон техникийн бололцоогүй. Сонгуулийн хууль дээр энэ асуудлыг жич хэлэлцэж болно.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Бид намар ээлжит бус хуралдаан хийгээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцээд Ард нийтийн санал асуулга явуулна гэсэн. Яагаад ард түмнээсээ асуухгүй байгаа юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Ц.Даваасүрэн гишүүн чуулгандаа оролцоогүй учир мэдэхгүй байна. Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавиад, дахин хэлэлцүүлэг хийгээд, гуравдугаар хэлэлцүүлэгт орохоор болсон.

Ингээд Д.Эрдэнэбат гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явууллаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг эхэлж хийх саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *