Жүжигчин Г.Ундармаа “Шинэ үе” продакшнаас гарч, хүмүүнлэгийн үйлст хувь нэмрээ оруулж эхэлсэн. Тэрээр “Анх нэгдүгээр эмнэлэгт аавыгаа сахиж байхдаа сахиурын өрөө ямар чухал болохыг ойлгосон. Учир нь эмнэлэгүүд хэвтэрт байгаа хүмүүсээ сайтар анхаардаг боловч тэднээс дутуугүй зовж шаналсан, ядарсан, хүнд байдалд орсон сахиурууд хаягддаг. Арга ч үгүй биз. Өвчтөнийг нь харна, хажуугаар нь сахиурыг нь харна гэж юу байхав. Ингээд би энэ аяныг эхлүүлсэн дээ, түүнээс би их мөнгөтэй биш. Энэ бүх зүйл дан хандивын мөнгөөр боссон. Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгээс эхэлсэн энэ аян маань Хавдар судлалын үндэсний төвд үргэлжилнэ” гэж өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэллээ.
Мөн тэрээр хандивын аянаас гадна өөрийн уран бүтээлээ ч мартсангүй, “Ю-Фильм” студийн бүтээл Single ladies инээдмийн киноныхоо хоёрдугаар ангийг хийж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ удаагийн ангид мөн л жүжигчин Туяа, Дөлгөөн, Ундармаа нар тоглож өмнөх ангид найз залуутай, нөхөртэй болсон бүсгүйчүүд дахин ганц бие болж байгаа тухай өгүүлнэ. Тэрээр энэ киноныхоо талаар “Ганц бие бүсгүйчүүдэд жаргал зовлон байдгийн адил гэр бүлтэй эмэгтэйчүүдэд ч өөрийн гэсэн жаргал, бас бэрхшээл бий. Хүн өөрийнхөө аз жаргалыг мэдэрдэггүй, бусдын аз жаргал тэмүүлэх нь бий. Тиймээс таны аз жаргал дэргэд чинь байна шүү гэдгийг харуулахыг зорьсон” гэжээ.