Categories
мэдээ нийгэм

Г. Ундармаа: Жилд болдог онцгой хоёрхон баярын маань нэг нь “Итгэлийн танхим”-ын ажил

Жүжигчин СТА Г.Ундармаа долоо дахь сайн үйлсийн аяны хүрээнд “Сэтгэл зүйн зөвөлгөө өгөх танхим”-ыг тохижуулан Сэргээн Засалт, Сургалт Үйлдвэрлэлийн Төвд хүлээлгэн өглөө. Нээлтэд СЗСҮТ-ийн дарга Ц.Ганчимэг, жүжигчин СТА Г.Ундармаа, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, “Оюу толгой” ХХК-ны хэрэг эрхлэх газрын дарга, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Цэрэнхүү, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл оролцов.

Төслийг санаачлан хэрэгжүүлэгч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Жүжигчин Г.Ундармаатай ярилцлаа.

Юуны өмнө танд баярлалаа бас баяр хүргэе! 2013 онд төрийн бус байгууллагаа байгуулаад хэд дэх сайн үйлсээ хийж байна вэ?

-Төрийн хүрч чадахгүй байгаа ард иргэддээ эрүүл мэнд эмнэлгийн байгууллагуудыг өөрийнхөө хэмжээнд ойртуулахаар боломжоороо тусалж эхэлсэн. Энэ ажил маань жил ирэх тусам томорч, өргөжин явсаар байгаа. Анх “Яаралтай түргэн тусламжийн төв”-ийн хүлээн авах тасаг болох 200 м.кв өрөөг тохижуулья гэж бодож эхэлсэн. Харин өнөөдөр долоо дахь тохижилтын ажлаа хийж дуусгаад хүлээлгэн өгч байна. Анх хийе гээд сэдэл төрж байхад би өөрөө л ганцаараа л хийх юм байна даа. Яаж хийнэ дээ гэж бодож эхлүүлж байсан. Тэгээд facebook дээрээ ийм ажил хийхээр төлөвлөж байна гээд пост хийв. Гэтэл маш олон хувь хүмүүс, компаниуд дэмжиж хамтран ажиллах, хандив тусламж өгөх санал ирсэн. Барилгын компанитай нь барилгын материал, хаалга үйлпвэрлэдэг нь хаалга, цонх үйлдвэрлэдэг нь цонх хандивлаж, юу байна түүгээрээ гэдэг шиг намайг дэмжиж урам өгч байв. Энэ бүхнээс харахад бид нэг нэгэндээ тусалья, сайн үйл бүтээе гэж зориход манай монголчууд нэгнийгээ дэмжиж чаддаг, урам хайрлаж ажиллах эрч хүчийг өгч чаддаг юм байна гэж дүгнэсэн дээ.

-Сэтгэл зүйн зөвөлгөө өгөхөд тохилог орчин хэрэгтэй шүү дээ. Яагаад заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажил хийхээр зорив?

-Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан ажил хийх юмсан гэж боддог байсан. Хүн гэдэг яг зориод л хүүе нааш ир гэхгүй л бол урдах ажлаа дийлдэггүй шүү дээ. Тэгээд өөр газрыг тохижуулаад явж байтал Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа СЗСҮТ-өөс надтай холбогдсон. Миний дотроо бодож явсан ажил болохоор шууд л хийе гээд зөвшөөрсөн. Өнгөрсөн оны арван сард бид анх уулзаад ярилцаж эхэлж байсан бол өнөөдөр хийгээд дуусчихлаа. Яагаад заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэтгэл зүйн зөвөлгөө өгөх газрыг сонгосон бэ? гэвэл манай улсын хэмжээнд стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх, хүртээмжтэй орчныг бий болгох нөхцөл маш дутмаг. Манай төслийн баг эхлээд судалгаа хийсэн. Судалгаагаар хэдхэн үйлчилгээний байгууллага стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орчныг бүрдүүлсэн. Тэр нь гарын арван хуруунд ч хүрэхгүй цөөхөн. Тэгээд манай төслийн баг ярилцаад нэг зүйлийг биш олон зүйл хийе гэж зорилго тавьсан. Энэ ажил маань хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулсан эхний ажил болж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нийгмээс гадуурхагдаж байна, тэдэнтэй харилцах хүмүүсийн харилцаа ялгавартай байна, хүртээмжтэй орчныг бий болгоё, ганцаараа гэрээсээ гараад явж чадахгүй тэрнээсээ болоод сэтгэл зүйн дарамтад ордог. Үүнээсээ болоод амьдрах итгэл төрөхгүй, хүн шиг амьдрах итгэлгүй гээд тоочоод байдал маш олон шалтгаан байгаа. Энэ талаас нь харж энэхүү танхимаа тохижуулж байгаа юм.

-Зөвөлгөө, тэр дундаа сэтгэл зүйн зөвөлгөө өгөхөд байгаа орчин их нөлөөлдөг. Үүнийг тохижуулахдаа мэргэжлийн хүнээс зөвөлгөө авсан уу?

– Мэдээж эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэний сэтгэл зүйн онцлог, тэдний орчин нөхцөл ямар байх ёстой гээд судалгаа хийсэн. Дараа нь СЗСҮТ-ийн сэтгэл зүйч нараас мэргэжлийн онцлог орчин нь ямар байх ярилцаж хамтран гүйцэтгэсэн. Бид энэ ажлыг сарын хугацаанд хийлээ. Урьд нь Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн нэг жигүүрийг тохижуулсан. 500 м.кв маш том талбайг гурван сарын хугацаатай хийсэн. Энэ сэтгэл зүйн зөвөлгөө өгөх танхим маань 55 м.кв болохоор нэг сарын хугацаанд хийчихлээ.

-Төслийн багтайгаа бүх сайн үйлсийн аяндаа хамтран орсон уу?

-Загвараа хараад засварын баг, зургийн баг гээд бид бүх ажлаа хуваарилаад хийдэг. Одоо харахад манай баг бүрдчихжээ. Чанартай хийдэг болж. Урд нь уйлаад хийсэн шалаа хуулаад хайран таван сая төгрөг гээд харамсаж байсан үе байлаа. Харин өнөөдөр би заавал хажууд нь байж яаж байна, болж байна уу гээд байн байн гүйхээ больж. Энэ төслийн ажил дуустал таван удаа л ирсэн байх. Багаа бүрдүүлээд ажлаа танилцуулаад, материалыг нь авч өгөөд бараа материал хандивласан байгууллага руугаа явдаг ийм л ажил хийлээ. Энэ ажил маань ч их амархан хурдан чанартай болсон. Хүнд зөв юм хийгээд, сайн үйл бүтээгээд бүтээл болгоныхоо ард гараад маш их сэтгэлийн таашаал авч байна. Олон ажлыг хамтран хийгээд байхаар нэг нэгэндээ уусдаг юм байна. Надтай хамт бусад хүмүүсийг аз жаргалтай байлгахын төлөө үргэлж хамтран ажилладагт баярлалаа гэж багийнхаа хамт олонд хэлье. Миний хувьд нэг жилд онцгой хоёр гуравхан баяр болдог. Нэг нь миний уран бүтээлийн нээлт, нэг нь “Итгэлийн танхим”-ын ажлаа хийж дуусгаад хүлээлгэж өгөх юм даа.

-Магадгүй хүмүүс Г.Ундармаа дараачийн удаа юу хийх бол хэмээн сонирхож байгаа байх?

-Би сарын өмнө facebook-ээс нэг зураг харсан. Эх нялхсын хүлээн авах өрөөний зураг. 11 билүү найман хүлээн авахтай. Дарга нь зохион байгуулаад уг нь янзалсан ч хаалгаар нь орохоор хүүхэд том хүнгүй бүгд холилдоод хэцүү. Өвчтнүүдэд их хүндрэлтэй байгаа харагдсан. Манай хотын агаар ямар билээ. Зундаа тоос шороотой, өвөлдөө утаатай. Ийм нөхцөлд хүүхэд том хүнгүй эмнэлгийнхээ үүдэнд шахцалдсан байдалтай байх нь хэцүү. Тиймээс эх нялхсын хүлээн авах өрөөнүүдийг янзалж өгөхөөр төлөвлөөд сарын өмнөөс хийгээд одоо хоёр гуравхан хоногийн дараа дуусгаад хүлээлгэж өгөх гээд ажиллаж байна.

-Энэ цуврал ажлын чинь дараагийнх нь төлөвлөсөн зүйл нь юу вэ?

-Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ орлоготой болох гарцыг ольё, мэргэшилтэй болгоё гэдэг үүднээс гар урлалын сургалтыг СЗСҮТ хийдэг юм байна лээ. Түүнийг нь дэмжээд хэрэглэгдэх материал, хэрэгслийг нь бэлдэж өгсөн. Өчигдөр манай менежер надруу уйлах шахан залгаад манай сүүлийн дөрвөн төсөлтэй хамтран ажиллаж байгаа Заяа гээд залуу байдаг юм. Модоор юм хийдэг. Тэгсэн ханын бариулыг цагаан өнгөөр будаад хэлбэрийг нь өөрчлөөд маш гоёор хийгээд ирсэн байсан. Энэ мэт бааз материалаа ашиглан сургалтыг иргэддээ түгээж орлого олох эх үүсвэрийг нь бүрдүүлж өгөх бодол байна.

-Таны хийсэн ажил бүр нийгмийн сайн сайхны төлөө байдаг. Энэ бүх хийсэн ажлынхаа дараа ард иргэдээс хэр их сэтгэлийн үг сонсож энерги авч байна?

-Хамгийн гол нь бид яагаад ингээд хийгээд байдаг вэ гэхээр нэгдүгээрт бид олон хүнийг тухтай орчинд ажиллуулж, амьдруулах, эмчлүүлэх, зөвөлгөө өгүүлэх гэх мэт. Хоёрдугаарт төрийн үйлчилгээ хүрч чадахгүй байгаа хүмүүст жоохон ч гэсэн ойртуулах, хүртээмжтэй орчныг бий болгох үүднээс хийгээд байгаа. Бид энэ төсөл ажлуудаа цаашид үргэлжлүүлэн хийх болно. Хамгийн гол нь бидний хийсэн ажилд жишиг тогтож эхэлж байна. Бидний хийсэн ажлыг араас маань хүмүүс ярьж байна. Юу гэж ярих вэ гэхээр манай урьдны авдаг гэрэл шатаад байдаг энэ шатахгүй байна. хаанаас авсан ямар гэрэл вэ. Манайд засвар орж байгаа энэ өнгөнөөс нь арай өөр будгаар будаад байх юм. Энэ өнгө нь зохицохгүй байна гэх жишээний ярьсаар байгаа. Энэ нь бидний ажлыг хүндэлсэн стандарт тогтоосон чанартай материалаар сайн юм хийж байгааг минь мэдэрдэг мэддэг болж. Зүгээр нэг бор хаалга битгий суулга. Гэрэлтэй гэгээтэй өө сэвгүй цагаан хаалга хий. Хүмүүс хүрэхдээ хүртэл халтар гараараа хүрчихвий гэж хайрладаг болно. Үргэлж тусалж дэмждэг компаниуддаа баярлалаа. “Тепло монтаж”, “Анун” компани өнөөдрийг хүртэл долоон төсөл дээр маань 100 хувь чанартай бараа бүтээгдэхүүнээр хандив өргөн хийсээр ирсэн. “Тепло монтаж” цахилгааны бүх ажлуудыг чанартай материалаар хийж өгдөг. Өнөөдрийн энэ төсөлд нийт 33 сая төгрөг гарсан байна. Үүнээс 12 саяыг “Оюу толгой” компани, манай “U Film”-ээс 12 сая төгрөг бэлнээр гарсан. Үлдсэн есөн сая төгрөгийг бараа материалаар компани, хувь хүмүүс хандивлан өгсөн байгаа.

-Сайн үйлсийнхээ хажуугаар уран бүтээлийнхээ ажилд анхаарч чадаж байна? сүүлийн үед хийж байгаа уран бүтээлээсээ сонирхуулаач?

-“Single ladies-3” киноныхоо нээлтээс хойш уран бүтээлээ түр завсарласан. Зэрэг зэрэг хийж эхэлсэн тохижилтын ажлуудаа эхлээд цэгцлэх хэрэгтэй. Гэхдээ удахгүй ард түмэнтэйгээ шинэ уран бүтээлээрээ учран золгоно.

-Таны нөхөр энэхүү ажлыг чинь хэр дэмждэг вэ?

-Мэдээж сайн уран бүтээлчийн ард сайн хань үргэлж байдаг (өөрийгөө сайн уран бүтээлч гээд магтчихсан уу) Миний хань намайг хийе гээд зорисон бүхнийг үргэлж дэмжиж ирсэн. Надтай цуг санаа зовж,надтай хамт баярлаж, хийсэн ажил бүрд минь урам өгч, намайг зоригжуулж, шантрах үед урам хайрлаж, баярлах үед минь надаас илүү баярладаг хүн.

Энэ танхимын нээлтэд сэтгэл хангалуун байгаагаа эцэг эхчүүд хэлсэн юм. Хүүхдүүд нь сэтгэл зүйн зөвөлгөө аваад арай өөр өнцгөөс амьдралыг хардаг болох байх. Итгэл нь сэргэж, бидэнд ч гэсэн нөлөөлөл нь мэдэгдэх сайхан ажил хийж байна гээд жүжигчин Г.Ундармаад баярлаж байгаагаа дахин дахин хэлж байв.

СЗСҮТ-ийн дарга Ц.Ганчимэг ярихдаа

-“Манай байгууллага тавь гаруй жилийн түүхтэй. Энд ганцхан үйлчилгээ үзүүлэх биш сэргээн засах, эмчлэх, мэргэжлийн ур чадвар олгох сургалт, нийгмийн сэргээн засах үйлчилгээ үзүүлэх хамт олон гээд үндсэн цогц үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Бид төрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цогцоор нь хүргэх тал дээр ажилладаг. Мэргэжлийн ур чадвар олгох сургууль бол дөч гаруй жилийн түүхтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэргэжлийн дамжаанд сургах үндэслэлээр анх байгуулагдсан. Жил бүр арав гаруй мэргэжлээр 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг төгсгөдөг. Энэ дашрамд бидэнд сэтгэл зүйн танхим их дутагдаж байсан. Бидний саналыг хүлээн авч ийм сайхан “Сэтгэл зүйн зөвөлгөө өгөх танхим”-ыг тохижуулж өгсөн жүжигчин Г.Ундармаа болон хамтран ажилласан байгууллага хувь хүмүүст баярласнаа илэрхийлье” гэж хэлэв.

СЗСҮТ-ийн сэтгэл зүйч Г.Энхбаяр ярихдаа

-“Хөгжлийн бэрхшээл гэдэг маш олон төрөл. Бид сонголгой хүнд дохионы хэлээр, видео бичлэгээр гэх мэтээр мэргэжлийн үүднээс зөвөлгөөгөө өгнө. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэтгэл зүй энгийн хүмүүсийнхээс хамаагүй өөр. Тийм болохоор тэдэнд өөртөө итгэх итгэлийг суулгах, өөрийгөө ямар үнэ цэнэтэй болохыг ойлгуулах, сэтгэл заслын эмчилгээнүүд маш хэрэгтэй байдаг. Манай нөхцөл боломж их дутмаг байсан. Харин ийм сайхан орчинд хүмүүс зөвөлгөө аваад сэтгэл заслын эмчилгээ хийлгээд ирэхээр амьдралыг үзэх үзэл нь өөрчлөгдөж, өөртөө итгэх итгэлтэй болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьсан юм

Үндэсний статистикийн газраас 2017 онд гаргасан судалгаагаар манай улсын хэмжээнд нийт 103,630 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.

Улсын хэмжээнд сэтгэл зүйн зөвөлгөө, үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд цөөнгүй. Эдгээр нь дэд бүтэц, орчны хүртээмж, боловсон хүчний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэж чаддаггүй. Тухайлбал сонсголын бэрхшээлтэй хүн үйлчлүүлэхэд дохионы хэлээр зөвөлгөө өгөх, тэргэнцэртэй хүн үйлчлүүлэхэд налуу зам лифт байдаггүй. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил нийгэмд оролцох, зөвөлгөө мэдээлэл авах эрх нь хязгаарлагдмал байна.

Иймээс “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагад Сэргээн Засалт, Сургалт, Үйлдвэрлэлийн Төв санал тавьснаар “Сэтгэл зүйн зөвөлгөө өгөх танхим”-ыг тохижуулан өгчээ. Энэхүү төсөл 2017 оны 10-р сард эхэлсэн. “Итгэлийн танхим”, “Оюу Толгой” ХХК, “Анун”, “Тепло монтаж” зэрэг арав гаруй аж ахуй нэгж, хувь хүний оролцоотой 33 сая төгрөгийн тохижилтыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө.

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *