Монголын Бодибилдинг фитнессийн холбооны шилдэг тамирчдын нэг, Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэг Энэтхэг Улсын Пуне хотод болсон бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хоёр алтан медалийн эзэн болжээ. Тэрбээр насанд хүрэгчдийн “Athletic Physique up to 165 cm” ангилал болон 35-аас дээш насны “Women’s Athletic Physique open” ангилалд аваргын алтан медалийг хүртэж, гурав дахь удаагаа Азийн аварга болж байна. Г.Угалзцэцэг 2016, 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байжээ.
Сүүлийн жилүүдэд бодибилдинг, фитнессийн Ази тивийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, түүхэн амжилтуудыг үзүүлсээр байгаа Г.Угалзцэцэг энэхүү спортыг сонгож, тив, дэлхийн тэмцээний тавцанд Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Түүний хувьд бодибилдингийн спортын түүхэнд олон амжилтын анхдагч нь.
Г.Угалзцэцэг 2017 онд сонирхогчдын бодибилдинг, фитнесийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, гурав дахь удаагаа аваргын алтан медалийг хүртсэн юм.