Categories
мэдээ спорт

​Г.Сүхбат: Үндэсний бөхийнхөн л допингийн асуудалд холбогддог

Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Допингийн шинжилгээний дээжийг сольдог, чөлөөлж болдог мэтээр зарим сайтууд бичжээ. Тэд байгууллагын нэр төрд халдсан гэж үзэн шүүхэд гомдол гаргахаар болж. Энэхүү мэдээлэл нь дөрөвдүгээр сарын 15-нд сайтуудаар цацагдаж. Дараа нь 2-3 удаа өөр сайт тус мэдээллийг цацсан байна. Тухайн үед хоёр удаа сануулга өгсөн ч залруулга хийгээгүй аж. Тэд хэвлэлийн хурлаар дамжуулан нэр төрд нь халдсан мэдээллийн хэрэгсэл, хувь хүмүүсийг шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Үүний ард өөрсдийнхөө хууль бус үйлдлийг бусдад тохохыг оролдсон үндэсний бөхийн зарим хүмүүс бий гэж таамаглаж байгаа юм. Учир нь 2017 оны наадмын дараах шинжилгээгээр 31 бөхийн тавд нь допингийн төрлийн бодис илэрчээ. Энэ талаар Допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.Сүхбатаас тодруулав.

-Хэрвээ тамирчин бие нь өвдсөн тохиолдолд эм уугаад уралдаан тэмцээнд орсон бол түүнийг допинг хэрэглэсэн гэж үзэх үү?

-Тамирчин хүн эм хэрэглэх ёсгүй. Эм гэдэг өвчтэй хүнд өгдөг бодис. Тэмцээн уралдаанд өрсөлдөж буй тамирчид эрүүл байх үүрэгтэй. Эрүүл тамирчин өөрийн бие махбодийн хүчээр шударга өрсөлдөнө гэсэн журамтай.

-Тамирчин гэмтэлтэй тэр нь эдгээд тэмцээнд ороход нь шинжилгээ авахаар допинг илэрвэл яах вэ?

-Эмчилгээний журмаар чөлөөлдөг стандарт гэж бий. Тэр стандартын дагуу бичиг баримтаа бүрдүүлэх хэрэгтэй. Тусгай журмын дагуу бөглөдөг хуудас байдаг. Эмчилгээний үед ямар эм тариа хэрэглэсэн, эмчлүүлсэн эмч, эмнэлгийн нэрийг тодорхой бичнэ. Үүнийг нь допингийн төв үнэн худлыг шалгаж, баталгаажуулна. Уг хуудсаа тэмцээн зохиох баг руу, ДДЭТ-рүү мэдүүлнэ. Шинжилгээний хариунд допинг илэрвэл аль төрлийн тамирчин байхаас шалтгаалаад тухайн спортын холбоо шийднэ. Гэмтэл нь эдгээгүй байхад тэмцээнд орохгүй. Хэрэв орох шаардлага гарвал тэмцээн болохоос 1-3 сарын өмнө албан ёсоор материалаа бүрдүүлээд, холбогдох байгууллагад хүргэнэ. Бүх зүйл ДДЭА-аас заасан журмын дагуу явдаг. Гэвч биднийг шинжилгээний хариуг сольдог, хээл хахууль авдаг сүлжээ болсон гэж зарим сайт ташаа мэдээлэл бичээд байгаа.

-ДДЭА-аас жил бүр допингийн төрлийн бодис, эм, эмийн бүтээгдэхүүний жагсаалтыг шинэчлэн гаргадаг гэлээ. Тамирчдад энэ төрлийн сургалт арга зүйн зөвөлгөөг өгдөг үү?

-Өнгөрсөн онд сар бүр цуврал сургалт явуулсан. Үндэсний Олимпийн хорооны байранд долоо хоног бүрийн гурав дахь өдөр холбоодод лекц уншдаг. Допингийн хор хохирол, стандартын дагуу шинжилгээг хэрхэн өгөх гээд бүх талын сургалтыг явуулж байгаа.

-Тамирчдад зориулсан допингийн төрлийн эмийн жагсаалт, гарын авлага байдаг уу?

-Допингийн эсрэг байгууллагын сайт руу ороход бүх мэдээлэл байгаа. Монгол хэл дээр хөрвүүлсэн гарын авлага бий.Сургалтад хамрагдсан бүх холбоодод тарааж өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд допингийн эсрэг хууль дүрмийг яаж биелүүлэх талаар аплейкешн гаргасан. ЮНЕСКО-гийн шугамаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ашиглаж байна. Antidoping.mn гээд манай байгууллагын сайт дээр энэ мэдээллүүд бүгд байгаа.

-Монголд бусад төрлийн спортод допинг илэрсэн гэж сонсогддоггүй. Яагаад үндэсний бөхөөр барилддаг бөхчүүдийн дунд илрээд байдаг юм бол?

-Манай улсад байх 20 гаруй төрлийн спортын холбоодоос ганцхан үндэсний бөхийн холбоо энэ асуудалд холбогддог. Бусад холбоод нь сургалтад хамрагддаг. Тиймээс материалаа үнэн зөв бүрдүүлдэг, асуудал гаргадаггүй. Үндэсний бөхийнхөн хэнэггүй зантай. Допингийн шинжилгээгээр илэрц гарсны дараа өөрийнхөө дүрэм зөрчсөн үйлдлийг бусад руу тохдог. Хүмүүс допинг хэрэглэж буй бусармаг үйлдлийг дэмжсэн, нуун дарагдуулсан, хамссан үйлдэл гаргаж байна. Үүнийг хамссан допингийн дүрэм зөрчсөн гэж үзнэ. Допинг илэрсэн хүмүүсийг өмгөөлсөн бол допингийн эсрэг дүрмийг зөрчиж байгаа хэрэг.

Монголын Допингийн эсрэг үндэсний төв нь ямар нэгэн спортын холбоо, хувь хүнээс хараат бус байгууллага. Тайлангаа жил бүр Төв Азийн бүсийн Допингийн эсрэг байгууллага, ДДЭА-т тайлагнадаг. Хараат бус, биеэ даасан, Олон улсын байгууллагын харьяа төв юм. Өнгөрсөн жилд 20 гаруй төрлөөр хичээллэж буй тамирчдаас 270 гаруй тэмцээний, тэмцээний бус үеийн шинжилгээ авч ДДЭА-т итгэмжлэгдсэн Бүгд найрамдах Солонгос улсын допингийн лаборитарид илгээж шинжлүүлжээ. Допингийн эсрэг сурталчилгаанд 1000 гаруй тамирчид, дасгалжуулагч, спорт холбоодын ажилтан, эмч нарыг хамруулжээ. Допингийн эсрэг үндэсний төвийн эх эмч Д.Энхсанаа ярихдаа: “ДДЭА-аас ирсэн стандартын шаардлага хангасан лац ломботой шинжилгээ авах сав нь баглаа боодолтойгоо ирдэг. Шээсний шинжилгээний сав нь бүтэн лацтай байна. Тамирчин шинжилгээ өгөхдөө гурваас доошгүй савнаас сонголт хийнэ. Хэрэв тэр савны лац унасан, уут нь урагдсан байвал солих эрхтэй. Стандартын дагуу савлагдсан баглаа боодолтой хоёр шилэнд шээсээ хувааж хийдэг. Энэ шил нь дотроо улаан цагариг бүхий тусгаарлагчтай. Тагласан тохиолдолд жирийн хүн ямар ч нөхцөлд онгойлгох боломжгүй. Стандартын лабориторид тусгай багажаар онгойлгодог. Тамирчин өөрөө шинжилгээний шилээ таглаад шалгана. Хэрэв онгойхгүй бол саванд нь хийгээд лацаддаг. Шинжилгээний бичиг нь гурван давхар байгаа. Тамирчин мэдээллээ үнэн зөвөөр бөглөнө. Үүний нэг хувь нь тамирчинд, нөгөө нь ДДЭА-ийн итгэмжлэгдсэн лаборитори руу, үлдсэн хувь нь бидэнд хадгалагддаг. Тиймээс тамирчдын шинжилгээний бичиг, шилийг солих боломж байхгүй. Энэ мэдээлэл ор үндэсгүй гүтгэлэг юм” гэв.

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *