Өнгөрсөн бямба гарагт Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн талаар дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсоор мэдэгдсэн билээ. Үүний дараа гурван сая дахь иргэнтэй холбоотой асуудлаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас дараах тодруулгыг авлаа.
-Монгол Улсын гурван сая дахь иргэн хэзээ, хаана мэндэлсэн бэ? -Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өглөө 8:27 минутад эх орондоо мэндэлсэн байгаа. Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал сайн байна. Гурван сая дахь иргэн маань Өмнөговь аймгийн Даланзадгад хотын нэгдсэн эмнэлэгт төрсөн. 3.5 килограмм жинтэй, 50 см урттай охин байгаа.
-Айлын хэд дэх хүүхэд юм бол оо?
-Энэ төрөлт бол тухайн гэр бүлийн анхны төрөлт байсан. Өөрөөр хэлбэл, гурван сая дахь иргэн маань эх орондоо айлын ууган охин болж мэндэлсэн.
-Гурван сая дахь иргэнтэй чацуутан хэд байгаа вэ?
-Тухайн өдөр 181 иргэн мэндэлсэн. Үүнээс гурван иргэн хилийн чинадад, бусад хүүхдүүд нь эх орондоо мэндэлсэн байгаа.
-Гурван сая дахь иргэндээ улсаас үзүүлэх дэмжлэг, тусламж үйлчилгээг яаж хүргэх вэ? -Өнөөдөр үдээс хойш Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно. Энэ хуралдаанаар гурван сая дахь иргэн болон энэ өдөр мэндэлсэн чацуутнуудтай холбоотой Засгийн газрын өмнөх хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх чиглэлийн тодорхой ажлууд яригдана. Тэгэхээр тодорхой болох байх.
-Нийслэл болон хөдөө орон нутагт хэдэн хүүхэд төрсөн талаар мэдээлэл байгаа юу?
-Яг одоогоор тэр нарийн тоо нь алга байна.