Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэл өлсгөлөн зарлаж, эсэргүүцлээ илэрхийлж байна

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нялх амраг” гэж цоллуулаад буй Г.Сарангэрэл гэх эмэгтэй ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаж буй. Тэрээр өнгөрсөн тав дахь өдрөөс эхлэн өлсгөлөн зарласан байна. Түүнийг хар тамхи хэрэглэсэн хэмээн буруутгаж, хориод байгаа. Тэгвэл Г.Сарангэрэл “Би хар тамхичин биш, ямар ч гэм буруугүй” гэж мэдэгдэн ийн өлсгөлөн зарлаж эсэргүүцлээ илэрхийлж буй гэнэ.
Хэргийг сануулахад, 2014 оны гуравдугаар сарын 2-ны 22.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Х.Гэрэл, Г.Сарангэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх дөрвөн охин “Миами” зочид буудлын гадна автомашин дотор “Метафетамин” буюу мөс хэмээх хар тамхи хэрэглэж байгаад газар дээрээ цагдаа нарт баригдсан. Гэхдээ тэд хаанаас, ямар хүнээс хар тамхи авч хэрэглэсэн болохоо хэлээгүй бөгөөд цагдаа нар тэдний гар утасны орсон, гарсан дуудлагыг хянаж ямар хүмүүстэй харьцсан болохыг олж тогтоосон байдаг.
Г.Сарангэрэлийн ашиглаж байсан 9961…, 9520… гэсэн дугааруудаас тэр өдөр сэжиг бүхий нэг дугаар руу маш олон удаа залгасаныг олж тогтоосон юм. Цагдаа нар энэ хоёр дугаарын цаана хар тамхи, мансууруулах бодис худалддаг гэмт этгээд байж болзошгүй гэж үзжээ.
Ингээд түүний дугаараас гадагшаа гарсан ярианы цэсийг УЕПГ-ын зөвшөөрлөөр оператор компаниас нь гаргуулан авч дүн шинжилгээ хийсэн аж. 9961… дугаараас 71 удаа, 9520… дугаараас 41 удаа залгаж холбогдсон 9910… дугаар нь Х.Тэмүүжин сайдын гар утасны дугаар болох нь тодорхой болсон юм.

С.Нарангарав