Categories
мэдээ цаг-үе

Г.Пүрэвдорж: Оюун ухааны эрдэм бол эцсийн дүндээ улс орныг залдаг

Монгол хүүхдүүд дэлхийн оюуны спорт, шатар, даамын тэмцээн, математик, физик, химийн олимпиадад тогтмол амжилттай оролцож олон улсын хэмжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөөд байгаа. Сүүлийн жилүүдэд энэ төрлөөр амжилт үзүүлж байгаа хүүхдүүдийн тоо улам нэмэгдэж байгаагийн нэг жишээ нь өнгөрсөн сарын 26, 27-нд Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнээс манай баг 28 алт, 25 мөнгө, 20 хүрэл медаль буюу 90 медалийн 73 медалийг хүртэж үнэмлэхүй ялалтыг байгуулсан явдал юм. Монгол Улс оюуны спортын зарим төрлөөр дэлхийд чанараараа нэгдүгээрт бичигдэж байгаа бол манай өсвөрийн шатарчид ч олон улсын хэмжээнд дээгүүр эрэмбэлэгддэг.

Оюуны бядтай хүүхдүүд, сурагчид, оюуны өндөр боловсролтой иргэдийнхээ энэ их авьяас билиг, ур чадварыг эргүүлээд эх орондоо “шингээж” шинжлэх ухаан, техник технологийн хөгжилд ашиглах нь үнэлж баршгүй том хөрөнгө оруулалт болох учиртай. Гадны орнууд төрийн бодлогоор оюуны чадвар өндөртэй хүүхдүүдийг багаас нь анхаарч ирээдүйд амжилт гаргах салбарт нь чиглүүлж өгдөг.

Энэ талаар Шинжлэх ухааны академийн Техникийн салбарын Бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдоржтой ярилцсанаа хүргэж байна.


-Монголчууд олон улсад оюунаараа өрсөлдөж өөрсдийгөө дэлхийд өрсөлдөх хэмжээний оюуны чадавхитай үндэстэн гэдгээ харуулаад байгаа. Бид эргүүлээд тэдгээр амжилт гаргаад байгаа хүүхэд, залуусаа шинжлэх ухаан, техник технологийн салбартаа ашиглах нь маш чухал асуудал болоод байна?

-Оюуны спорт гэдэг бол ухаантай хүний л хийдэг ажил. Төрөлхийн ухаантай, ухаалаг хүн байж байж, тэр чиглэлээр тодорхой хэмжээний дадлага, сургуулилтыг багаасаа эзэмшсэний үр дүнд шатар, даам, математик гэх мэтчилэнгийн өндөр оюунтай буюу ухаантай хүний хийдэг ажлыг хийж чадаж байгаа нь монголчуудын төрөлхийн оюун ухаан сайтай байгаагийн нэгэн илрэл мөн. Эдгээр хүүхдүүд шатар, математикаар багаасаа тусгайлан хичээллээд тэгж дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хэмжээний амжилт гаргаж байна гэдэг нь монгол хүнд зөв юмыг зааж сургаад, тодорхой зорилготойгоор авьяасыг нь хөгжүүлбэл амжилтад хүрч чадах юм байна гэдэг нь ойлгогдож байгаа юм.

Ер нь улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох, эдийн засгийн болоод техникийн нарийн тооцоонуудыг тэр хүмүүст эзэмшүүлчихвэл хийж чадна. Монголчууд ийм хүмүүсээ ашиглах ёстой, чиглэл чиглэлээр нь дахин мэргэшүүлээд.

Шатрын спортоор хичээллэдэг хүн тэр спортоороо л хичээллээд байвал Монгол Улс хөгжинө гэж байхгүй. Тэрэнтэй ижил математикаар ч Монгол Улс хөгжинө гэж байхгүй. Математик сайн хэрэглэж чаддаг хүнээр тусгайлан Монгол Улсын эдийн засаг ч юм уу, уул уурхайн үйлдвэрлэлийг яаж хөгжүүлбэл дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ өндөр үнээр зарж болох вэ эсвэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг яаж бууруулах вэ гэдэг аргыг математик, шинжлэх ухааны аргаар эзэмшүүлж, бодуулаад зөв зүйтэй хувилбарыг нь гаргуулаад тэрийг нь хэрэгжүүлвэл Монгол Улс энэ хүмүүсийнхээ оюуны потенциалыг ашиглаж байна гэсэн үг.

Харамсалтай нь өнөөг хүртэл шинжлэх ухаанд ийм хүмүүсийн оюун ухааныг тодорхой зорилготойгоор ашиглаж байгаа нь ховор байна. Шинжлэх ухаан гэдэг нь худлаа биш. Үнэний цензур бол шинжлэх ухаан. Яагаад вэ гэвэл эцсийн дүндээ шинжлэх ухаанаар л нотлогдсон бол тэр зүйл үнэн. Энэ нь анагаах ухаан дээр хүртэл харагдаж байгаа юм. Хорт хавдрын эсийг үгүй болгочихдог, тэрийг байхгүй болгочихдог эм гаргана гэдэг маш олон жилийн туршлагын үндсэн дээр хийлээ, тэр хүн эдгэлээ. Тийм л зүйл байхгүй юу. Иймээс энэ авьяастай залуучуудыг дайчлан, тусгай зориулалтаар бэлтгэвэл Монголд ихээхэн ач тусаа өгнө. Монголд төдийгүй дэлхий нийтэд ач тусаа өгөх зүйлийг энэ хүмүүс бүтээж чадах байх.

-Монголын шинжлэх ухааны түүхэнд ийм гоц авьяастай, оюуны өндөр чадвартай хүүхдүүдийг онцгойлон анхааралдаа авч байсан тохиолдол хэр байдаг юм бол?

-Байлгүй яахав. Ерөнхий боловсролын тодорхой сургуулиуд бусдаасаа арай илүү, ухаалаг хүүхдүүдийг авч сургаад тэмцээн уралдаанд оруулаад амжилтад хүрч байна. Энэ бол ерөнхий боловсролын сургуулийн ажил, хүүхдийн бага насны боловсрол. Дараагийн боловсролд энэ хүүхдүүд дээр илүү анхаараад улс ардын аж ахуйн ямар юманд хэрэгтэй байна вэ, магадгүй Microsoft-той өрсөлдөхүйц хэмжээний программ хангамжийг бий болгоно гэвэл АНУ-д юм уу арван хүүхдийг яг энэ чиглэлээр сургачихад ядаж л Монголоо программ хангамжаар хангаад байж болно. Гэх маягаар энэ хүмүүсийг сургавал болно оо. Гагцхүү тэр нь зөвхөн төрийн нарийн бодлогоор зохицуулагдахгүй, зах зээл гэдэг нэрийн дор дур дураараа л хүмүүс яваад байна л даа. Үнэхээрийн авьяастай хүүхдүүдийг сургах ёстой.

Хуучин бол олон улсын математик, физик, хэлний олимпиадад түрүүлсэн, гарамгай амжилт гаргасан хүүхдүүдийг тусгай сургуульд нь явуулдаг байсан. Эргээд хүүхдүүд өндөр боловсрол эзэмшин ирж тун удалгүй эрдмийн зэрэг хамгаалаад шинжлэх ухааны байгууллагуудад ажилладаг байлаа. Ер нь бол онц сурдаг байсан хүүхдүүдийг л гадаад, дотоодын тусгай сургуульд явуулдаг байсан юм. Тэр дотроо шатар, математик зэргээр амжилт гаргасан оюун ухааны өндөр чадвартай хүүхдийг бас сургадаг байсан шүү дээ. Тэр зарчмаар эдгээр хүүхдүүдийг тодорхой зорилготойгоор сургаад явуулбал үр шим нь дороо ургаад гараад ирнэ.

-Ирээдүйд Монголын шинжлэх ухааныг авч явах хойч үеийг бэлтгэх тал дээр төрийн зүгээс хэрхэн анхаарч байна вэ?

-Социалист системээс зах зээлийн систем рүү шилжих явцад Монгол Улсын бүхий л салбарт арван жилийн тасралт гарсан. Шинжлэх ухаан, урлаг, спорт, эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарт ч тасралт гарсан. Хуучин бүхнийг нурааж хаясан тэр тасралт одоог болтол арилаагүй л байна. Өмнөх системийн үед тэдгээр гоц хүүхдүүдэд анхаарч байсан анхаарлыг одоо үед төдийлөн тавьж, тусгай мэргэжил эзэмшүүлж чадахгүй байна.

-Ажиглаад байхад спорт, урлагийн чиглэлд л түлхүү анхаараад байдаг болчихсон?

-Харин спортын чиглэлээр их анхаарч байна. Багаасаа хичээллэж урлаг, спортын амжилт гаргаж байгаа хүүхдийг тусгайлан шигшээ багт авч ажиллуулаад цалин өгч, ивээн тэтгэгч олон байгууллага гаргаад сая нэг спортын одод болон гарч ирж байна. Спорт бол хүний нүдэн дээр өрсөлдөгчтэйгээ тодорхой хугацаанд хүч чадлаа үзээд ялбал ялаад ялагдвал ялагдаад өнгөрдөг. Оюун ухаан гэдэг бол тийм биш. Тоо бодоод сууж байгаа хүн чимээгүй л тоогоо бодоод суудаг. Тэр хүн сонирхолтой биш. Шатар тоглож байгаа хүүхэд нүүдэл хийгээд л байна. Олон хоног тоглоно. Хэдхэн хормын асуудал биш. Тэгэхээр энэ бүхнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Монголчууд “Хүлэг төрвөл хурдан болоорой, хүүхэд төрвөл эрдэмтэй болоорой” гэдэг. Эрдэм ном бол монголчуудын хамгийн дээд эрдэнэ. Эрдэм бол олон янз. Спортын эрдэм байна, урлагийн эрдэм байна, оюуны ухааны эрдэм байна. Оюун ухааны эрдэм бол эцсийн дүндээ улс орны хөгжлийн бодлого, улс орныг залдаг зүйл. Нөгөөдүүл нь бол чимэглэл. Спортын эрдэм нь чимэглэл, урлагийн эрдэм нь мөн адил чимэглэл. Тэд ч ялгаагүй улс орны сайн сайхныг харуулна. Гэхдээ оюун ухаан өндөртэй хүнээр улс орныг удирдуулж, улс орны хөгжлийн бодлогыг боловсруулж, улс оронд хэрэгтэй зүйлүүдийг хийлгэж чадвал сая тэнд амжилтад хүрнэ.

Мэдээ уншаад сууж байхад Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршлаа, цөмийн бөмбөг туршлаа, тив алгасагч пуужин харваж байна гэсэн мэдээлэл их байна. Хойд Солонгосын оюун ухаан өндөртэй хүмүүсийг нэгдүүлээд тусгайлан ажиллуулаад тэр амжилтад хүрч байгаа байхгүй юу.

-Амжилт гаргаад байгаа оюуны хөгжил өндөртэй хүүхдүүдийн бага нь таван настай бол дээд тал нь эхнээсээ их, дээд сургуульд элсчихлээ. Тэдний оюуны чадварыг ашиглая гээд анхаарал хандуулбал хэдэн жилийн дараачаас үр дүн нь гарч эхлэх вэ?

-Хүн бол 18 нас хүртлээ энгийн сургалтын түвшин буюу ерөнхий боловсролын сургууль төгсөнө. Үүний дараа дахин таван жил сураад 23 орчим насандаа дээд боловсрол эзэмшиж дуусаад 3-5 жилийн хугацаанд үйлдвэрлэл дээр дадлагажаад дараагийн таван жилд нь эрдмийн зэрэг хамгаалахад тэр хүн Монгол Улсад бэлтгэгдсэн дээд зэргийн өндөр боловсрол, өндөр чадвартай, ажиллах чадвар сайтай тийм хүн болж төлөвшдөг.

-30-33 нас байх нь шүү дээ?

-Хүний оргил нас бол 25-30. Та бүхэн хар л даа. Улсын Дархан аварга болж байгаа бөхчүүдийн амжилтыг үз. 24, 25 насандаа түрүүлээд 32, 33 нас хүртлээ л сайн барилддаг. Улсад түрүүлэх хэмжээнд барилддаг гэсэн үг. Тэрнээс хойш тэр бөх Дархан аварга цолтой ч барилддагаараа барилдана. Дандаа түрүүлж чадахгүй шүү дээ. Гэхдээ Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ нарын онцгой авьяастай хүмүүс л дөч хүртлээ барилдаж байна. Улсад ганц удаа түрүүлж байгаа арслан бол 30-33 насандаа нэг түрүүлээд л тэгээд дуусдаг.

Тэгэхээр оюун ухаан үүн шиг буурдаггүй. 30 насанд нь тэр хүнийг боловсруулж авлаа шүү дээ.

-Тэглээ?

-Тэгээд тэрнээс хойш тухайн хүн насан эцэстлээ ажиллах чадвартай болчихсон байдаг. Оюун ухааны онцлог нь тэдэндээ байдаг юм. Жишээ нь, сэтгүүлч мэргэжилтэй хүн мэргэжлээ 30 насандаа л төгс эзэмшиж чадаагүй бол цаашид сайн сэтгүүлч болно гэж байхгүй. 30 насандаа сэтгүүлчийн мэргэжлээ сайн эзэмшээд авчихвал тэрнээс хойш 60, 70 хүрсэн ч сайн сэтгүүлч хэвээрээ л явна. Оюун ухаан гэдгийн онцлог нь энэ. Оюун ухаан хөгширдөггүй гэдэг дээ. Ийм учраас оюун ухаанаар ажилладаг залуучуудыг багаас нь бушуухан тэр хүрэх түвшинд нь хүргээд нэгэнт тэр түвшинд нь хүрчихсэн оюун ухаан сайтай хүнийг төр нь бүхий л салбарт ашиглана, аяндаа.

-Нобелийн шагналтнууд ихэвчлэн 40, 50-иас дээш насныхан байдаг гэдэг. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийн дундаас тийм шагналтан төрнө гэвэл дахиад 20 жил хэрэгтэй юм байна?

-Хоёр янз байдаг юм. Онолын нээлт хийдэг буюу их нарийн математикаар ажилладаг хүмүүс нэлээд залуудаа нээлт хийдэг. Туршдаг хүмүүс байна. Дээр би ярьсан даа, хавдрын эсрэг эм гаргах гээд байгаа хүн бол хэдэн мянган ургамлыг туршиж, давтаж байж сая нэг 60, 70 насандаа хавдрын эс гэдэг чинь ийм юм байдаг байх нь. Энийг ингэж эмчлэх нь гэдгийг мэдэж авна гэсэн үг. 30, 40 жилийн туршилтын үр дүнд тэгж нээлт хийдэг. Ийм л юм байдаг.

Тэгэхээр оюун ухаан гэдэг бол хэзээ ч хөгшрөхгүй. Тийм учраас онцгой авьяастай хүмүүсийг маш багаас нь төрөөс тодорхой бодлогоор ч юм уу эсвэл томоохон компаниуд аваад ирээдүйд компанийнхаа шинэ технологи боловсруулах, том том эмнэлгүүд шинэ өвчнийг анагаах том эрдэмтэн бий болгож аваад дэлхийд нэртэй эмнэлэг болж болно шүү дээ. Ингэж л ажиллавал монгол хүний оюун ухааныг ашиглаж байна гэж хэлж болно. Хөрөнгө мөнгөтэй, хувийн компаниуд мөн төр тодорхой зорилгоор эдгээр хүмүүсийг ашиглах хэрэгтэй. Ашиглах гэхээр муухай сонсогдож байж магад. Гэхдээ тэр авьяасыг ашиглах хэрэгтэй. Төр ашиглана гэдэг гурван сая иргэн ашиглана гэсэн үг. Цаашилбал дэлхийн зургаа, долоон тэрбум хүн ашиглана. Оюун ухаан гэдэг бол нийтийн сайн сайхны төлөөх л ажил.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *