Categories
мэдээ цаг-үе

Г.Мэнд-Амар: Алдарт Леди Гага, Ники Минажийн дүр хэзээ ч битгий таараасай гэж залбирах байна

“Өдрийн сонин”-ы №093(5660) дугаараас авч нийтлэв

“Камертон” хамтлагийн дуучин, “Яг түүн шиг” шоуны оролцогч Г.МэндАмартай ярилцлаа.


-Танд “Яг түүн шиг” шоуны хамгийн эхний дугаарт оролцох санал тавьж байсан гэсэн. Тухайн үед яагаад оролцоогүй юм бэ?

– Энэ шоуны хамгийн анхны дугаар хийгдэж байхад надад оролцооч ээ гэсэн санал ирсэн л дээ. Тухайн үед ажлын цаг зав, боломж олдоогүй учир татгалзсан. Харин хоёр дахь санал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ирсэн юм. Эхний дугаарт татгалзчихсан байсан учраас бүх ажлаа зохицуулаад энэ удаагийнхад орохыг хүссэн. Ер нь миний хувьд “Камертон” хамтлагийн Мээдээ гэдгээрээ л үзэгчдэдээ танил. Түүнээс биш кино урлагт дүр бүтээж ч юм уу, өөр өнцгөөр Мээдээг харуулж байгаагүй. Харин энэ шоу урлагийн хүмүүсийг үзэгчдэд өөр өнцгөөс харуулж, шинэ дүрд хувиргах, нууц авьяас чадварыг нээх гээд олон давуу талтай. Энэ нь оролцож байгаа хүсүүстээ ч их сонирхолтой байдаг. Тийм учраас өөрийгөө сориод үзье л гэж бодсон л доо. Түүнчлэн “Яг түүн шиг” шоу дэлхийн 30 гаруй оронд хийгддэг. Харин манай шоуны хувьд Азийн орнуудаас хамгийн чанартай, үзүүштэй нь гэсэн дүгнэлт авсан байна лээ. Олон улсын жишигт нийцсэн энэ том төсөлд, өөрийн эх орондоо оролцож байгаадаа баяртай байгаа. Мөн үзэгчид маань ч тэр маш идэвхтэй үзэж байгаа нь сайхан санагдаж байна.

-Та Виктор Цой, Питбуль, Эдит Пиаф, Пикотарогийн дүрүүдийг бүтээлээ. Мэдээж дүр бүрт л судалгаа хийсэн нь дамжиггүй. Хамгийн их хүч хөдөлмөр шаардсан дүр аль нь байсан бэ?

-Би дүрүүдээ хүмүүсийн мэддэггүй талаас нь харуулахыг эрмэлздэг. Миний хамгийн эхний дүр бол Виктор Цой байсан. Оросын панк, рок урсгалын загалмайлсан эцэг болсон энэ хүний дуунуудыг хүмүүс өнөөдөр ч гэсэн таашаан сонсдог. Харин би энэ дуучны маш зөөлөн дууг нь сонгон авсан. Энэ дууны утга нь тойруу утгаар хар тамхийг эсэргүүцсэн байдаг л даа. Виктор цойн найз охин нь хар тамхины хамааралтай байсан юм билээ. Харин түүний хувьд хар тамхи хэрэглэдэггүй. Харин ч хар тамхины эсрэг тууштай зогсдог байсан рокуудын нэг. Тиймдээ ч миний хувьд залуустаа хүний амьдралд хэрэгтэй, хэрэггүй олон зүйл байдаг, тэр дундаа бүх цаг үед хэрэггүй зүйл бол хар тамхи юм шүү гэдгийг илэрхийлэх үүднээс энэ дууг сонгон авсан. Харин Питбулийг хүмүүс маш сайн мэднэ. Түүний хит дуунууд нь ихэвчлэн дэлхийн танигдсан ододтой хамтран дуулсан байдаг. Тэгэхээр яг ганцаарчлан дуулсан дууг нь сонгосон. Мөн Эдит Пиафын дүрд хувирсан. Хоногийн хоолоо олох гэж гудамжинд дуулдаг байсан хэдий ч дэлхий ертөнцөд өөрийгөө тунхаглаж, улс, үндэстнийхээ бахархал нь болж чадсан энэ гайхалтай дуучинг дуурайх мэдээж амаргүй байлаа. Хүнд, хэцүү амьдралыг туулж 40 гаруйхан насандаа хорвоог орхисон ч хүн төрөлхтөнд ийм сайхан дууг зориулж чадсан юм шүү гэдгийг л хүргэхийг хичээсэн дээ. Би Эдит Пиафын өөрөө үгийг нь бичсэн “La vie en rose” гэх дууг дуулсан. Энэ дуу бол хоёрдугаар дайны дараахан өнчрөл хагацал, үзэн ядалт, нэг нэгэндээ итгэхээ больчихсон тийм хүнд хэцүү нийгэмд хайрыг эргэн сануулсан юм. Гэхдээ дуулалтын хувьд Эдит Пиафын сонсогчдоосоо уучлалт хүсье. Би басс хоолойтой. Их доор дуулдаг. Гэтэл Эдит Пиаф их дээгүүр дуулдаг. Ёстой л хүн төрөлхтөнд ганцхан төрөхөөр онцгой хоолойтой дуучин.

-Харин өнгөрсөн долоо хоногийн дугаарт Японы дуучин Пикотарог дуурайж алдарт “PPAP” дууг нь дуулсан. Энэ үзүүлбэрээс харахад хөдөлгөөний эвсэл маш сайтай харагдаж байлаа. Энэ үзүүлбэрийнхээ тухай яриач?

– Пикотарогийн бодит төрх нь маш энгийн, цэвэрхэн. Харин тайзны дүр төрх нь энгийн үеийнхээсээ ондоо, алиадуу гэж хэлж болохоор. Энэ хүн дуучнаас гадна хошин урлагийн төлөөлөл болсон хүн. Ямартай ч “PPAP” дуу нь дэлхийд хит болж чадсан. Энэ нь UK болон US chart, Bill­board-д өндөр байр эзэлсэн хамгийн богино болон ази дуу болсон. Алдарт Ганнам стайл дууг давсан гэдгээрээ мөн онцлог. Энэ дуунаас харахад хүн төрөлхтөн агуу том зүйл хийх гэж өөрийгөө зовоогоод байдаг. Гэтэл амьдрал гэдэг маш энгийнээс агуу зүйл бүтдэг гэдгийг харуулж байгаа юм болов уу.

Би тайзан дээр элэглэл хийж, хошин байдлаар гарч үзээгүй. Тийм ч эвсэлтэй хүн биш. Энэ дүр надаас цоо шинэ зүйлийг шаардсан гэж болно. Бидэнд “Аймар” продакшны залуус зөвлөгөө өгч байгаа. Надад болж өгвөл л шүдээ орсойлгоод байгаарай гэж хэлсэн л дээ. Мөн шилнийхээ дээгүүр хялайж хардаг, задгай хөдөлгөөн гэх мэт хэтрүүлэг нь л энэ дүр төрхийг бий болгодог гэдгийг сайтар хэлж байлаа. Би энэ дуугаа бэлдэж байхдаа нэг ч удаа тест бичлэг хийж үзээгүй юм. Ерөнхийдөө дотроо төсөөлөөд л явсан. Гэтэл шоундаа орчихоод гэртээ хариад үзтэл хөлс асгараад, ичээд их хөглөсөн. Надаас тэс ондоо хүн шиг санагдаад дасаж өгөхгүй байсан шүү. Ямартай ч хүмүүст таалагдсанд их баяртай байгаа.

-Дараагийн дүрийнхээ тухай яриач. Ямар талаас нь үзэгчдэдээ харуулахыг зорьж байна вэ?

-Тав дахь шат бол кинотой холбоотой дуу, дуутай нь холбоотой дүр төрхүүд байх юм. Би Элтон Жоны дүрд хувирна. Түүний кинотой холбоотой дуу гэхээр мэдээж ойлгомжтой “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кино шүү дээ. Би Элтон Жоны яг өнөөдрийн хоолойг нь үзэгчдэдээ хүргэхийг хичээнэ. Түүний хоолой багахан хэмжээний мэс ажилбар хийснээс болоод өнгө нь өөрчлөгдсөн байдаг юм. Тэгэхээр тэр өөрчлөгдсөн хоолойны өнгийг харуулах зорилготой байгаа. 90-ээд оны хоолой нь их цээлхэн байдаг.

-Цаашид таараасай гэж бодсон дүр бий юү?

-Харин битгий таараасай л гэж бодсон дүр байна шүү. Алдарт Леди Гага, Ники Минажийн дүр хэзээ ч битгий таараасай гэж залбирах байна (инээв). Эдгээр дүрүүүд биш л бол бусдыг нь ч нэг болгочих байх аа. Ер нь эмэгтэй хүн болох маш хүнд юм билээ. Би амьдралдаа эмэгтэй хүний гутал руу хөлнийхөө үзүүрийг ч оруулж үзээгүй. Харин Эдит Пиафын дүрийг гаргахад гурван хуруу хэртэй өсгийтэй гутал өмсөхөд л их эвгүй байна билээ. Тэгэхэд манай Т.Бархүү, С.Гантогоо хоёр бол өсгийтэй гутлыг болоод дээрх дүрүүдийг харин ч нэг амилуулж байгаа даа. Ер нь манай бусад оролцогчид их мундаг байгаа. Түүнээс хамгийн онцгой нь Г.Ганхүү ах шиг санагддаг. Түүний хувьд ямар ч зүйлд чин сэтгэлээсээ хичээж, зүтгэж чаддаг нь үнэхээр бахархмаар басхүүү залуус бидэнд үлгэр дуурайл болмоор санагддаг. Т.Бархүү бол жүжигчнээс гадна маш авьяаслаг дуучин гэдгээ үзэгчдэдээ мэдрүүлж чадаж байна. Түүнд бүр төрөлхийн маш сайхан дуулах авьяас байна. Үнэхээр Бараа шиг нуруулаг, бас чадвартай дуучны орон зай Монголд дутагдаж байгаа. Би Барааг дуунд урвуулах гэж их л чармайлт гаргаж, зориг өгч байгаа (инээв). Түүнчлэн манай С.Гантогоод олон сайхан чанар байгаа харагддаг. Аливааг хурдан боловсруулаад гүйцэтгэл хийж чаддаг гэх мэт давуу тал ихтэй. Урлагтай ойр байдаг монгол залууст маш их үлгэр дуурайл болохоор хүн гэж боддог.

-Камертон хамтлаг “Хязгааргүй” нэртэй 11 дэх цомгоо гаргасан. Энэ цомогт багтсан “Хайр” дуунд хамтлагийн гишүүд бүгдээрээ гэр бүлийнхнийхээ хамт тоглосон нь онцлууштай байлаа. Энэ санааг хэн гаргасан бол?

-Цомогтой холбоотойгоор эхний хоёр дууныхаа клипийг үзэгчдэдээ хүргээд байна. Дараагийн дуунуудынхаа клипний зураг авалтад тун удахгүй орохоор төлөвлөж байна. Болж өгвөл бүх л дуугаа дүрсжүүлэхээр зорьж байна. Ер нь клип л сүүлд нь үлддэг юм байна. Мөн клипэндээ тухайн цаг үеийн дүр төрх нь ч хамтдаа үлддэг болохоор эргээд харахад их сайхан байдаг. “Камертон” хамтлаг клип ихтэй, хийх ч дуртай. Цаашид ч хийсээр байя гэж бодож байгаа. Ямартай ч цомгоо “Хязгааргүй” гэж нэрлэсэн. “Хязгааргүй” дууныхаа үгийг дөрвүүлээ бичсэн юм. Нэг удаа бид дөрөв уулзаад караоке орж дуулангаа, ганц нэг пиво уухаар болсон юм. Гэтэл манай Болдоо надад нэг ийм ая байна, хэдүүлээ дуу болгоцгооё гээд л төгөлдөр хууран дээр тоглолоо. Өнөөх зориг орсон хүмүүс мөр, шатаар нь явуулсаар нэг дууны үг босгочихож билээ.

Харин “Хайр” дууны клипэнд гэр бүлийнхэнтэйгээ хамт тоглох саналыг болоод клипний зохиол, өнгө гэрэл, хийц зэргийг манай Болдоо гаргасан. Клипээ үзэж байхдаа дөрвөн сурагч хамтлаг байгуулах гээд гүйж явсан бол одоо бүгд гэр бүлтэй болчихсон, мөн л дуугаа дуулаад явж байгаа нь бид үнэхээр азтай бас амжилттай яваа юм байна гэж бодож суулаа. Ямартай ч амьдралд зөв л хандаж байгаа юм байна шүү гэдэг ойлголт авсан даа.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Миний эхнэрийг Болормаа, миний хайртай охиныг Анхилуун гэдэг. Бид гурав шинэ хүнээ хүлээж авахад бэлэн болчихоод тэсэн ядан хүлээж байна. Их сайхан байна. Ямартай ч хоёр сайхан үртэй болчихоод эхнэрийнхээ хүссэн бүхнийг нь хийлгэнэ ээ гэж бодож байгаа.

-Таны сүүлийн үеийн уран бүтээлийн олз омог хэр байна вэ?

-Би одоогоор хоёр цомог гаргасан байна. Миний эхний цомог маань жазз, блюз маягийн хуучны стилийг түлхүү харуулсан бол хоёр дахь цомогтоо орчин цагийн урсгалыг оруулсан. Сүүлийн цомог маань “Чамд хэлье” гэсэн нэртэй. Цомгийнхоо дөрвөн дууг клипжүүлсэн байна. Байгаль дэлхий өнгөө өөрчилбөл тав дахь клипнийхээ зураг авалтад орох болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *