Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Манлайжав: Цөмийн энерги бол ирээдүйн хөгжлийн нэг тулгуур

Монгол Улсын цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжавтай ярилцлаа.


-Та бид хоёр хүмүүсийн нэлээн болгоомжилдог сэдвээр ярилцах гэж байна. Цөмийн эрчим хүч гэхээр л…

-Цөмийн эрчим хүч, цацраг идэвхийн талаар хүмүүс туйлширсан ойлголттой явах нь элбэг. Дэлхий хавтгай боллоо гэдэг нь нэг талаасаа тэгш амьдрах боломж гэж хардаг. Гэхдээ боломжоороо, ялангуяа мэдээлэл авах боломжоороо тэгширч байгаа явдал. Энэ боломжийг хэр ашиглаж байгаагаас л тухайн улсын хөгжил дэвшил нь хамаарч байна.

Цөмийн эрчим хүч бол нэг талаасаа хүн төрөлхтний бахархал, ирээдүйн хөгжлийн нэгээхэн тулгуур гэж би боддог. Атом цөмийн нууцад нэвтэрснээр хүн төрөлхтний өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах итгэл найдвар, боломж бий болсон байх. Аугаа боломжийг дагаж, түүнээс дутахгүй эрсдэл үүсдэг. Жишээ нь, монголчууд цахилгаан эрчим хүч, уурын халаалтыг мэддэггүй байсан XIX зуунд цахилгаан тасрах, хот хөлдөх аюул байдгийг мэддэггүй л байсан. Өндөр хүчдэлд цохиулан амиа алдсан хүн тэр үеийн тоо бүртгэлд огт байхгүй болов уу. Мөн улсын маань нийслэлд агаарын бохирдлын харанга дэлдэнэ гэж огт төсөөлөөгүй.

-Цөмийн эрчим хүч гэхээр л олон хүний санаанд цөмийн бөмбөг, цөмийн станцын осол буудаг. Олны мэдэх зүйлээр яриагаа үргэлжлүүлбэл ямар вэ?

-Уг нь олны сайн мэдэх, цөмийн салбарын ололтоос хамгийн түрүүн манайд нэвтэрсэн зүйл бол “рентген шинжилгээ”, “туяа эмчилгээ” шүү дээ.Монголд 1934 онд “Буровесник” аппаратаар рентген зураг авч эхэлсэн юм билээ. 1961 онд Цацраг туяа эмнэлэг нээгдэж хорт хавдрыг Кобальт үүсгүүр бүхий цөмийн цацрагаар эмчилж эхэлсэн түүхтэй. Бүр 1959 онд Улсын I төв эмнэлэгт рентгенээр хавдрыг шардаг аппарат ашиглаж эхэлсэн гэдэг. Одоо дүрс оношлогоо, туяа эмчилгээ, цөмийн онош зүй, изотоп эмчилгээ манай оронд нэлээд эрчимтэй хөгжиж байна. Энэ онд туяа эмчилгээний хоёр шугаман хурдасгуур, цөмийн оношлогооны ПЭТ-СТ ашиглалтад орох гэж байна.

Гэхдээ таны асуусан сэдвээр ярьцгаая. Бид эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцэх бус, харин олон нийттэй санал бодлоо хуваалцаж байгаа учраас хялбаршуулсан байдлаар ярьцгаах нь зүгээр байх.

Бас цөмийн бөмбөгнөөс илүү арай энх тайванчаар нь атомын цахилгаан станц (АЦС)-ийн талаар ярья. Тухайн үеийн Зөвлөлт Украины Чернобыль хотод гарсан АЦС-ын осол бол олон хүний амь нас, эрүүл мэнд, байгаль экологид маш их хохирол учруулсан цөмийн салбарын хамгийн том осол юм. Турбогенераторын ажлын горимыг шалгах туршилт тохируулга хийх явцад дэлбэрэлт болсон. Мэргэжлийн шинжээчдийн дүгнэснээр реакторын голомтын хийц загвар муу, ослын үед зогсоох систем хангалтгүй, болк-4 дээр ажиллаж байсан мэргэжилтнүүд маш бүдүүлэг алдаа гаргаснаас болсон гэж үздэг. Улс төрийн тогтолцооноос үүдсэн хариуцлагын шалгуур байсан гэж зарим судлаач нар ч дүгнэдэг.

Чернобылийн АЦС 1977 онд ашиглалтад орсон. Зарим хүн санаж байгаа бол 1977 онд “Аугаа их Октябрийн хувьсгалын 60 жилийн түүхт ой”-г тэмдэглэх их үйл явдал болсон. Тэр үед том ойгоор амжилт бүтээлийн бэлэг барьдаг, ойг тохиолдуулан хугацаанаас нь өмнө барилга байгууламжийг яарч ашиглалтад оруулдаг, ингэхийг шаарддаг байсан байх.

Бас нэг харамсалтай зүйл нь, осол гараад цацраг идэвхт бодис их хэмжээгээр алдагдаад байхад ард иргэддээ хэлж мэдээлэлгүйгээр хоёр хоног нууцалсан явдал. Эртхэн хэлж анхааруулсан бол нүүлгэн шилжүүлэлт, бусад арга хэмжээг арай эрт эхлүүлж, цацрагийн шарлагыг бууруулах боломж байсан.

Гэтэл цөмийн эрчим хүчийг ашиглахад хариуцлагатай, технологийн сахилга баттай байх ч багадна гэдгийг газар хөдлөлт, цунамигаас үүдсэн Фукушимагийн осол харуулсан. Япон бол технологийн сахилга батын нөгөө туйл нь шүү дээ. Шинжлэх ухаан бол туршилт, сургамжаар баяжиж хөгждөг. Болж өнгөрсөн гамшгууд Чернобылийнх шиг хариуцлагагүй байдлыг халах, Фукушимагийнх шиг байгалийн гамшгийг давах хэмжээний технологи, аюулгүй байдлыг хангахыг гол үзүүлэлтээ болгосон цөмийн эрчим хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлээд байгаа юм. 2011 оноос хойш цөмийн станцуудад тавих аюулгүй ажиллагааны шаардлага, стандарт маш хатуурсан, тэр хэмжээгээр аюулгүй байдал илүү сайжирсан.

-За, аймаар юмаа ярьчихсан болохоор гол сэдэв рүүгээ орцгооё. Манай улс аль 1963 онд Цөмийн энергийн комисс-той болжээ. Одоогоос 66 жилийн өмнө. Юун цөм, яасны чинь энерги гэж асуумаар эрт дээр үеийн юм шиг бодогдоод байна л даа.Ер нь энэ чиглэлийн ямар олон улсын байгууллагууд идэвхтэй ажиллаж байна?

-Дэлхийн хоёрдугаар дайны дараа, атомын бөмбөг туршиж, хэрэглэснээр хүн төрөлхтөн цөмийн эрин рүү орсон нь тодорхой болсон. Бүтээн байгуулах, бас егүүтгэн сүйрүүлэх төсөөлшгүй их хүчтэй энэ эрчим хүчийг хяналтгүй алдах аюул тулгарч байгаа нь ойлгомжтой болсон. Хүн төрөлхтний хамтын хүчин чармайлтын үрээр Олон Улсын Атомын энергийн агентлаг (ОУАЭА) 1957 онд байгуулагдаж, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ хийгдсэн байдаг. Манай улс 1968 онд нэгдэж орсон шүү. Цөмийн зэвсэг, түүний түүхий эдийг хянах үүргийг ОУАЭА хүлээж байдаг.

Ер нь “Өнөөгийн дэлхий дээр байгаа нэг грамм цөмийн материалыг ч үлдээлгүй хянах” нь ОУАЭА-ийн үүрэг бөгөөд түүний төлөө ажилладаг. Харин тухайн үеийн цөмийн зэвсэгтэй гүрнүүд өөртөө байгаа цөмийн зэвсгээ хянахын зэрэгцээ, өөр улс орнуудад шинээр түүнийг бүтээх боломж олгохгүй байх талаар тохиролцон “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ”-г байгуулсан.

Атомын цөмийг судлахад асар их оюуны чадавх, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд шаардагддаг. Нэг улсын оюуны болоод техник технологи, хөрөнгө санхүүгийн хүчин чадал хүрэлцэхгүй хэмжээнд байсан учраас барууны орнууд хамтран 1954 онд ЦЕРН хэмээн алдаршсан Европын цөмийн судалгааны төвийг Швейцарьт байгуулсан.

Хоёр системийн өрсөлдөөний үр дүнд гэхүү дээ, Дубна хотод Зөвлөлт холбоот улс тэргүүтэй социалист орнуудтай хамтран манай улс 1956 онд Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-ийг байгуулалцсан.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс “Цөмийн энергийн комиссын түр дүрмийг батлах тухай”тогтоолыг 1962 онд гаргасан. Энэ тогтоолд дурдсанаар, ЦЭК нь улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэхэд цөмийн энергийг ашиглах, эрдэм шинжилгээний ажлыг өрнүүлэн, тус орны үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлын байгууллагад цацраг идэвхт бодис-изотопуудыг хэрэглэх, улсын хяналт тогтоох, боловсон хүчнийг бэлтгэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байсан аж. 1963 онд Цөмийн энергийн комиссыг албан ёсоор байгуулж, харин1973 онд Олон улсын атомын энергийн агентлагийн 105 дахь гишүүнээр элссэн. Манай улс 1992 онд өөрийгөө “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласныг ч энд бас дурдалтай.

-Манай орон цөмийн эрчим хүчний станцтай болох төлөвлөгөө бий юу?

-Бий. 2009 онд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-оо УИХ баталсан. Энэ бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу бол 2017 онд эрчим хүчний станцаа дэд бүтцийн хамт байгуулчихсан байхаар тооцоолсон байдаг юм. Энд бас хөрөнгө оруулалт, ТЭЗҮ, боловсон хүчнийг бэлтгэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх, хяналтын тогтолцоог бий болгох гээд асуудлуудад дутуу хийгдсэн зүйлс бий.

-Үүнээс болоод баригдаагүй гэж үү?

-Бодлого, зохион байгуулалт, хөрөнгө санхүүгээс хамаарсан болов уу. 2010 онд Японы Майничи сонины сурвалжлагч цөмийн хаягдалтай холбоотой асуудал бичээд улс төрийн хувьд манай салбарыг дэмжих талд эргэлзээ төрүүлж эхэлсэн. Ард нийтэд ч буруу ташаа мэдээлэл нэлээн сэвэгдсэн байх. Дараа жил нь Фукушимагийн АЦС-д осол гарч дэлхий нийтийг айдас, болгоомжлолд оруулсан.

2012 оны сонгуулийн дараа энэ чиглэлийн үйл ажиллагаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ороогүй. 2014 онд Цөмийн энергийн газар болох тохируулагч агентлагийг татан буулгасан, Хан ресорс компанитай холбоотой олон улсын арбитрын шүүх дээр Засгийн газар ялагдсан, ураны хайгуул хийж байсан ААН-үүдэд лиценз олгохгүй болсон гээд олон хүчин зүйлийн давхцал дор салбарын үйл ажиллагаа хүлээлтэнд орсон. Мөн бид өөрсдийн нөөц бололцоог төвлөрүүлэн тодорхой зорилгын төлөө ажиллаж чадаагүй байх аа.

-Манай улс Цөмийн зэвсэггүй бүс мөн боловч Цөмийн эрчим хүчгүй бүс бол биш гээд цаашаа ярих уу?

-Мэдээж, манай улсад цөмийн эрчим хүч ашиглах, АЦС байгуулах эсэх тухай асуулт одоо ч байна. Цөмийн нууцад нэвтэрснээр хүн төрөлхтөн ирээдүйгээ аврах нууцад нэвтэрсэн талаар ярианыхаа эхэнд бид өгүүлсэн. Дэлхийн тэргүүлэх бизнесмэн Билл Гэйтс ч, хүн төрөлхтнийг агаарын бохирдол, цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын аюулаас цөмийн эрчим хүчийг ашиглаж баймааж нь аврагдах тухай хэдэн жилийн өмнөөс бичиж эхэлсэн, хөрөнгө оруулалтыг хэд хэдэн компани, судалгаа шинжилгээний байгууллагуудад оруулсан, одоо зарим нааштай үр дүн гарч байна.

Одоо манай дэлхий дээр 450 цөмийн реактор ажиллаж нийт цахилгаан эрчим хүчний 10.5 хувийг үйлдвэрлэж байна. Өнөөдөр дэлхийн 17 улсад 54 реактор шинээр баригдаж байгаагийн гуравны хоёр нь Ази тивд, тэрний гуравны хоёр нь БНХАУ-д хамаарч байна.

Хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа эрчим хүчний асуудал, хүнс тэжээлийн хүрэлцээний асуудал, байгаль экологийн тэнцвэрийн асуудлыг шийдвэрлэхэд цөмийн шинжлэх ухаан яалт ч үгүй голлох үүрэг гүйцэтгэх байх аа. Ийм үед бид цөмийн эрчим хүчийг ашиглах талаар бодож ажиллах ёстой. Бүр БНМАУ-ын үед энэ чиглэлийн мэргэжилтнээ бэлтгэх, “Атомын эрчим хүчний үйлдвэрлэлийг хурдавчлан хөгжүүлэх” тэргүүлэх чиглэл, зохион байгуулалтын ажлын төлөвлөгөө, концепцийг Цөмийн энергийн комисоор 1986 онд баталж байсан юм билээ.

Гэхдээ АЦС барихын өмнө шийдүүштэй хэд хэдэн асуудал бий. Юуны өмнө эрчим хүчний болон эдийн засгийн тооцоогоо хийх ёстой. Тэгээд аюулгүй байдлын баталгаагаа хангах ёстой. Гуравдугаарт, манай онцлогоос хамаарсан нэг юм бий. Энэ бол улс төрийн туйлбартай бодлого. Ингээд үнэхээр ашигтай байвал энэ чиглэлийн ажлыг эхлүүлэх цаг болсон.

Эдийн засгийн тооцоог яагаад онцлоод байна гэхээр АЦС бол урт хугацаанд ашиг нь гардаг томоохон гэхэд ч багадмаар нүсэр хөрөнгө оруулалт. Тэгээд 100 хувийн аюулгүй байдлын баталгаа байдаггүй. Саяхан ОУАЭА-ийн НҮБ-ын Цөмийн зэвсгийн байцаагчаар олон жил ажиллаж байгаа Ч.Жаргал гуай “Цөмийн эрчим хүч ба монголчууд бид” гарчигтай нийтлэл гаргасан нь жинхэнэ цөмийн салбарын шилдэг мэргэжилтэн хүний байр суурь байна даа гэж ойлгогдсон. Нэлээн сайн бодож, хэлэлцэж шийдвэр гаргах ёстой гэж үзсэн байна лээ. Шинжлэх ухаан, технологийн талаасаа ч, улс төр, санхүүгийн талаасаа өргөн хүрээнд тооцож, ард иргэдээрээ хэлэлцэж ч болох талтай асуудал. Цөмийн эрчим хүчний бус технологийг улс бүр хэрэглэж, ач тусыг нь хүртэх ёстой болохоос цөмийн эрчим хүчийг улс бүр заавал хөгжүүлэх ёстой биш гэж үзсэн байсан.

Цөмийн эрчим хүчийг ашиглах талаарх ерөнхий судалгаа манайд нэлээд хийгдсэн. Саяхан МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн профессор Г.Хүүхэнхүү багш манай орны эрчим хүчний бусад эх үүсвэрүүдтэй харьцуулсан, тооцоотой судалгааны өгүүлэл бичсэн байна.

-Цөмийн аюулгүй байдлын хамгийн том баталгаа юу вэ?

-Цөмийн аюулгүй байдлын нэг баталгаа нь “Аюулгүй ажиллагааны соёл”, бүх нийтийн боловсол, энэ салбарын эрдэм дэлгэрүүлэлт гэж үзэх болсон. Өөрөөр хэлбэл, цөмийн аюулгүй байдлын хамгийн том баталгаа нь “Хүн төрөлхтний цөмийн мэдлэг” гэсэн үг. Энэ хандлага “Фукушимагийн үйл явдал”-аас хойш чухлаар тавигдах болсон. Цөмийн эрчим хүч, технологитой холбоотой мэдээллийг аль болох ил байлгаж, олон түмэнд түгээх нь мэдлэг дагасан сахилга бат, мэдээлэл дээр суурилсан ёс зүйн суурь болно гэсэн үг. Нэг талаасаа харанхуй айдас болгоомжлолоо давах, нөгөө талаас зүй ёсны болгоомж, шинжлэх ухаанлаг сэрэмжийг төрүүлэх ч гэмээр юм уу.

Ийм учраас манай ЦЭК ч, ОУАЭА ч бүх нийтийн боловсролд ихээхэн анхаарч байна. Манайд дунд сургуулийн багш нар болон сурагчдад зориулсан танин мэдэхүйн хичээл, сургалт байнга зохион байгуулагдаж эхэлсэн. Цаашдаа улам бүр нийтийг хамарч, онлайн болон явуулын хэлбэрт орж таарна.

Өнөөдөр ураны хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжүүд болон орон нутгийнхан, иргэний хөдөлгөөн, улстөрч нарын дунд үүсч байгаа маргаан, үл ойлголцлыг зохицуулах гарц нь ил тод, үнэн зөв мэдээлэл гэж үзэж болно. Талуудад ч бүх мэдээллээ, үүрэг зорилгоо ил болгох шаардлага тавигдаж байна.

-Та мэдээллийг нуухын оронд түгээх нь цөмийн технологийн аюулгүй байдлыг хангах арга замын нэгэн болох тухай ярилаа. Энэ чинь цөмийн зэвсэг яаж хийдгийг ч нуухаа больсон гэсэн үг үү?

-Цөмийн зэвсэгийн зарчим, бүтээх аргачлал нь мэдээллийн сүлжээнд ч байгаа шүү дээ. Яг л буу яаж ажилладгийг онолын хувьд бүгд мэдэж байдаг шиг. ОУАЭА-ийн үүрэг нь дэлхий дээрх цацрагийн үүсгүүр, изотоп бүрийг аюулгүй ашиглах, хууль эрх зүйн орчинг нь олон улсын жишигт хүргэх талаар гишүүн орнууддаа зөвлөх, цөмийн материалыг цөмийн зэвсэгт ашиглуулахгүйн тулд баталгаа гаргуулах, байцаагч нараа явуулж хянуулах үүрэгтэй.

Энэ байгууллагын өөр нэг зорилго нь, цөмийн эрчим хүчний салбарын аюулгvй ажиллагааны норм, стандартыг тогтоох болон заавар, дvрэм боловсруулах, тэдгээрийг гишvvн орнуудад хэрэглэх үйлчилгээ үзүүлэх явдал байдаг. Мөн “Цөмийн технологийг эрүүл мэнд, хvнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, байгаль орчин болон бусад салбарт хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх” үүрэгтэй учраас цөмийн технологийг энхийн зорилгоор дэмжин дэлгэрүүлэгч гол байгууллага юм.

-ОУАЭА-аас гадна Дубна дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт хэмээх газар их яригддаг даа.

-Тийм ээ. Манай улсын цөмийн судалгааны салбар чухамдаа Дубнагийн ЦШНИ-ийг л түшиглэж өндийсөн гэж хэлж болно. Би дээр товч дурдсан, ЗХУ-ын санаачилгаар тэр үеийн социалист 11 улс нийлж энэ институтыг байгуулсан. Одоо ч Засгийн газар хоорондын байгууллага гэсэн статустай, НҮБ-д бүртгэлтэй олон улсын байгууллага. Гишүүн орны тоо нь нэмэгдээд одоо 18 гишүүн, 6 ажиглагч гишүүн орон байгаа бөгөөд 62 улсын 800 гаруй эрдэм шинжилгээний төв, их сургуулиудтай идэвхтэй хамтын ажиллагаатай ажиллаж байна.

Манай орон институтдээ олон арван эрдэмтэн судлаачаа илгээж, докторын зэрэг хамгаалуулж, онолын болон туршлагын судалгааг орон орны эрдэмтэдтэй хамтран амжилттай хийж байна. Манай эрдэмтэд институтын удирдах бүрэлдэхүүнд нь багтаж маш идэвхтэй ажиллаж ирсэн. Академич Н.Содном гуай гэхэд л хэд хэдэн удаа ЦШНИ-ийн дэд захирлаар томилогдон ажиллаж байсан. Профессор Д.Чүлтэм багш маань Цөмийн асуудлын лабораторийн орлогч захирлаар, профессор Д.Сангаа Нейтроны физикийн орлогч захирлаар ажиллаж байсныг хэлмээр байна. Одоо төрийн соёрхолт математикч О.Чулуунбаатар Мэдээллийн технологийн лабораторийн орлогч захирлаар ажиллаж байна.

-Яриа маань ерөнхийгөөсөө нарийн руу шилжив гэгчээр ОУАЭА, ЦШНИ-гээс эхэлсэн яриа маань Монголынхоо Цөмийн энергийн комисс дээр тогтох цаг болсон шиг байна.

– Цөмийн энергийн комисс маань дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрддэг. Дарга нь Ерөнхий сайд, орлогч дарга нь БСШУС-ын сайд. Яам, агентлагийн дарга нар оролцсон 13 гишүүнтэй. Мөн дэргэдээ орон тооны бус “Эрдэмтдийн зөвлөл”, “Цацрагийн аюулгүйн зөвлөл”-тэй. Өдөр тутмын ажлыг Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга зохицуулдаг. Манай комиссын зорилтыг “Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулах зохицуулахад оршино” гэж ЦЭК-ын дүрэмд тодорхойлсон байдаг.

Ер нь комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан л даа.

Ажлын алба байгуулагдсан цагаас хойш салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулж боловсронгуй болгох чиглэлд голлон анхаарч ажиллалаа. Бид хуультай, төрөөс баримтлах бодлоготой улс. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн үзэл баримтлалаа батлууллаа. 1983 онд батлагдсан “Цацрагийн аюулгүйн норм ЦАН-83”, “Цацрагийн ариун цэврийн үндсэн дурэм ЦАЦҮД-83”-аа бид шинэчиллээ.

Манай Ажлын албанаас өнгөрсөн 4 жилд “Цацрагийн аюулгүйн норм”, “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм”, “Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагын цацрагийн аюулгүйн албаны дүрэм”, “Цацрагийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн төлөвлөгөө” гэсэн үйл ажиллагаа, хамгаалалт, аюулгүй байдалтай холбоотой ерөнхий, үндсэн дүрмүүдээ гаргасан.

Цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой “Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгааны цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Хүдрийн олборлолт, боловсруулалтаас үүсэх цацраг идэвхт хаягдлын менежмэнтийн дүрэм”, “Цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл ажиллагаанд мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, мөн цацрагийн үүсгүүртэй холбоотой “Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дүрэм” “Суурин цөмийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Зөөврийн цөмийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүйн дүрэм”-ийг боловсруулж комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадсан. Одоо харахад чамлахааргүй олон баримт бичиг. Манай салбарын олон мэргэжилтэн оролцож ажилласан.

Гол нь олон улсын байгууллагуудын дүрэм журмыг өөрийн орны эрх зүйн орчинд нийцүүлэн, өндөр хөгжилтэй орнуудад ч тавигдаж байгаа аюулгүй ажиллагааны шаардлагад хүргэхийг зорьсон. Шинээр батлагдсан дүрмүүдийг зорилтот хэрэглэгчдэд сурталчлах зорилгоор цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолт хийдэг, судалгаа шинжилгээ, аж үйлдвэр, эмнэлгийн салбарын цацрагийн үүсгүүр ашиглаж байгаа 140 гаруй байгууллагын ажилтан, мэргэжилтнүүдэд танилцуулах ажлыг зохион байгууллаа. Энэ бас л аюулгүй ажиллагааны соёлд сургах томоохон ажлын нэг болсон байх.

-Нэлээд олон дүрэм журам байна шүү. Одоо батлуулахаар бэлтгэж байгаа юм уу, манайд байхгүй байгаа дүрэм бий юу?

-Бас хэдэн дүрэм бий. “Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрэм”, “Байгалийн гаралтай цацраг идэвхт материалд хяналт, мониторинг хийх дүрэм” гээд хэд хэдэн чухал дүрмийн төслүүд бараг бэлэн болсон. Мөн Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх зорилгоор “Рентген кабинет, ионжуулагч туяа үүсгэгч аппарат төхөөрөмжийг ашиглах, суурилуулах болон рентген шинжилгээ хийх үед мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм” өнгөрсөн онд хүчингүй болсон. Тус дүрмийг энэ онд багтаан шинэчлэн боловсруулж батлуулах ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч нартай хамтран хийхээр төлөвлөөд байна.

-Манайх одоогоор АЦС байхгүй, дээр нь Цөмийн зэвсэггүй бүс учраас цөмийн эрчим хүчнээс ангид, энэ талын асуудал биднээс хол гэсэн ойлголт бас байна уу?

-Үнэн хэрэгтээ бид цөмийн салбарыг хөгжүүлж, ашиглаж яваа орчин үеийн улсын л нэг. Шинжлэх ухааны академи, Их сургууль дээр цөмийн судалгааны анхны лабораториуд байгуулж байсан нь ХХ зуун, БНМАУ-ын үеийн явдал.

Одоо манайд тархи мэдрэл, зүрх судас, элэг, уушги, гэмтлийн зэрэг бүхий л өвчнийг оношлох, эмчлэхэд цөмийн технологи ашиглаж байгаа. Малын халдварт өвчнийг тандах, эмчлэх, вакцин боловсруулахаас эхлээд үр тарианы шинэ сорт гаргах, ургац нэмэгдүүлэхэд ашиглаж байна. Байгаль орчин, геологи, аж үйлдвэрийн салбарт цөмийн технологи хэрхэн ашиглаж буйг тайлбарлавал нэлээн цаг авах байх. Хил гаалийн албанд цөмийн технологиор ачаа тээш, чингэлгүүдийг нэвт скайнердаад доторх барааг тодорхойлдог болсноор цаг хүч хэмнэх төдийгүй, үндэснийхээ аюулгүй байдлаа хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Бид энэ бүхэнд ашиглаж байгаа цацрагийн үүсгүүрүүдийг хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөө үзүүлэхээс сэргийлэн хянаж, холбогдох мэргэжилтнүүдийг нь сургаж, дадлагажуулдаг. Бас шинжлэх ухааны судалгаа явуулах, салбарын ололт амжилтыг түгээн сурталчлахад ч онцгой анхаардаг.

Сонирхуулахад цацраг бол орчин үеийн хамгийн сайн ариутгагч. Ялангуяа хүнсний салбарын. Манай дэлгүүрийн лангуунууд дээр байгаа, далайн цаанаас ирсэн, муудахгүй уддаг жимс, соёолж ялзардаггүй ногоонууд чинь зарим нь цацрагаар ариутгагдсан болоод л тэр шүү дээ. Манай газар тариалангийн салбарынхан бүтээгдэхүүнээ цацрагаар ариутгаад, паразитуудыг нь устгаж чадвал ядаж л төмс, сонгино нь лангуун дээрээ соёолохгүй удаан хадгалах боломжтой болно.

Одоо дэлхий даяараа хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслээс гадна шуудан захидлыг цацрагаар ариутгаж эхлээд байгаа. Олон төрлийн өвчин, нян бактер тархахаас сэргийлсэн том алхамд тооцогдоод байна.Хэдэн жилийн өмнө бид цацрагаар цаасан мөнгө ариутгаж туршсан юм. Мөнгөн дэвсгэрт бол хүний гар дамжиж хамгийн их бохирддог төдийгүй, нян бактер үржихэд таатай дулаан орчинд, хүний биеийн илчээр бүлээн хадгалагддаг эд, манайхан анзаардаггүй болохоос. Ионжуулагч цацрагаар шарсны дараа мөнгөнд наалдсан нян, бактерийн 60 илүү хувь ариутгагдсан дүн гарч билээ. Бидэнд зөөврийн хүчтэй шарах төхөөрөмж байхгүй, дээр нь банкны мөнгөн дэвсгэртийн аюулгүй байдлыг хангаж чадахгүйгээс түр хойш тавьсан. Манайд банкууд шинэчлэгдэж, бэлэн бус тооцооны хэлбэр түрж ирсэн үе ч давхацсан.

-Манайд хэрэглээд дууссан цацраг идэвхт изотопуудыг яадаг вэ?

-Бид изотоп хэрэглэдэг байгууллагуудад “авсан улс орон руугаа эргүүлэн тушаах” байдлаар гэрээ хэлэлцээр хийхийг зөвлөж байгаа. Изотопыг дахин реактор дээр шарж “цэнэглээд” л ашигладаг учраас нийлүүлэгч нарт ч боломжтой хувилбар л даа. Гагцхүү аюултай ачааны тээвэрлэлт, бичиг баримтын бүрдүүлэлт, тусгай зөвшөөрөл, тэдгээрийн төлбөрөөс болоод амьдралд хэрэгжихгүй байна. Яг одоогоор бол манай ажлын албаны Изотоп конторт л хадгалдаг. Энэ байгууламж маань 1987онд байгуулагдсан, улсын хэмжээнд цөмийн болон цацраг идэвхт үүсгүүрийг төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах чиг үүрэгтэй. Булшилна гэхээр гадны орны цөмийн хаягдал, ашигласан түлш гэж ойлгож болохгүй. Манай хуулиар энэ чиглэлийн үйл ажиллагаа хориотой.

2001 онд Цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын тухай хуулийг УИХ-аас хэлэлцэж байх үед манай нэг ахмад Их хурлын гишүүн “Цөмийн энергийн комиссын Изотоп контор” гэдэг гарчиг дотор чинь таван үгний дөрөв нь гадаад үг байна гэж шүүмжилж, биднийг хэцүү байдалд оруулж байсан санаанд орчихлоо. Цөмийн энергийн хуульд нэмэлт, өөрчлөлт орох үед цөмийн хаягдал, цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, олон улсын хэд хэдэн гэрээ конвенцид нэгдэн орох талаар тантай ярилцаж болно.

-Та ярианы төгсгөлд өөрийнхөө тухай жаахан хуучлаач. Манай сэтгүүл зүйн ярилцлагын практикт байдаг уламжлал юм даа.

– Миний хувьд Нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийг дүүргээд МУИС-ийн Физик математикийн факультетэд суралцаж, цөмийн физикээр мэргэшиж төгссөн. Төгсөөд МУИС-ийн анхны гурван магистрийн нэгээр суралцаад 1992 онд Эрүүл ахуй халдвар нян судлалын улсын институтын Цацрагийн хяналтын төв лабораторид орж физикч-инженерээс ажлын гараагаа эхэлсэн. 27 дахь жилдээ цацрагийн хяналт, цөмийн физикийн технологи, цөмийн энергийн салбарт ажиллаж байна. Улсын мэргэжлийн хяналтын газар, Цөмийн энергийн комисс, Цөмийн энергийн газар, Физик технологийн хүрээлэнгийн олон сайхан хамт олонтой ажиллах завшаан тохиолдсоноо их хувь заяа гэж бодож явдаг.

Харин би багшийнхаа надад онцлон ярьж байсан нэг зүйлийг нийт уншигчдадаа хүргэж болох уу? Д.Сүхбаатар жанжны хэлсэн үг л дээ. Чүлтэм багш “Монголчууд юм хийж чадахгүй хэмээгчид, үл бүтэгчдэд”зориулж жанжинаас хариу талбиж хэлсэн үг гэдэг байсан. “Манай цөөхөн ядуулаг Монгол Улс энэ зүйл их хэргийг оролдон тэнгэрийн дор, дэлхий дээр эрдэмтэн хүний биеийг олж төрсөн нь гайхамшиг зохиол, эхийн хэвлийгээс гарч нялх нялзрайгаас эцэг, эхийн хүмүүжүүлэн тэжээх асралд дэгжиж, өдрийг түлхэн өссөөр бие тэгшрэн, санаа олж хүмүүжсэний хойно хэдий мэргэн, мунхаг адил үгүй, хучирхэг буурай өөр боловч, аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг аяндаа тогтоно. Эв санал нэгдвэл орчлонгийн түмэн бодисыг гийгүүлэн авч хүчтэнийг хураан авч чадна”. Дараагийн параграф нь Сүхбаатарын хөшөөний нүүрэн талд байдаг даа. Энд шинжлэх ухаан, байгалийн хууль, хувь хүний хүмүүжил, боловсрол, эв эе гээд бүхий л зүйлийг багтааж уран яруу хэлсэн байгаа юм. Эцэст нь “Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ” гэдэг юм билээ.

-За баярлалаа. Танд сайн сайхныг ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *