Categories
мэдээ цаг-үе

Г.Мандахнаран: Тамирчин хүний амжилт гаргах гол үндэс нь ялагдлаа хурдан мартах

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Монгол Улсын долоон удаагийн аварга гавьяат тамирчин Г.Мандахнарантай ярилцлаа.


-Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд долоо дахь удаагаа түрүүллээ. Онцлог нь дөрвөн жинд улсын аварга боллоо шүү дээ. Энэ жилийн тэмцээний талаар ярилцлагаа эхлүүлэх үү?

-За тэгье. Би 2005 онд анх удаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орж ах нартайгаа хүч үзэж байлаа. Энэ цагаас хойш 55, 60, 65, 70, 74 кг-ын жинд барилдаж 55 кг-аас бусад бүх жингүүдэд улсын аварга болсон байна. Энэ жилийн тухайд шинэ дүрэмтэйгээ уялдуулж 74 кг-ын жинд орж дүү нартайгаа барилдаад алтан медаль хүртлээ. Жин хасах сонирхолгүй байсан учраас дээд жиндээ орсон.

-“Алдар” спорт хороо “Аваргууд академи”-ийн тамирчид хоёр жил дараалж одтой наадаж багаараа түрүүллээ. Таны бэлдсэн дүү нараас хоёр ч аварга төрлөө шүү дээ?

-Ер нь манайхан орсон тэмцээн бүртээ л түрүүлэх зорилго тавьдаг. Сүүлийн хоёр жил тасархай түрүүллээ. Энэ жилийн тухайд намраас хойш хамт ажилласан Ц.Цогбадрах, Б.Бямбадорж гэж хоёр дүү маань итгэл алдсангүй сайхан барилдаж насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс анхны түрүүгээ авлаа. Залуу хойч үе маань хурдацтай гарч ирж байна даа.

-Таны олон улсын хэмжээнд гаргасан анхны томоохон амжилт бол 2010 онд Гуанжуд болсон Азийн спортын наадамд түрүүлсэн явдал. Энэ амжилтынхаа талаар эргээд яривал?

-Тэр өдрүүдийг эргээд дурсахад үнэхээр сайхан байдаг. Гэгээхэн цагаан хүсэл мөрөөдөлтэй залуу тамирчин Азийн наадамд очиж зорилгодоо хүрчихээд зогсож байсан минь өчигдөрхөн юм шиг л санагдаж байна. Ард түмнийхээ хэрэгтэй байсан медалийг авч үүгээрээ олонд танигдаж, амжилтдаа урамшиж илүү хурцлагдаж байсан даа. Энэ жил Азийн наадам дахиад зохиогдоно. 2010 онд залуухан хүү очоод түрүүлж байсан бол туршлагатай тамирчин болоод амжилтаа бататгахыг зорьж байна.

-2012 оны олимпоос 2016 оны олимпийн мөчлөгт гурван дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход та тухай бүрт нь финалдаж үдээс хойш барилдаж байсан. Тамирчны замналын тань оргил үе энэ байсан болов уу?

-Гурван жил дараалж очоод үдээс хойш үлдэж шилдгүүдтэй барилдаж байснаараа бахархах үе төрдөг шүү. Өглөө биеэ халаах гэж очиход битүү тамирчидтай байсан зааланд орой хоёулхнаа үлдээд чухал барилдаандаа төвлөрч байх бас гоё мэдрэмж байдаг. “Зүлэг ногоон дэнжид өглөө 512 бөх гараад орой нь Баянаа бид хоёр үлдээд хоёр биенээ түшээд унтаж байдаг” гэж манай дархан аварга Ж.Мөнхбат хэлдэг шиг. Энэ хэмжээнд ирэхийн тулд олон бартаа саадыг давсан даа. 2010 онд өмнө нь хоёр жил дараалаад улсын аварга болчихсон залуу хүүхэд “надтай өрсөлдөх хүн байхгүй” ухааны юм бодоод “нисч” байхад гавьяат Э.Ням-Очир найз маань сургамж хайрласан нь надад их зүйлийг бодогдуулсан. Ийм нарийн өрсөлдөөн дунд бид сайжирсан. Өнөөдөр хүртэл дүү нартайгаа сайхан үзэлцээд түрүүлээд л явж байна даа. Дүү нар маань том зорилго тавиад тууштай бэлтгэл хийхэд дэлхийн хэмжээнд гараад л ирнэ.

-Таны барилдааныг ажиглахад сэтгэл зүй их өндөртэй барилдаж байгаа харагддаг. Монголд спортын сэтгэл зүйн шинжлэх ухаан төдийлөн хөгжөөгүй нь тамирчдын дутагдал болоод байдаг . Та сэтгэл зүйгээ яаж бэлддэг вэ?

-Спортын сэтгэл зүй гэж тусдаа шинжлэх ухаан бий болоод байгаа. Шинжлэх ухаан талаас нь бол тайлбарлаж мэдэхгүй юм. Миний хувьд биеэ сайн бэлдээд бэлтгэлээ базаасан байхад айж эмээгээд байх зүйл байдаггүй. Биеэ бэлдээгүй үед айж эмээгээд төвлөрч чадахгүй үе байдаг. Гэхдээ спортын сэтгэл зүйн шинжлэх ухаан хөгжиж Монголын олон тамирчдын амжилтын үүдийг нээж өгөх байх гэж найдаж байна.

-2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд та Беларусийн тамирчинтай барилдахдаа эхний үед долоон оноо алдаж хожигдож байсан ч шийдвэрлэх үед барьж хоёр дахь медалиа авсан байдаг. Дэлхийн олон бөх сонирхогчид таныг энэ барилдаанаар дурсдаг?

-Маш хүнд барилдаан болсон. Дэлхийн аваргаас медаль авна гэдэг хэцүү. Түүнийгээ батлах бүр хэцүү байсан шүү. Нүд маань мөргүүлээд битүү хавдаж, чих маань тэсрээд идээлээд буглачихсан үед барилдах л ёстой гээд гарсан. Барилдааны эхэнд идээлсэн чих рүүгээ хоёр нүдүүлж мэдээ алдаад л үзэлцсэн дээ. Эхний дөрвөн минут хүртэл долоо оноо алдаад төгсгөлд ажилласаар байгаад өрсөлдөгчөө хялайлгаж, сэтгэл зүйгээр илүүрхэж буулгаж авсан. Монгол тамирчдын бэлтгэлийн тэсвэр хатуужлыг харуулсан барилдаан болсон гэж ойлгодог .

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой медальтан болоод олимпийн наадмыг зорьсон. Риогийн олимпийг эргээд дурсвал?

-Өнгөрсөн олимпийн мөчлөгч гарцаагүй медальт байранд шалгарах эрэмбэтэй байсан. Олимпийн наадам оролцох хүмүүс нь тодорхой байдаг талаараа ДАШТ-ээс ялгаатай. Тиймээс өрсөлдөгчдөө сайтар судлаад л очсон. Бэлтгэл сургуулилтаа маш сайн базаагаад медаль авах том зорилго тавиад очсон ч болоогүй дээ. Олимпоос тухайн өдрийн аз ёндоогоор медаль авна гэсэн ойлголт байхгүй. Бүх зүйл төгс байж л медаль хүртдэг юм байна лээ.

-Олимпийн дараа таны сэтгэл зүй хүнд байсан байх. Тэр цагаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Цаг хугацаа бүхнийг мартуулдаг. Наурузовтой хийсэн барилдааныхаа талаар боддог уу?

-Сэтгэл эмзэг үед ярихад хэцүү л дээ. Одоо бол бодоод шаналаад байгаа юм алга. Тамирчин хүний амжилт гаргах гол үндэс бол ялагдлаа хурдан мартах байдаг. Тэр цагт л дараагийн амжилт ирдэг. Аваргууд бүгд ялагдсан байдаг байхгүй юу. Миний хувьд бэлтгэл хийж байх үед Наурувтой хийсэн барилдаан хааяа бодогдох нь бий л дээ. Гаргасан алдаануудаасаа суралцаад өөрийгөө хөгжүүлээд явж байна.

-Наурувтой хийсэн барилдааны дараа гар бариад эрхий хуруугаа гозойлгож байсан. Энэ талаараа?

-Шүүгч нарт л бухимдаж байсан болохоос өрсөлдөгчдөө уурлаад байх зүйл байгаагүй ээ. Хүмүүс бол тийм барилдаан л хүсдэг шүү дээ. “Наурозовт сайхан барилдлаа шүү хоёулаа” гээд л амжилт хүссэн. Цаанаасаа дэмжлэгтэй л явж байсан л даа. Одоо яая гэхэв.

-Та олимпод хийсэн барилдааныхаа асуудлаар олон улсын шүүхэд хандаад байгаа талаараа мэдэгдэж байсан. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа вэ?

-Энэ асуудал дуусаагүй сунжраад л явж байгаа. Олон улсын шүүхийн асуудал их ярвигтай байдаг юм байна. Бичиг цаасны орчуулгаас авахуулаад олон бэрхшээлтэй тулгарч байна даа. Өнгөрсөн жилээс авахуулаад эхэлсэн асуудал ахиад хоёр гурван ч жил болох шинжтэй байна. Өмнө нь ийм асуудлаар олон улсын шүүхэд хандсан асуудал байдаггүй юм байна лээ.

-2020 оны олимпийн талаар бодсон зүйл байгаа байх. Эхний алхмаа амжилттай хийж УАШТ-аа түрүүллээ шүү дээ?

-Мэдээж олон жил энэ спортод сэтгэл зүрхээ зориулсных бодсон зүйл байгаа. Ирэх олимпийн наадамд 74 кг-ийн жинд өгсөж барилдахаар төлөвлөж байна. Ямартай ч улсын аварга болж эхний алхмаа амжилттай хийлээ. Одоо олимпийн оноо цуглуулах тэмцээнүүдэд хоёр дахь алхмаа хийгээд амжилттай болбол 2020 онд гурав дахь алхмаа олимпийн медалийн төлөө хийнэ дээ.

-Таныг зодог тайллаа гэхэд дэлхийн аваргаас очоод медаль авчих хэмжээний тамирчид харагдахгүй байна. Тантай ижил хэмжээнд өрсөлдөөн үзүүлэх тамирчин дунд жинд харагдахгүй байх юм?

-Тийм ч учраас өнөөдрийг хүртэл бэлтгэлээ хийгээд явж байна. Намайг ялчихвал “Дүү нар дэлхийгээс медаль хэмжээнд очжээ” гээд зайгаа тавьж өгнө. Би хожигдоогүй, дэлхийд үзээтэй байгаа тохиолдолд “Мандах ах нь очъё доо” л гэж хэлнэ. Нэг ёсондоо дүү нартаа нэг улаан шугам татаж өгчихөөд байна л даа. Энэ улаан шугамыг давж гарсан тохиолдолд л дүү нар маань бөмбөрцөгт гарч хүч үзэх байх даа. Найдлага тавьж байгаа олон залуус байгаа.

-Таны багш Ц.Цогтбаяр Монголоос Дэлхийн шилдэг техниктэй бөхийн шагнал хүртэж байсан ганц тамирчин. Таны барилдааны онцлог энэ хүнтэй салшгүй холбоотой байх?

-“Морь эзнээ олж байж хурдалдаг” гэж үг бий. Би багш дээрээ ирж л энэ амжилтуудыг гаргасан. Хэрэв өөр багш дээр очсон бол яах ч байсан юм билээ. Одоо бол багш бид хоёр нэг нэгэндээ дэндүү уусчихсан. Дэвжээн дээр барилдаж байх үедээ харцаараа л ойлголцдог. Цаашдаа ч багштайгаа хамт явж байгаад л дуусах байх даа.

-Чөлөөт бөхийн тамирчин хүн ямар байх ёстой вэ?

-Тамирчин хүн хувийн сахилга бат маш сайн байх ёстой. Бэлтгэлдээ орсон л бол тэр цагийг бэлтгэлд л зарцуулах хэрэгтэй. Зарим тамирчид утас нь дуугарахад очоод санаа бодол нь өөр газар яваад байгаа харагддаг. Ийм зүйл байж болохгүй. Чөлөөтийн тамирчид олон техникийг өндөр хэмжээнд эзэмшиж байж олон улсын хэмжээнд өрсөлдөнө.

-Энэ сарын 30-нд “АСА” циркэд болох халз барилдаанд үндэсний бөхөөр ОУХМ Д.Төмөрхүлэгтэй үндэсний бөхөөр халз барилдана. Монгол бөхөөрөө барилдаж л байсан байх?

-Хүүхэд байхдаа зодог шуудаг өмсөж ганц удаа сумын наадамд барилдаад нэгийн даваанд унаж байснаас өөрөөр барилдаж байгаагүй. Маргаашнаас зодог өмсөж бэлтгэл хийнэ дээ.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *