Дэлхийн армийн спортын VI наадам үргэлжилж байна. Наадмын чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эхэлж, эхний өдөр ОУХМ Д.Хүдэрбулга мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл өнөөдөр Гавьяат тамирчин Г.Мандахнаран 70 кг-ын жинд хүч үзэж, багтаа хүрэл медаль авчирлаа. Тэрбээр шөвгийн 16-д Египтийн бөх Еяд Ибрахимыг 14:1, шөвгийн наймд Германы Тим Мюллерийг 10:0 харьцаатай ялснаар хагас шигшээд шалгарсан байна. Гэвч дараагийн барилдаанд Азербайжаны бөх Жошгун Азимовд 6:3 харьцаатай ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй үлджээ. Ингээд хүрэл медалийн төлөө Украины бөх Евгений Хавиловыг 11:1 харьцаатай буулган авч, дэлхийн армийн спортын наадмаас хүрэл медаль хүртлээ. Ийнхүү зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид одоогийн байдлаар нэг алт /байт харваа/, гурван мөнгө /жүдо, чөлөөт бөх/, нэг хүрэл медаль хүртээд байна.