Categories
мэдээ спорт

Г.Хулан: Тоглолтыг нь шууд үзэх хамгийн хүнд санагддаг

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй зуны олимпийн XXXI наадмын долоо дахь өдөр тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болсон билээ. Энэ өдөр Монгол түмнээ баярлуулан олимпийн хүрэл медаль хүртсэн ОУХМ Д.Отгондалайн гэргийтэй манай сонин холбогдож ярилцсан юм.

Д.Отгондалайн гэргий Г.Хулан: Нөхрийнхөө нэг ч тоглолтыг алгасалгүй үзсэн. Тоглолтыг нь шууд үзэх хамгийн хүнд хэцүү санагдсан. Ялагдчих болов уу, ялах болов уу. Одоо ялагдвал медаль ч авахгүй гэхчилэн ойрын өдрүүдэд догдолж хөөрөхийн хажуугаар, байнга сэтгэл санаа түгшсэн байдалтай өнжлөө.

Ялангуяа сүүлийн хоёр тоглолт эхлэхээс өмнө өглөө эрт ууланд дээр гарч залбирч, даатгачихаад ирсэн. Ирэхэд тоглолт хэдийн эхэлчихсэн байсан. Зурагтаар харахад манай хүн арай л илүү ялчихаар л санагдсан. Гэхдээ Францын боксчин сайн тамирчин байна лээ. Зурагтаар үзэх нэг өөр, рингэн дээр тулалдах өөр шүү дээ. Амархан юм шиг харагдаж байгаа боловч тамирчин хүн нөр их хөдөлмөр зарцуулдаг. Тиймээс миний хань илүү амжилтанд хүрнэ гэдгээ харуулж чадлаа.

Нөхөр маань миний явуулсан мэндчилгээг хүлээн авч хариу илгээсэн. Хань маань “Би чадсан. Хань нь олимпийн медаль хүртэж чадлаа.Та гуравтаа хайртай шүү. Сайхан мэдээтэй очноо” гэсэн. Францын боксчинд хожигдож хүрэл авсандаа жаахан тиймэрхүү байх шиг байна лээ. “Надад боломж байсан” л гээд байсан. Бид хоёр гэр бүл болоод найман жил болж байна. Манайх хоёр охинтой. Том охиныг Цэлмүүн, бага охиныг Гэгээн гэдэг.

Хань маань энэ сарын 23-нд Улаанбаатарт ирнэ гэсэн. Биднээс илүү Монголын ард түмэн олимпийн медальтай хүүгээ тэсч ядан хүлээж байх шиг байна. Найз нөхөд, багш гээд зөндөө хүн над руу залгаж баяр хүргэж байгаа. Нөхрийг маань дэмждэг бүх хүнд маш их баярлалаа.

Уншигч та бүхэн дэлгэрэнгүй ярилцлагыг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *