Categories
мэдээ нийгэм

​Г.Хажидмаа: Иргэдэд хүнд суртал гаргасан төрийн албан хаагчдыг ажлаас нь халтал суулт хийнэ

Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар иргэний өргөдөл гомдолд хариу өгөхгүй байгаа учир иргэн Г.Хажидмаа хотын захиргааны гадна суулт зарлаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

2017 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдэд Гүнтийн ойролцоох нийслэлийн өмчийн газарт ногоо тарих зөвшөөрөл олгож байжээ. Энэ дагуу эмзэг бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэд тэнд хүнсний ногоо тариалж амжиргаандаа нэмэр болдог байсан аж. Харин энэ жил тус газарт хүнсний ногоо тариалах зөвшөөрлийг нийслэлийн удирдлагууд дээрх иргэдэд олгоогүй учир холбогдох албан тушаалтнуудад хандан гомдол гаргажээ. Гэвч өнөөдрийг хүртэл хариу өгч, арга хэмжээ аваагүй байна.

Иргэн Г.Хажидмаа “Хөгжлийн бэршээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн бүлэг гэж байдаг. Манай бүлэг 2017 оноос хойш Нийслэлийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран нийслэлийн өмчийн газарт ногоо тарьж байсан. Иргэд өөрсдөө ногоо тарьж, түүнийгээ борлуулдаг. Гэтэл энэ жил хотын дарга Д.Сумъяабазар энэ ажлыг хийлгээгүй. Бидний ногоо тарьдаг газар энэ жил хоосон өнжсөн. Хоосон өнжүүлж байхаар биднээр ногоо тариулаач гэдэг хүсэлт тавиад барсангүй. Тэгвэл бидэнд хуулийн дагуу газар олгож өгөөч, бид ногоогоо тарья гэдэг хүсэлтийг газрын албанд энэ оны гуравдугаар сард гаргасан ч өнөөдрийг хүртэл хариу өгсөнгүй.

Өнөөдөр иргэнээ хүн гэж үздэг төрийн албан хаагч байхгүй болж. Дарга нар нь жирийн иргэдэд олддоггүй юм бол ядаж мэргэжилтнүүд нь иргэдтэй утсаар холбогдож болдоггүй юм уу гэж асуумаар байна. Гуравдугаар сараас хойш бидэнд хүнд суртал гаргасан бүх төрийн албан хаагч, газрын албаныхныг ажлаас нь халтал би энд суулт хийнэ” гэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *