Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Жамьян: Надад үзсэн, сонссон, хүнд хэлчихмээр, нууцалж явсан элдвийн юм бий

Ерөнхийлөгч Н.Багабанди гавьяатын тэмдэг зүүж өгөхдөө “Г.Жамьян гуай, та шударга үнэнийг улам сайн бичээрэй” гэхэд нь манай Г.Жамьян гуай “Дарга аа, би таныг улам их шүүмжлэх болно” гэж л дээ. Тэгж хэлэхэд нь Ерөнхийлөгч учиргүй их инээсэн гэнэ. Дараа нь сэтгүүлчид “Н.Багабанди дарга инээдэггүй хүн дээ, түрүүн та хоёр яагаад инээлдээд байсан бэ” гэж сониучирхсан гэнэ лээ.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч, зохиолч Г.Жамъян хөдөлмөрч нэгэн. 80 гарсан ч бичсээр буй тэрбээр өдгөө аль хэдийнэ хориод номтой болоод буй. Тэрбээр саяхан “Сөрж, сөхөрч туулсан хорвоо” хэмээх шинэхэн номынхоо нээлтийг хийсэн юм. Түүнтэй ярилцлаа.


-Та “Сөрж сөхөрч туулсан хорвоо” номоо яагаад бичих болсон бэ?

-Хүн хорвоод ирээд буцдаг амьтан. Буцахад учир бий. Ямар ч байлаа хүн буцахаасаа өмнө хорвоод ирээд юу хийв. Ямаршуу янзтай амьдрав. Энэ гавал дотор юу багтаж явсан. Үүнийг цаасан дээр бичиж үлдээх хэрэгтэй юм байна. Би ная гарчихлаа. Өндөр насаллаа. Надад үзсэн сонссон, хүнд хэлчихмээр, нууцалж явсан элдвийн юм бий. Тэр бүхэн шороонд шингэсэнд орвол ард түмэнд хүрээсэй гэсэндээ би энэ номыг бичлээ. Би арван хэдтэйгээсээ эхлээд бичсэн. 60-70 жил биччихэж дээ.

-Анх бичихийн амтыг яаж мэдэрсэн бэ?

-Наймдугаар ангид байхдаа “Нар шингэх зүгт” гэж шүлэг бичээд, “Пинонерийн үнэн” сонинд явуулчихлаа.Тэр хэвлэгдсэн нь урам зориг өгсөн. Юм бичээд байвал нийтийн хэвлэлд гараад байх юм байна гэж бодсон. Бас Сталины 70 насны ойгоор хүүхдүүдийн дунд зарласан шүлгийн уралдаанд миний шүлэг түрүүлж, ханын сонинд тавигдсан юм. Би бас бодлоо. Бичээд байвал болмоор юм байна гэж. Энэ хоёр тохиолдол намайг сэтгүүлч, уран зохиолчийн замд хөтөлсөн юм.

-Хүн цаг үеийнхээ бүтээл шүү дээ. Тухайн үедээ Сталиныг хэрхэн мэдэрч, яаж илэрхийлж байв?

-Сталины 70 насны ойгоор манай сургуулийн олон хүүхэд шүлэг бичсэн юм.“Их багш Сталин таны ирмүүн цогтой харцан дор чинь…” гээд л бичсэн санагдана. “Пионерийн үнэн” сонинд хэвлэгдсэн шүлэг маань “Удахгүй би тийшээ явна, Улаан Москва хотыг зорино, шинжлэх эрдмийн туяатай адилхан, шинэхэн эрдмийн дээж авчирна” гэж бичсэн байдаг. Москваг төсөөлж тийшээ л явах юмсан гэж бодож байж шүү дээ. Зөвлөлтийн ард түмэн, Сталиныг магтаж байсан тэр хүн чинь 50-60 жилийн дараа Зөвлөлтийн эсрэг үзэлтэн болж, Монгол, Зөвлөлтийн найрамдалд ан цав суулгасан этгээд гэгдэж арга хэмжээ авагдсан. 1979 онд арга хэмжээ авагдаж 10 жил зургаан сар хүнд хөдөлмөрт нухлагдлаа шүү дээ.

-“Гавьяа” нийтлэлээс болж буруудсан гэдэг бил үү?

-“Гавьяа” найрууллын хэрэг гээд том дуулиантай хэрэг бослоо шүү дээ. Их сургуулийн үүдэнд Оросын гурван согтуу офицер жолоодсон машин шөнийн ээлжийн ажилчдын автобусыг мөргөж, 20 хүнийг шархдуулж, нэг хүний амь насыг авсан тухай бичсэн чинь Монгол, Зөвлөлтийн найрамдалд харш болоод, арга хэмжээ авагдсан. Энэ тухай номдоо тодорхой бичсэн.

-Тэгээд Модны үйлдвэрт цөлөгдсөн гэдэг?

-Улаанбаатар хотын мод боловсруулах комбинат гэдэг газрын эсгүүрийн цехэд хүргэгдэж очоод, тэнд 450-иас илүү цалин авч болохгүй нөхцөлтэйгөөр сунгасан цагаар хөдөлмөрт нухлуулж байлаа даа.

-Хүнд хөдөлмөр хийж байгаа хүн бичихэд цаг гаргаж чаддаг байсан уу?

-Сурвалжлага, тэмдэглэл бичиж болохгүй. Уран зохиол бичиж байлаа. Сүүлд ерэн онд цагаатгагдаад эхнээс нь хэвлүүлсэн.

-Зарим нь шоронд суусан ч бичиж л байдаг. Бичих эрх чөлөөг нь хаасны дараа бичих хүсэл оргилдог уу?

-Нэгэнт амь насаа зориулсан хөдөлмөрийг маань хаачихаар хэцүү. Сонинд бичмээр санагдана. Дотоод яамны байнгын хяналтад байгаа учраас тэр эрх чөлөө байхгүй. Бичсэн юмаа хадгална. Үгүй бол хүний нэр дээр гаргана. Би Р.Минжүүр гэж лут баатрын тухай ном хийсэн. Р.Минжүүр баатрынхаа нэр дээр гаргасан.“Үнэн” сонинд Г.Жамьян гэж хүний таван мөр мэдээ гарсан юм байж. “Өнөө Г.Жамьян чинь сонинд юм бичиж байна” гээд Дотоод яамныхан бужигнаад. Тэгсэн чинь тэр нь Хэнтий аймгийн идэвхтэн сурвалжлагч байж. Тэгж би ялгүй өнгөрсөн.

-Хэцүү цаг байжээ. Гэхдээ л энэ цаг үед таны залуу нас өнгөрсөн. Тэр үеийн залуусын гоёл, амьдралын хэв маягийн тухай яриач. Б.Догмид гуай таныг залуудаа гудамжинд зөрсөн охид бүсгүйчүүд эргэж хармаар ширээ ат шиг сайхан залуу байсан гэсэн?

-МУИС, Багшийн дээдийн бидний хэсэг залуус орчин үеийн моодыг дэлгэрүүлж байлаа. Өмд нэг их өргөн трапец хэлбэртэй болж ирээд тэгснээ бүр шилбээ барьсан нарийхан болсон. Тэр болгоныг дуурайна. Нарийн костюм хийдэг газар байхгүй. Өмдний шуумгаа индүүдэж нарийн болгож хавчаад гоёдог байлаа. Арван хэдэн залуу бүжиг танц эргүүлж явдаг. Дуу хуур болоод уулзалт үдэшлэг болоход шүлэг зохиолоо уншдаг. Р.Чойном, Д.Пашка байна. Тэр үед Р.Чойномыг мундаг зохиолч болж, түүхэнд үлдэнэ гэж бодсонгүй. Хамт архидаж бүжиглээд, шүлгээ уншаад явж байсан. Намайг “Улаанбаатарын мэдээ” сонинд сурвалжлагчаар ирэхэд, “Улаанбаатарын мэдээ”сонины дэргэдэх Утга зохиолын дугуйлан гэж байлаа. Ирээдүйн мундаг зохиолчдыг төрүүлж гаргасан. Тэрэнд ирж байж Р.Чойном, Д.Пашка, Л.Базаррагчаа нартай бүгдтэй нь танил найз болсон. Би Ленин клубийн дэргэд хотын намын хорооноос өгсөн хоёр өрөө байранд ганцаараа. Өнөөдүүл над дээр ирээд архи ууна, залуучуудын хийдэг бүхнийг л хийнэ. Тэгээд л дотно болчихгүй юу.

-Таныг бүжиг танцанд гаргууд явсан гэдэг?

-Орой бүжиг хэсдэг. Би бол бүжгийн донтой байсан. Залуучуудын байгууллага орой бүр шахуу үдэшлэг, олон нийт явуулж тэнд очиж сайхан амарч цэнгэдэг байлаа. Манай Р.Чойном бүжиглээд байхгүй, шүлгээ сайхан уншина.

-Таны гэргий З.Ичинноров гуай зочломтгой сайхан эмэгтэй. Бүжгэн дээр танилцсан уу?

-Манай хөгшин бид хоёр суугаад бараг жараад жил болж байна. Би Дарьгангаас авгай авсан. Манай авгай бүжиг гэхээр хөл нь хойшоо урагшаа гишгэхээ больчихдог. Тийм хүнтэй суугаад, бүжиг завсарласан даа. Хүүхэд төрсөн, авгай бүжиг мэдэхгүй, номын хүн. Эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлгөөнтэй байх үүднээс сүүлийн жилүүдэд бүжиг хийж байна. Долоо хоногт гурван удаа бүжиглэж, хөлсөө гаргахаар хачин сайхан болно шүү дээ.

-Биднийг нэг удаа танайд очиход та “Хань галзуу” гээд өгүүллэг уншиж өгсөн. Танд тохиолдсон амьдрал юм болов уу гэж хардсан шүү?

-Тиймэрхүү юм миний амьдралд ердөө байгаагүй. “Хань галзуу”-г өөр хүний амьдралаас сэдэвлэж бичсэн юм. Хөгшин маань төлөв даруу, боловсролтой хүн шүү дээ. Бид хоёр үг хэлээ ололцдог, ам муруйж үзээгүй. Номд маань хөгшиндөө зориулсан шүлэг бий. Манай хөгшнийг дүү нар нь авгайлж, Инжээ гэж дууддаг. “Инжээ минь итгэл даах хань минь, ирмэх нүдний зовхинд хоргодсон инээдэг шувуухай минь” гээд бичсэн байгаа.

-Та номдоо бүх нууцаа бичсэн гэдэг үнэн үү?

-Тэр байтугай авгайдаа хэлээгүй нууц хүртэл энд бий.

-Сэтгүүлч бидэнд уулзахгүй, ярилцахгүй хүн гэж алга. Таны ид үед төр засгийн тэргүүнүүдтэй сэтгүүлчид ямар харьцаатай байв?

-Би нэг жарны түүхийн гэрч юм. Амьд гэрчийн хувьд бичих юм олон. Ю.Цэдэнбал даргаас эхлээд М.Энхболд, Ц.Элбэгдорж хүртэлх олон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай нэг үед амьдарч, бүгдийг нь сайн, саараар бичиж байлаа. Зарим нэгтэй нь ах дүү шиг явлаа.

-Хэнтэй тэр вэ?

-Ж.Наранцацралт бол миний хуурай дүү байлаа. Ш.Гунгаадоржтой би ураны эрэлд явж байсан. Д.Бямбасүрэн Ерөнхий сайдтай өөд өөдөөсөө харсан байшинд аяган дахиа хуваагаад явж л байсан. Заримд нь бол ажил төрлийн шугамаар загнуулж байлаа. Арай л зодуулаагүй.

-Хэнтэй нь тэгж муудчихав?

-Х.Чойбалсан гэж хүний барааг нь харж байлаа. Ю.Цэдэнбал даргын үед ажиллаж амьдарч байлаа. Гавьяанаас гайтах үеийн гол удирдагч нь Ю.Цэдэнбал дарга. Хүнд хүчир хөдөлмөрт мөлхөж, зарим үед ухаан алдаж ойчиж үхэх гэж байхдаа бичсэн миний гучин хэдэн удаагийн өргөдөлд төр, засгийн тэргүүнүүд хариу өгөөгүй юм. Тэр улсуудад гомдож явлаа. Гомдоод би юу шалих вэ. Сайндаа сонинд бичиж, дурсамжинд оруулна биз. Өнөөдөр намайг шийтгэж байсан улсаас ганц, хоёр хүн амьд байгаа.

-Тэр үеийн томчуудын тухай үлгэр домог шиг хууч яриа явдаг байсан. Тэр ам дамжсан яриаг бодит эсэхийг судалж байв уу?

-Би олон юмны гэрч. Жишээлбэл, Л.Дандар баатрыг Оросын том хурандааг буудаж алчихаад, шоронд орсон гэж ярьдаг байсан. Сүүлд Л.Дандар баатар бид хоёр худ ураг боллоо. Түүнтэй ярилцаж өөрийнх нь амнаас сонссон. Бүгд худлаа байдаг. Л.Дандар баатрын амнаас сонссон зүйлээ номдоо бичсэн.

-Бодит байдал дээр юу болсон гэнэ вэ?

-Шоронд орсон л доо. Гэхдээ Оросын хурандаа буудсан юм байхгүй. 1945 оны дайны үеэр Өвөрмонгол, Хятадын хотуудыг чөлөөлсөн. Л.Дандар баатарт нэг чөлөөлсөн хотыг хариуцуулж үлдээжээ. Эхнэр хүүхдээсээ хол олон жил цэрэгт алба хаасан. Чөлөөлсөн хотын нэг эмэгтэйтэй танилцаад гэрт нь очоод байж байтал гэнэт нөхөр нь иржээ. Нөхөр нь хардаад, Л.Дандар баатрыг алах гэсэн юм билээ. Тэгэхээр нь өрсөөд буудчихсан гэдэг.

-Таныг сонссон, дуулснаа тэмдэглэж явдаг гэсэн. Н.М.Прежвалскийн “Тоост замын аянчинд тогтоох ой гэж байдаггүй” гэсэн үг байдаг. Тэмдэглэж авдаггүй бол олон хүний түүхийг бичихгүй ч байсан юм бил үү?

-Нэгдүгээрт, миний ой санамж муугүй шиг байгаа юм. Ээж маань 93 хүрсэн. Ээж юмыг ердөө мартдаггүй. Хүнийг овог нэртэй нь хэлнэ. Ургийн бичгээ ээжээрээ хэлүүлж бичсэн шүү дээ.Түүнээс гадна би онцлог зүйлүүдийг товчхон тэмдэглэж авдаг. Үзэг, цаас үргэлж бэлэн явдаг. Энэ хоёр маань дурсамж бичихэд хэрэг болдог юм. Ялангуяа одоо би гурван гол зүйл дээр ажиллаж байна. Нэгдүгээрт, Улаанбаатарт Швейцарийн нэг охин ирж, асрамжийн төв байгуулаад ажиллаж байсныг би сонинд сурвалжилж бичсэн юм. Гэтэл нэг муу банзан байшинтайгаа шатаж нас барсан. Бүх хүүхдүүдээ гаргаад өөрөө угаартаж байшинтайгаа шатчихсан юм. Швейцарь, Монголын найрамдал нөхөрлөлд хэрэгтэй юм болов уу гээд тууж бичээд үлдээх санаатай. Хоёрдугаарт нь, 505-ын хоригдлуудыг би нүдээрээ харсан хүн. Ахлах ангид байхад манай Дорноговьд 505-ынхан байлаа. 505-ынхан дотор ЗХУ-ын баатрууд ч байсан. Дайны үед урвасан гээд ЗХУ-ын бүхэл бүтэн том армийг даргатай юутай хээтэй нь хоригдол болгочихсон. Тэд чинь манайд цөллөгт ирж ажиллаж байсан. Власовчууд гээд кино хүртэл бий дээ. Тэр дунд байсан нэг ЗХУ-ын баатар төмөр замд ажиллаж байгаад зугтаж, Сэлэнгийн Дулаанхааны модтой ууланд орогнож байжээ. Хоригдлуудын эмч Наташатай хайр сэтгэлийн холбоотой байж. Наташаг хүчээр ам алдуулаад, Дулаанхааны агуйгаас оргодлыг гаргаж ирүүлээд, хоёуланг нь буудсан гэдэг. Дулаанхааны энгэрт хоёр цагаан чулуу байдаг юм. Тэнд оршуулсан байгаа юм. Шоронгийн удирдлагууд муухай харгислаж доромжилсон гэдэг. Тэр бүх түүх надад байдаг. Түүгээр юм хийх сэн гэж боддог. Гурав дахь нь Монголд 1979 онд дайн болох шахсан юм. Оросын цэрэг Монголын хил дээр ирчихээд яг Хятадтай байлдах гэж байсан. Үүнийг сэжиг авахуулахгүйгээр дарчихсан юм. Хятад, Вьетнам руу цэрэг оруулахад Вьетнам Оросуудаас тусламж хүссэн чинь Оросууд Хятадыг хойноос нь дайрна гээд манай урд хил дээр байрлаад Зүүнбаянгийн монгол цэргүүд түргэн авчээ. Энэ үед Эрээнд гурван улсын хэлэлцээр болоод больчихсон юм. Алс дорнодын фронтын бүх ангиуд Монголын урд хил дээр ирээд байсан юм билээ.Энэ тухай материалуудыг бүгдийг бэлэн болгоод ном гаргана. Миний нас хүрэхгүй байх л даа. Түүнээс биш эрж сурвалжилсан, бичиж тэмдэглэж авсан юм асар их байна.

-Хүн болгон өөрийн зовлонтой. Дээр нь сэтгүүлч бусдын зовлонг сонсоод эмтрэх үе ч их. Энэ бүхнийг яаж дааж гардаг вэ?

-Ээж маань сургасан юм. “Зовох тусмаа сэргэлэн яв. Хүнд муугаа үзүүлж болохгүй” гэдэг зарчим барьдаг хүн. Хүмүүс сүүлд хэлж байсан. “Таныг манай сургуулийн урдуур хар костюмтай, зангиатай өнгөрч байхад сургуулийн захирал юм уу том сэхээтэн байх гэж хардаг байсан. Тэгсэн чинь та Модны үйлдвэрт хүнд цехэд нь ажилладаг хүн байж билээ” гэж билээ. Би арван жил тэгж явлаа шүү дээ.Хагацал зовлон их үзсэн. Би зовсон ч дотроо хадгалаад явдаг хүн. Хүний зовлонг их хуваалцлаа. Аль хүнд хэцүү юмыг сэтгүүлч хүн бие сэтгэлээрээ амсдаг билээ. Тэр болгонд хамар шархираад байж болохгүй. Хатуу зоригтой байх хэрэгтэй.

-Хагацал зовлон үзсэн үед бурхан хамгийн ойрхон санагддаг үе бий. Та шашингүй үед амьдарч байсан. Гэхдээ хэцүү үедээ уншдаг тарни байсан уу?

-Би бурхан тэнгэр шүтдэг хүн. Миний буудуулсан өвөг эцэг нутагтаа алдартай лам байлаа. Миний хоёр ээж бурхан тахилаа нууж, авдрандаа тахидаг байсан. Миний даасан лам нар гэж мундаг лам нар одоо ч бий. Том хувилгаан лам нарын шавь юм. Тийм учраас шашин шүтнэ. Би бурхан тэнгэрт залбирдаг. Гурван тарни сайн мэддэг. Түүнийгээ уншаад өглөө, оройдоо байшингаа арав тойрно.

-Нийгэм солигдох үед гэнэн гэмээр юманд нийтээрээ их төөрөлддөг байсан. Алтан цөгцний хэрэг, Ромбу гариг, үзмэрч Ч.Дашцэрэнгээс гэрэл цацарч байсан гэдэг. Та ч бас нийгмийн эд эс юм чинь төөрөлдсөн, гайхширсан хөгжилтэй тохиолдлууд байсан байлгүй?

-Нэг сонин тохиолдлыг номдоо бичсэн. Ч.Дашцэрэн үзмэрчийг бид нэг удаа сорилоо. Би тэгэхэд “Багш” сонины сурвалжлагч байсан юм. Автобусны буудал дээрээс танихгүй улсууд авчирч сорьж үзсэн юм. Дашцэрэн бидний авчирсан гурван хүнийг А хэлүүлэлгүй байж байгаад, бүгдийнх нь хэрэг зоригийг яг хэлсэн. Ч.Дашцэрэнг Ромбу гаригтай холбогддог энэ тэр гээд тэр үед янз бүрээр хэлж байсан. Бид бол биширсэн. Ч.Дашцэрэн судсыг нь бариад, яг хэлээд байгаа юм. Нэг авгайг “Чи өвчиндөө гутарч явдаг юм байна. Дорхноо зүгээр болдог өвчин. Нэгдүгээр эмнэлэгт би дагуулаад очсон ч болно. Тэгээд зүгээр болчихно” гэхгүй юу. Өнөө авгай чинь баярлаад “Та ямар буянтай хүн бэ, яг хэллээ” гэсэн. Тэр авгай шулуун гэдэсний өвчтэй. Өтгөн нь гарахаа байчихсан. Дандаа клизмээр гаргадаг байжээ. Ч.Дашцэрэн өөрөө дагуулаад нэгдүгээр эмнэлэгт аваачсан. Сүүлд тэр авгай жигтэйхэн сайхан болчихсон явж байсан.

-Таны амьдралд тохиолдсон хамгийн баяр баясгалантай үйл явдал юу байв?

-Анхны зээ мэндлэхэд их баярлаж хорвоогийн хүний баяр жаргалыг эдэлж байлаа. Би жаргаж ч үзлээ, зовж ч үзсэн. Хамгийн том баяр бол зээ хүү төрж, түүнийгээ өсгөж өндийлгөж явсан үе маань. Хамгийн хэцүү үе тэр зээгээ 19 хүргээд алдсан маань.

-Шийтгэл хүлээгээд шаналж явахад чинь юу таныг урагшлуудаг байв. Юу танд итгэл найдвар төрүүлсэн бэ?

-Олон түмэн. Модны үйлдвэрт эсэргүү гээд хүргэгдэж очсон ч үйлдвэрийн хамт олон сайхан хүлээж авах жишээтэй.

-Та хэдий үеэр бичдэг вэ?

-Би орой найман цагт унтдаг. Яг найм болоход хэд эвшээгээд унтаад өгнө. Өглөө таван цагт сэрээд юмаа бичдэг. Таваас найман цагийн хооронд тархи сэргэлэн байдаг юм.

-Та компьютерт бичихгүй гараараа бичээд байдаг бил үү?

-Гараараа бичээд хүүхдүүдэд өгөөд шивүүлнэ. Би гэрийнхэндээ хэлдэг. Нэг цагт ойчоод өгөхөөр миний дэрэн доогуур хотын сонинг хийгээрэй. Би чинь хотын сонинд насаа барсан хүн ш дээ. Хоёрдугаарт би үзгээ барьж үхнэ гэдэг.

-Үзгэндээ ач холбогдол өгдөг юм аа даа?

-Болж өгвөл хамгийн сайхан үзгээр бичих гэж боддог. Надад хүн бэлэглэсэн 799 мянган төгрөгийн үнэтэй үзэг бий гэв.

Г.Жамьян гуай ярианыхаа төгсгөлд гурван хүнийг онцолж талархахыг хүссэн юм. “Би намайг их баярлуулсан гурван хүнийг энд онцолж хэлье. Н.Багабанди дарга яг суудал халахынхаа урьд өдөр Т.Галсанд ардын уран зохиолч цол, надад гавьяат цол олгосон юм. Тэр их ухаантай хүн намайг хулгайч биш, худалч биш, эсэргүү биш гэдгийг Монголын төрөөс баталгаажуулж өглөө гэж баярлаж явдаг. Хоёрдугаар их баярлуулсан хүн Петровисийн захирал Ж.Оюунгэрэл. Би хүүгээ хүнд өвчтэй байхад орон байр бүх юмаа зараад наашаа хандсан бүхэнд хандаж явахад Ж.Оюунгэрэл гэж буянтай эмэгтэй огт танихгүй хэрнээ надад шүүгээнээсээ арван сая төгрөг гаргаж өгч байсан юм. Одоогийн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл дагуулж очсон.

Би хадтай уулан дээрээс доошоо нисээд амьсгал хураах шахсан. Гэмтлийн больницод хүргэгдэж ирээд сайн эмч нарын хүчээр аврагдлаа шүү. Гэмтлийн эмнэлгийн дарга С.Отгонгэрэл гэж залуу байдаг. Тэр чинь бурхан. Надад дээд зэргийн анхаарал тавьсан. Тэнд ямар эм тариа байна, ямар орон зай байна, ямар хүчтэй эмч нар байна. Тэр бүгдийгээ дайчлаад, амийг минь аварсан. Би номынхоо дээжийг аваачиж барьдаг ийм гурван хүн бий” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *