Categories
мэдээ цаг-үе

Г.Жамъян: Манай намын “өтсөн толгой”-г тайрч хаяхгүйгээр Монгол Улс хөгжихгүй

МАН-ын 1964 оны гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Галсангийн Жамъянтай ярилцаж байна.


-Та энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд, намаасаа нэр дэвшигчийн эсрэг санал өгсөн сураг байна. Хоёул эндээс яриагаа эхлэх үү?

-Тэгсэн. Жар гаруй жил МАН-аа дэмжиж, сонгууль болгонд энэ намаас нэр дэвшигчийн төлөө санал өгч байлаа. Энэ удаад тэвчээр барагдаад, намаасаа нэр дэвшигчийн эсрэг санал өгчихсөн.

-Та саяын сонгуулиар огт дуугараагүй байх шүү. Юу амыг чинь барьчихав?

-Олон цензуртай хэцүү байна. Эхлээд эхнэрийн цензур, “Чи насаараа үнэний төлөө дуугарч, үйл тамаа үзлээ. Наалдсан юм юу байна. Гуйлгачин хэвээрээ. Өөрөө зовж, биднийг зовоохоо боль! Дуугүй бай” гэнэ. Дараа нь хүүхдүүдийн цензур “Аав боль л доо. Аав чинь манай намыг шүүмжилдэг. Чамайг хална гээд байна” гэх. Гол нь хэвлэлийн удирдлагын цензур “Танаас болоод бид хоолгүй болоод яахав дээ” гэцгээнэ. Дөрөв дэх нь шуудан холбооны цензур. Тэнд мэдээлэгч ажиллана. Төр засгийг шүүмжилсэн юм байвал, дор нь мэдэгдэж, тараахаас өмнө устгуулна. Тав дахь нь цагдаа тагнуулынхан. ТВ сониныг чинь хаана. Бичигчийг баривчлана” гэх. Сонгуулийн үеэр ТВ-9-ийг хаахаар завдаж Т.Баасансүрэн тулдаа л заргаа авсан. Дээд цензур нь төр. “Сайхан мэдээрэй Жамъян гуай. Хувь заяа чинь хутганы ирэн дээр байгаа шүү” гэсэн шиг хандана. Ийм нөхцөлд алгын чинээ мэдээ гаргах гэж яах юм.

-Олон хүн энэ төр засагт ч шүүмжлэлтэй хандлаа шүү дээ?

-Тэд чинь араа даах хүчтэй хүмүүс. Миний ард бол Т.Баасансүрэн доктор Базарсадын Төмөртогоо, Гомбын Золжаргал, Го.Бадарч, “Монхор” Галсан, модернист Галсансүх… намайг байтугай амиа яая гэж байгаа хүмүүс л байна.

-Та чинь яахаараа Миеэгомбын Энхболд гэж хүнээс тэгтлээ нүүр буруулдаг билээ. Танайхан олон жил нэг довон дээр зуссан сайн хөршүүд юм биш үү?

-Тиймээ. Бид олон жилийн сайн хөршүүд. Миеэгомбо, Цэдэв бид чинь аяга амандахаа хуваасан сайн андууд байлаа. Тэр хоёр маань үнэхээр бурханлаг сайхан хүмүүс. “Бүдүүн Болдоо” чинь манай хүүхдүүдтэй тоглож өссөн нэг үеийнхэн. Энхболдыг зөв явбал би чинь үзгээ элтэл магтах хүн. Буруу явбал бут алгадахаас ч буцахгүй л хүн. Сүүлийн үед дэндүү “эвдэрсэн”. Өндөр албан тушаал, өөдгүй тойрон хүрээлэгчид, хүнийг ийм болгочихдог юм байна. Тэгээд л Болдоогийнхоо эсрэг санал өгчихсөн дөө. Манай намын гишүүдийн бараг тал хувь нь над шиг тэвчээр алдсан байх.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтанд шалгараад, гайгүй байсан юм биш үү?

-Гайгүй биш.Сонгуулийн насны бүх хүнийхээ хорь гаруйхан хувийн санал авлаа. Хоёр сая гаруй сонгогчдоос дөрвөн зуун мянган хүний санал авна гэдэг чинь дэндүү чамлалттай тоо. Та бодоод үздээ! Парламентад 65 суудалтай эрх баригч намын дарга, Улсын их хурлын дарга хүн, халаагаа өгөх гэж байгаа Ерөнхийлөгчөөрөө дэмжүүлээд, хууль хүчний бүх байгууллага, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний олон нийтийн телевиз мэтээр хүч түрүүлээд гадаад, дотоодын их мөнгийг цацлаад, төрийн машиныг бүхэлд нь хөдөлгөөд сонгуулийн насны бүх хүний хорь гаруйхан хувийн санал авна гэдэг нэг бодоход ичгэвтэр, нөгөө бодоход эмгэнэл юм даа.

-Гол нь юу нөлөөллөө гэж та бодож байна?!

-Ерөөсөө л хувийн эрх ашиг. Нийгэм, М.Энхболдоос өөр хүнийг хүсч хүлээгээд байхад М.Энхболд зөвхөн хувийн эрх ашигтаа хөтлөгдөн тийшээ юунд үхэн хатан зүтгэнэ вэ? Ард түмэн чинь их ухаан сууж, туршлага хуримтлуулсан байна. Сонгуульд хэн шударгаар өрсөлдөж байна, хэн баг өмсөөд, тархи угааж явна гэдгийг чинь мэдэхтэй болж. Манай намд шууд Ерөнхийлөгч болчихоор ямар олон хүн байгаа гээч.

-Таны хэлдгээр өөрөө “үхэн хатан” зүтгээгүй, МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөл нь шийдсэн юм биш үү?

-МАН-ын түрүүчийн их хурлаар энэ Энхболдынхон чинь (хотын фракц) өөрсдөдөө ая тал засдаг 300 гаруй хүнээр Бага хурал гэгчийг байгуулчихсан юм. Бага хурлын гишүүдийн 70-80 хувь нь ах дүү, төрөл садан, нэг ангийнхан, нэг нутаг усныхан нэгдсэн байгаа. Нэг ёсондоо М.Энхболдын “дуулгавартай албат”-ууд. Эдгээр хүмүүс бол намын даргын дохио зангаагаар л хөдлөнө. Өндөр дээд албан тушаалд дэвшигдэж, сонгогдох болбол эднээс, шагнал урамшил хүртэх, ял зэмээс мултрах болбол эднээс л хувь хүртэнэ. Удирдах зөвлөл гэгч нь, энэ хүмүүсээс шилэгдсэн, бүр ойр дотных нь хүмүүс байна. Жирийн намын гишүүд бол “хүн биш” л дээ. М.Энхболд маань үүндээ эрдэж бардаад Ерөнхийлөгчийн сэнтий рүү зүтгэсэн байхгүй юу. Цаана нь 200 гаруй мянган гишүүд бий, хоёр сая гаруй сонгогч бий гэдгийг тооцоолж бодох ухаан дутсан.

-Гишүүд нь санал санаачилга гаргаад, намынхаа энэ толгой талыг өөрчилчихөж болоогүй юм уу?

-М.Энхболдыг намын дарга болж, багаа бүрдүүлэхээс эхлээд л гишүүд эсэргүүцсэн. Манай намын нэр нөлөө бүхий мөн ч олон хүн шүүмжилсэн дээ. “Илжигний чихэнд ус ч хийсэн сэгсэрнэ, тос хийсэн ч сэгсэрнэ” гэгч л болдог. Би хүртэл гишүүдийнхээ хэлсэн ярьсан, дамжуулсан зүйлийг намын хэдэн дарга нартаа бичгээр болон сонин хэвлэлээр хүргэж байлаа. Санаа авах нь бүү хэл, хөгцтэй араандаа зууна.

-Та, “Багаа бүрдүүлэхээс нь эхлээд хэлсэн ярьсан” гэлээ. Баг бүрдүүлэхэд, юу нь энэ олон түмэнд таалагдаагүй юм бол?

-Хар л даа. Улсын их хурал, Засгийн газар гэж юутай болчихоод байна. Манай намаас УИХ–д нэр дэвшүүлэх хүнийг ганцхан шалгуураар сонгож авсан. “Хэн их мөнгөтэй баян байна, надад яаж тус болох вэ?” гэсэн шалгуурыг гол болгосон. Тэгээд МАН-ын нэр дээр зүсэн бүрийн “шаар шавхруу”-нууд нэр дэвшээд их мөнгөөр сонгогдчихсон. Би 65 гишүүдийг бүгдийг хэлэхгүй. Тал хувь нь шударга сайн хүмүүс бий. Долдугаар сарын 1-ний цуст аллагын гол гэмтнүүд, намаа ялагдахаар гадагшаа оргож гарагсад, Монголын мөнгийг гадаадын оффшор бүсэд хулгайлж нуугсад, шорон оронгоор дамжиж явсан гэмт этгээдүүд, уяачдын холбоог мөнгөөр хахуулдагчид, манай намыг муу хэлээд өөр намд зүтгэж байсан хүмүүс хүртэл баг өмсчихөөд УИХ-д орж ирцгээсэн.

-Тэгээд УИХ гэж ямар байгууллага бий болов?

-Би Монголд Улсын их хуралтай болсон цаг үеэс 10 жил парламентын сурвалжлагчаар ажилласан. Тэр үеийн УИХ-ыг одоогийн парламенттай жишиж, харьцуулж хардаг юм. Өдөр шөнө шиг зөрөөтэй болсон байна. Монголын парламент М.Энхболдын үед замбараагүй хэсэг бүлэг хүмүүсийн цуглуулга болсон гэхэд хилсдэхгүй болов уу.

-Та УИХ-ын тухай ярилаа. Засгийн газрыг байгуулахад М.Энхболд даргын оролцоо шийдвэрлэх үүрэгтэй байсан байж таарна. Одоогийн Засгийн газрын талаар та ямар бодолтой явна?

-М.Энхболд “давхар дээлтэй” Засгийн газар байгуулсныг хар даа. Хүмүүс энэ Засгийн газрыг “Ураг төрлийн Засгийн газар”,” Уяачдын Засгийн газар” гэж цаашлуулаад удаж байна. Хамгийн аймшигтай нь “Долоон сарын 1-ний цуст яргалалд” гол үүрэг гүйцэтгэсэн багын найзаа сайд болгоод л эхэлж байгаа юм. Олон түмний дургүйцлийг хамгийн их хүргэсэн томилгоо энэ. ГХЯ, үе үеийн дипломат төлөөлөгчдийн зүгээс байнга гарч байгаа нэг гомдол бол: “Монголд Ц.Мөнх-Оргилоос өөр сайд хийчихээр дипломат ажилтан олдсонгүй гэж үү.

Засгийн газрын бас нэг гишүүний тухай яриа улам хүчээ авч байна. Санхүү эдийн засгийн ямар ч мэдлэг мэргэжилгүй зөвхөн намын даргын дотно хүн гэсэн тодотголтой Б.Чойжилсүрэн гэж хүн Сангийн сайд болчихоод яаж манаргаж байгааг та нар харсан. Ийм хүн л Олон улсын валютын санд очоод 5.5 тэрбум ам.долларын өр тавьчихаад ирж байгаа юм даа. Энэ их өр чинь, үр ачийнхаа хоолыг дээрэмдэж идэж байгаа нүгэл байхгүй юу! Ийм их өр тавилгүйгээр, түрүүчийн бондуудаас хуваагаад идчихсэн, оффшор бүсэд аваачаад нуучихсан мөнгийг оруулаад ирэхэд, Монгол өрөө барагдуулаад сайн сайхан амьдрах юм билээ. Хуваагаад идчихсэн хүмүүсийн зонхилох хэсэг нь МАН-ынхан болохоор, тэдэндээ халдаж чаддаггүй, нэмж л өр тавиад байдаг.Б.Чойжилсүрэн сайдын ОУВС-д буулт хийсэн нэг ноцтой хэргийг манайхан анзаарсан байх. Төсөв батлахад шударга гишүүний саналаар Оюу толгойн ашиг орлогыг Монголын банкаар дамжуулж байх заалт оруулчихсан. Тэгтэл ОУВС, Рио-Тинтогийнхон энэ заалтыг өөрчлөх шаардлага тавиад болиулчихаж байгаа юм. Манай сайд дарга нар яагаад гадныханд ингэж бууж өгсөн бэ? гэсэн чинь “Та нар энэ заалтаа авч хаяхгүй бол Рио-Тинтогийн түрүүчийн захирлуудаас авлигад авсан олон тэрбум ам.долларыг чинь дэлгэж тавина шүү” гэж айлгасан дам сураг байна. Тэгээд Б.Чойжилсүрэн, Н.Баяртсайхан хоёр “сүүлээ хавчин” зугтааж ирээд төсвийн хуулиа өөрчилсөн гэсэн яриа явна.

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдыг хар даа. Эрүүл мэндийн салбарыг шаварт хутгачихлаа гэхэд хилсдэхгүй болуу. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Эрүүл мэндийн байгууллагынхныг хөдөө тийш нь хөөж явуулаад Гэмтэл согог сэргээн засах төвийн 10 эмчийг осолд орууллаа. Хэд хэдэн хүн нь сэхээнд байгаа, “Сонгуулийн өмнө үхүүлж болохгүй” гэсэн хатуу даалгавартай гэж хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацагдсан. Тэгээд хатуу нууцлагдсан. Эрүүл мэндийн салбарт хариуцлагын тогтолцоо үнэн алдагдсан. Том даргын ойрын ивээлийн хүн гээд тэр сайдад хариуцлага тооцох нь бүү хэл толгойг нь илээд л суугаа.

Өнөөгийн Засгийн газрын хамаг булхайн эзэн бол ЗГХЭГ-ын дарга, төрийн сайд Жамъянгийн Мөнхбат. Дөрөв тавхан жилийн өмнө “Үнэн” сонины эрхлэгч, жирийн сэтгүүлч байсан энэ хүн Монголын толгой баячуудын нэг болж гэнэ. Ж.Мөнхбат тэргүүтэй Засгийн газрын гишүүд концессийн гэрээ нэрээр олон тэрбум төгрөгийг, төсөвт тусгалгүй нууцаар УИХ-д оруулж ирэн хувааж авах гэж байсан явдал. Тэр концессийн гэрээ гэх их мөнгө хаана, хэний гараар орж байгаа нь мэдэгдэхгүй таг чиг болсон…

Ийм байдлаар зөвхөн мөнгө төгрөг, хувийн ашиг сонирхлын төлөө нэгдсэн Засгийн газар эхний жилд ард түмнээсээ “сул” дүн авлаа. Энэ бол МАН-ын даргын байгуулсан “Ураг төрлийн” Засгийн газар. Ийм УИХ, Засгийн газартай болгосон М.Энхболд гэж хүнийг Намын даргаас зайлуулж хариуцлага хүлээлгэх ёстой гэж манай намын жирийн гишүүд санал санаачилга гаргаад дийлээгүй Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлчихсэн, харин дүнгээ хоёр шатны сонгуулиар тавилаа.

-Харин ч гайгүй олон хүний санал авчихсан юм биш үү?

-Монголын төр засаг тэр чигтээ дэмжихэд, нийт сонгогчдын хорь гаруйхан хувийн санал авна гэдэг бол дэндүү харамсалтай хэрэг. Зөвхөн тараасан мөнгө нь л гэхэд 170 тэрбум гээ биз дээ. Хүмүүсийн жинхэнэ дүр төрх ч энд танигдсан. М.Энхболдын их хөрөнгө мөнгө, албан тушаал, гавъяа шагнал хүртсэн хүмүүс эрээ цээргүй үйлчлэнэ билээ. Эндээс би хоёрхон хүнийг сонгож авбал ойлгомжтой болов уу. Би, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин хоёрыг, гайгүй шударга юм яриад байна гээд дотроо хүндэлж явдаг байсан юм. Энэ хоёр, сонгуулийн өмнө М.Энхболдыг магтах гэж яаж заваарав аа! Ц.Нямдорж нь М.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд хоёр хацар, духан дээр нь гурав үнсэж байгаа юм. Манайхан ийм онигоо гаргасан байна.

Ө.Энхтүвшин, сонинд хоёр гурван нүүр материал нийтлүүлэхдээ бүхэлд нь М.Энхболдыг долигонон магтсан. Манай намд М.Энхболдоос өөр Ерөнхийлөгчид бэлтгэгдсэн хүн байхгүй юм байх. Би бүр, сүүлдээ тэр материалыг уншихаас дургүй хүрсэн. Дотроо бол намын даргаа надад өгчих л гэж гуйж байгаа юм билээ л дээ.

-Та түрүүн хууль хүчний байгууллага бүхлээрээ М.Энхболдод үйлчиллээ гэсэн. Энэ тухайгаа тодруулна уу?

-Хэний ч нүдэн дээр ил байгаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа М.Энхболдын хийсэн гол ажил нь хууль хүчний байгууллагуудын шударга удирдлагуудыг халж, дан өөрсдийнхөө хүнийг тавьсан. Ямар ч үнээр хамаагүй Ерөнхийлөгч болно, Үндсэн хуулийг өөрсөддөө тохируулан өөрчлөх бодолтой байсан нь нууц биш. Хууль хүчний байгууллагын удирдлагууд илт өөрт нь үйлчлээ биз дээ.

Өрсөлдөгч С.Ганбаатарын 50 мянган вонын асуудал босч ирэхэд цагдаа, шүүхийнхэн бараг л өдөрт нь шалгаж барагдуулж байв. Тэгтэл 60 тэрбумын хэрэг явдлыг одоо хүртэл шийдээгүй л байна.

Эхний санал хураалтын дүн гарахад хэдэн газрын дүн мэдээ саатсан.Говь -Алтайд кабелийг зориудаар тасалж саатуулсан ноцтой хэрэг гарсан. Мэдээллээр бол зориуд тасалсан, өндөр мэргэжлийн хүн тэр олон утаснаас мэдээ дамжуулах хоёрхон шугамыг олж тасалсан гэх юм билээ. Лав л жирийн нэг малчин юм уу, нутгийн хулгайч очоод тасалчихаагүй. Их дээрээс, зохион байгуулалттай хийсэн халдлага гэж байснаа нам дарагдсан. Үүний цаана хэн байв. МАН-ын удирдлага их мөнгө тараасан. Энэ бол нууц биш. Хамгийн ойрын баримт гэхэд л манай Баянгол дүүргийн намын хороо над руу олон дахин утасдсан “Жамъян гуай хөгшинтөйгөө ирээд мөнгөө авчих. Заавал гарын үсэг зурж байгаа юм” гэсэн. Бид хоёр аваагүй. Нэг эмэгтэйд “Жамъян гуай нь гуйлгачнаараа дуусъя даа” гэсэн чинь утсаа тасалчихна билээ. Сүүлд сонсох нь ээ нь намын гишүүний батлахаа үзүүлээд 20-50 мянган төгрөг авч байсан юм уу даа. Хаа байна, нөгөө цагдаа хуулийнхан.

-Арай ч үгүй л баймаар юм даа. Ер нь тэр их мөнгө хаанаас гарлаа гэж та бодож байна?

-Энэ төр засагт чинь мөнгө бий. Асар их мөнгө бий. Даанч ард түмнээсээ нуучихаад байгаа юм. Хар даа, сан хоосорлоо гэж үглээд байсан эрх баригчид яг санал өгдгийн даваан дээр хүүхдийн 20 мянгыг ялгаваргүй олгож, эхчүүдэд их хэмжээний мөнгө амлаж лусын эзэн шиг загнаа биз дээ. Өр зээлээр авсан хөрөнгө мөнгө одоо ч их байгаа.Ард түмнийхээ амьдрал, бүтээн байгуулалтын үйлсэд багахан хэсгийг нь харуулаад, дийлэнх хэсгийг энэ хэдэн хүн чинь эхнэр хүүхэд, садан төрлийнхөө нэр дээр оффшор бүсэд аваачаад нуучихыг байг гэх газаргүй.

-Тэгвэл энэ их мөнгийг юунд зарах хэрэгтэй байсан юм?

-Монгол гэдэг их айлд юм юм л хэрэгтэй байлгүй яахав. Тэхдээ гол гурван зүйлд анхаараач гэж би засаг солигдох болгонд, сайд томилогдох болгонд хэлдэг, бичдэг.

-Ямар гурван зүйл билээ?

-Нийслэлийн баруун дүүрэг чинь “жорлон” боллоо. Тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс жорлонд сууж байгаа юм шиг нөхцөлд байна. Юуны түрүүн цэвэрлэх байгууламжаа бариач гэдэг юм. Хоёрдугаарт, Монголоос гал түймэр, ган зуд салахгүй. Гал унтраах хоёр нисдэг тэрэг, уулын цасны хэдэн трактор аваач гэдэг. Хар даа, өнөөдөр уулын түймэр унтраахаар моринд дөчийн бидон ганзагалаад өгсөж байна. Дэндүү дүлий төр шүү. Австралийн ширэнгэнд гарсан галыг нисдэг тэргээр ус цацаад л унтраачихдаг юм билээ. Гуравдугаарт нь би, хотын утааг гуравхан сарын дотор 50-60 хувь бууруулах инженер Рэнцэндоржийн төслийг хэрэгжүүлээч гэдэг.Ярилцлага, төсөл, бүгдийг хэвлүүлсэн. Телевиз радиогоор ярьсан. Бас л таг чиг. Санаачлагч маань саяхан таалал төгссөн. Хотын утаа бууруулах энэ мэт олон төсөл, санаачлагууд байгаа юм. Дарга сайд нар бол утаатай байлгаж өөрсдийнхөө “Утаагүй зуух”, “Шахмал түлш”-ний компаниудад жилд тэрбум тэрбумаар нь мөнгө өгч байх сонирхолтой. Ийм л хүмүүс төрийн толгойг “өтүүлээд” байна.

-Энэ зун Монгол бараг л хуйхлагдлаа. Энэ чинь байгалиас болов уу, хүнээс болов уу?

-Ганцхан, хүнээс.Хүний хариуцлагагүйгээс болж байна. Ой модны аж үйлдвэрийн Яам гэж чухал яам байсныг тараагаад ажил үүргийг нь ХХААХҮ-ийн яам, БОАЖ-ын яаманд харьяалуулсан. Энэ хоёр яамны удирдлага хэтэрхий хариуцлагагүй хандсанаас Монгол хуйхлагдлаа. Энэ хоёр Яамны удирдлагыг огцруулах, хариуцлага тооцох ч багадна. Би ганцхан баримт авъя. Миний хадам аав Ойн байгууллагад олон жил ажиллаж байсан. Сарын эцэст ой хамгаалагчид цалингаа авахаар ирэхдээ манайд цуглана. Ажил ярьдаг, ажил хийдэг л хүмүүс байсан. Цэрэн гуай, Мягмар гуай… гээд ойн төлөө төрсөн хүмүүс байж билээ. Тэрэлжийн ноёлог оргил дээр “Гонгорын гозгор” гэж нэг оромж бий. Гонгор гуай өдөр шөнийн аль ч улиралд тэр шовгортоо дуран бариад сууна. Дэргэдээ морио уячихсан. Нэг муу хуучин карбин буутай. Ой руу хүмүүс явахад тэр доор нь давхиж очоод хэлдэг, анхааруулдаг байж билээ. Түүний үрээр хамгийн их хөл хөдөлгөөнтэй Тэрэлжид Гонгор гуайн хамгаалагчаар ажилласан арван хэдэн жилд нэг ч удаа түймэр гараагүй юм. Өнөөдөр ой нь нэмэгдээгүй, байгаль хамгаалагчид нь хэд дахин нэмэгдсэн. Хурдан буу, хурдан унаатай болсон. Энэ хэдэн “ногоон сахал”-ыг хуйхлалгүй аваад үлдэж болно доо. Даанч сэтгэл дутаж байна. Яамдын удирдлага нь намчирхаж аль хэрэгцээтэй, мэргэжлийн хүмүүсийг нь халаад хаячихсан, оронд нь танил тал, ах дүү, төрөл саднаа чихчихсэн, шаардлага тавьж чаддаггүй, хариуцлага тооцож чаддаггүй, ийм нөхцөлд Монгол Улс газрын зураг дээр байгаа нь их юм болоод байна.

Ажилтай, нэр хүндтэй хүмүүс рүүгээ уулгалан дайрна. Хар даа У.Хүрэлсүхийг яаж доромжилж байна?! Шадар сайд У.Хүрэлсүх гэж хүн сайд нарын өмнөөс Монголын хамаг хүнд ажлыг үүрээд, хажуугаар нь өнөө жилийн наадмыг ямар сайхан зохион байгуулав. “Бөхгүй тэмээ” шиг зүтгэж байгаа энэ хүнийг харлуулахын тулд яаж дайрч давшилж байна гээ. У.Хүрэлсүхийг их дээрээс тагнан чагнасан, гэмт хэрэгт холбогдуулахаар нууц ажиллагаа явуулсан онц ноцтой хэрэг гарлаа. Энэ хэрэг явдал, С.Зоригийг хөнөөсөн хэргийн дараах дуулиант хэрэг болон өрнөх байдал ажиглагдаж байна. Шударга сайн хүмүүсээ ингэж дардаг шүү дээ. Их мөнгөний эзэд юу ч хийхээс буцахгүй болоод байна.

-МАН-ын удирдлагын зүгээс “Намын нэр хүнд өндөр байгаа. Бат бэх эв нэгдэлтэй байгаа” тухайгаа удаа дараа мэдэгдлээ. Энэ үнэн юм уу?

-Манай нам задардгаа аль хэдийнээ задарчихсан. Гол нь хуучинсаг удирдлагыг тойрон хүрээлэгчид, нөгөө нь намаа шинэчлэхийн төлөө хөдөлгөөнүүдийн нэгдэл юм. Өнгөрсөн жил УИХ–ын гишүүн, доктор Т.Аюурсайханаар ахлуулсан “МАН-ын шинэчлэл хөгжлийн хороо” байгуулагдаж их хурлаа хийсэн. Энэ их хуралд манай намын шинэ үеийн залуучууд гурван үеийн олон зуун төлөөлөгч оролцон, бүтэц бүрэлдэхүүнээ шийдсэн. Уриалга гаргасан. Хорооныхоо дэргэд шинэчлэгч залуучуудаар бүрдсэн “Бодлогын зөвлөл” байгуулаад олон чухал бичиг баримт боловсрууллаа. Бодлогын зөвлөлд ахмадуудаас МАН–ын нэрт зүтгэлтэн П.Дамдин, Л.Лантуу, Ж.Гомбожав… нарын зэрэг ахмад хүмүүс зөвлөж, сургаж байна. Үүнээс гадна МАН-ын Улаанбаатар хотын намын хорооны дэд дарга Ганбаатараар ахлуулсан олон зуун залуусын хөдөлгөөн хүчээ авч байна. Намын онц их хурлыг хуралдуулах, М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарыг огцруулах хөдөлгөөн байгуулагдлаа.МАН-ын удирдлагыг бүхэлд нь өөрчлөх тухай уриалга гаргасныг манай намын гишүүд газар сайгүй дэмжлээ. Ер нь, МАН энэ хэдэн хүнээс болж мөхөх үү, шинэчлэгдээд цааш явах уу гэдэг торгон мөчид тулаад байна.

-Удахгүй МАН–ын Бага хурал хуралдаж, Их хурлынхаа товыг зарлана гэсэн. Энэ шийдвэрлэх юм байгаа биз дээ?

-Тэгнэ. Түрүүчийн их хурал шиг дээрээс нэр зааж төлөөлөгчдөө ирүүлээд, өөрсдийгөө баахан магтуулан, танил талынхаа хүрээнд Бага хурлаа байгуулж, өөрсдөө тогтож үлдэхийг хичээвэл нам нурна. Иймээс МАН–ын Их хуралд бэлтгэх түр хороо юмуу комисс байгуулан Намын жирийн шударга гишүүдийг Их хурлын төлөөлөгчөөр сонгож, Бага хурлаа залуучууд гололсон дайчин бүрэлдэхүүнтэй байгуулах хэрэгтэй юм. Өөр зам байхгүй.

-Та, намын удирдлагадаа ямар хүмүүсийг гараасай гэж бодож байна?

-Манай намд юу байна, чадалтай залуучууд л байна. Тэд мөнгөгүй учраас их мөнгөтэй олигархиудад дарагдаад байна. Улсын их хурал, Засгийн газарт л гэхэд Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар гээд.

-Та ядаж ганц эмэгтэй нэрлэчих л дээ?

-Болноо болно. Өргөдлийн байнгын хорооны хамаг хүнд ажлыг нугалж байгаа, үзэг нэгт дүү маань болох Д.Сарангэрэл.

-Тантай ярилцсаных, Үндсэн хуульд оруулах гэж байгаа өөрчлөлтийн талаар сонирхмоор байна.

-Миний бодлоор бол сүүлд нэмсэн долоон заалтыг хасаад л болоо. Шинэ Үндсэн хуулийг чинь манай сор болсон ухаантнууд хэдэн сар хэлэлцэж байж баталсан юм. Өөрчлөнө гээд байгаа зургаан заалт нь дан дээдсийн ашиг сонирхолд нийцсэн, эрх ямбаа булаацалдсан, ард түмний нийтлэг эрх ашигт нийцээгүй заалтууд байна билээ.

-Яриа өндөрлөх гэж байна.Та шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийнхөө тухай ямар бодолтой явна?

-Бөхийн засуулын хүү “Монголын засуул” болох болов уу гэж харж байна. Х.Баттулга гэж хүн надтай маш хүйтнээр нэг удаа гар барьсныг эс тооцвол огт танихгүй хүмүүс. Ажлаа зөв эхэллээ гэж бодож байгаа. В.Путин, Си Жиньпин нар оффшорчдоо, хүмүүстэй, мөнгөтэй нь оруулаад ирсэн. Одоо Орос Хятад, АНУ-тайгаа хэл амаа ойлголцоод, туслалцаа туршлагыг нь аваад оффшорт нуучихсан Монголын тэр их хөрөнгийг оруулаад ирвэл Х.Баттулга гэж хүнийг нэг байтугай хоёр удаа Ерөнхийлөгчид сонгоход бэлэн байна. Хуйвалдаанаар явуулсан элчингүүдийг эргүүлж татах, төрийн эсрэг 60 тэрбумын хуйвалдааныг илрүүлж буруутанд хуулийн дагуу ял оноох, Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг ард түмэнд өгөөжтэй шийдэх гэсэн эхлэлүүдийг нь дэмжиж байна. Байдал цааш яаж өрнөхийг цаг хугацаа харуулах биз.

Б.УРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *