Categories
мэдээ спорт

Г.Ихбаярт “Гавьяаны Алдар” цомыг үүрд хадгалуулав

Өөрийн уран хурц, өндөр мэдрэмжтэй тоглолтоороо “Гайхамшигт Ихбаяр” хэмээх нэрийг олон мянган сагсан бөмбөг дэмжигч, фэнүүдээсээ хүртсэн Танан Гарьд багийн холбон тоглогч ОУХМ Ганбаатарын Ихбаяр зодог тайллаа. Тэрбээр өчигдөр орой спортын төв ордонд болсон лигийн цувралын тоглолтод багтайгаа хамт сүүлийн тоглолтоо хийсэн юм.

Энэ үеэр сагсан бөмбөгийн талбайд хийсэн гайхамшигт тоглолт бүхэнд талархан бахархаж ОУХМ Ганбаатарын Ихбаярт сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн Д.Содномзундуйн нэрэмжит МҮСБХ-ны “Гавьяаны Алдар” цомыг үүрд хадгалуулав. ОУХМ Г.Ихбаяр зодог тайлж буйтай холбогдуулан түүнд хүндэтгэл үзүүлж, МҮСБХ-ны Ерөнхийлөгч С. Эрдэнэ өөрийн биеэр ирж цомыг гардуулж өгсөн юм.

Тэрбээр холбон тоглогчийн байрлалд тоглодог тоглогчдоос бараг ганцаараа дээд үеийн ах нар, өөрийн үеийн найз нөхөд, доод үеийн дүү нар гэсэн гурван үеийн сагсан бөмбөгчидтэй нүүр тулж, сагсан бөмбөгийн гайхамшиг, Монголын сагсан бөмбөгийн бүх л оргилд хүрсэн эрхэмүүдийн нэг. Улсын аварга, Оюутны лигийн аварга, Дээд лигийн Тэргүүн тоглогч, Үндэсний супер лигийн аварга, Монгол улсын Үндэсний шигшээ багийн үндсэн холбон тоглогч, бүх л топ түвшний тэмцээнүүдийн “Шилдэг тоглогч” -ийн шагналыг хүртсэн түүний амжилтыг нэг бүрчлэн дурьдвал нэлээдгүй хугацаа орох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *