Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригаас буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөс эхлэн Лондон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийж, олны талархлыг хүлээгээд байгаа Г.Ичинхорлоотой ярилцлаа. Тэрээр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайд С.Баярын томилгоог эсэргүүцэн ийн жагсаж буй юм. Жагсаал одоо хүртэл цагийн хуваарийн дагуу үргэлжилж буй бөгөөд жагсаалд оролцогчдын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.
С.БАЯР ГУАЙГ САЙДААР ТОМИЛОГДОЖ БАЙГААГ СОНСООД ДОТОР МУУХАЙ ОРГИСОН
-Гуравдугаар сарын 8-ны өдөр та ганцаараа Лондон хотноо С.Баярыг эсэргүүцэн тайван жагсаал эхлүүлсэн шалтгаанаа тайлбарлахгүй юу?
-Энэ өдрийн мэндийг танай хамт олон болон уншигчдад тань хүргье. Эсэргүүцлээ илэрхийлэх шалгаан нь өнөөгийн Монголын нийгэмд үүсэн бий болсон энэ их эцэс төгсгөлгүй уналт завхрал нь өнгөрсөн 26 жилийн туршид улс орныг удирдаж явсан хүмүүсийн зөвхөн өөрсдийнхөө төлөө гэж ажиллаж ирсэнтэй шууд холбоотой. Би утааны эсрэг ээж, аавуудын хоёр дахь жагсаалыг дэмжин, Лондон дахь бусад дэмжиж буй хүмүүсийн төлөөлөл болсон ээжүүд хүүхдүүдийн хамт Монгол Улсын Элчин сайдын яамны гадаа нэг өдөр зогссон. Яагаад гэвэл хүн амьсгалж болохгүй, хүүхэд амилж чадахгүй болсон ийм гамшгийг сонсоод эх хүний хувьд, ар гэрийнхэн ахан дүүсээ бодоод би зүгээр сууж чадаагүй. Гэхдээ миний хувьд энэ бүх гамшгийн уг үндэс шалтгаан нь Монголын төр, улс төр, улс төрчид, улс орныг удирдаж авч яваа хүмүүс. Тиймээс тэдэнтэй нүүр тулж асуудлыг шийдэх нь чухал. Арваннэгдүгээр сард С.Баяр гуайг сайдаар ирэхээр томилогдож байгааг сонсоод, нөгөө С.Баярцогтын мартсан нэг сая долларын данс илэрсэний дараа тэр хүн энд тэнд даргалаад яваад байхыг хараад дотор муухайрдаг байсантай адилхан энэ хүнийг Элчин сайд болж ирнэ гэдгийг сонсоод бас л дотор муухай оргисон юм. Тэгээд би Английн парламентад Монголыг хариуцсан бүх намын бүлгийн дарга парламентын гишүүн James Grey-тэй холбогдож, өөрийн санаа зовж байгаа Улаанбаатарын утааны гамшгийн түвшин болон улс төрийн авлига хоёрын талаар, ялангуяа их хэмжээний эх үүсвэр нь тодорхойгүй мөнгийг гадаадад үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт, борлуулалтаар угаасан гэж харагдаж байгаа нэрээ цэвэрлээгүй хүн элчингээр ирэх гэж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлж и-мэйл солилцсон юм.
-Хариу и-мэйл ирсэн үү?
-Хариу и-мэйлд эх орныхоо төлөө санаа зовж байгаа сэтгэлийг маань ойлгож байгаагаа илэрхийлээд, эдгээр асуудлууд бол зуун хувь Монголын Засгийн газар болон УИХ-ын хариуцлагын асуудал гэдэг хариулт өгсөн. Тэгэхээр энэ нь миний хувьд Монголын төр засгийг сонгодог ардчилсан орны ард түмэн төр засгаасаа болон холбогдох хүмүүсээс хариуцлага нэхэх эрх, ёстой гэдгийг л давхар баталж хэлж өгсөн хэрэг болсон.
Тэгээд Элчин сайдын яамаар дамжуулж Монгол Улсын Засгийн газар, УИХ-д утааны эсрэг даруй арга хэмжээ авах, С.Баярыг нэрээ цэвэрлэхээс нааш сайдаар ирэхийг эсэргүүцэж жагсахад бэлэн байгаагаа илэрхийлсэн шаардлага бичиг дамжуулаад хариу хүлээсэн. Хариу ирээгүй нэг сар гаруй боллоо. Утааны эсрэг дорвитой юм хийхгүй юм байна гэдгийг ч Гадаад харилцааны яамны сайд Ц.Мөнх-Оргилын англи хэл дээр гардаг “Дипломат” гэдэг мэдээллийн эх сурвалжид саяхан өгсөн ярилцлагаас сонсож ойлгосон. Дээр нь С.Баяр гуай Английн Хатан хаантай уулзаж байгаа зургийг онлайнаас харсан. Би чинь монгол хүн, Монголын ард түмний нэг. Өнгөрсөн 26 жилд жирийн ард түмний туулсан жаргал зовлонг адилхан туулж яваагийн хувьд одоо буруу юмны төлөө чимээгүй сууж чадахгүй гэдгээ илэрхийлж, С.Баярын томилгооны эсрэг Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгээд ч гуравдугаар сарын 8 болох гэж байсан. Энэ өдөр өөрийн үзэл бодлыг илэрхийлэхгүй байж чадсангүй.
ЗӨВХӨН МИНИЙ ЭСЭРГҮҮЦЭЛ БИШ, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ НЭГДСЭН ЭСЭРГҮҮЦЭЛ ГЭДГИЙГ БАТАЛЖ ХАРУУЛСАН
-Тэр өдөр С.Баяр таньтай уулзахаар цаг товлосон ч та өөрийн хүсэлтээр хойшлуулсан гэж байсан. Яагаад?
-Энэ жагсалт онлайн хүрээнд маш хурдан түгж олон хүн сонирхсон тул би жоохон дэлгэрэнгүй тайлбар хийх хэрэгтэй болов уу гэж бодлоо. Би өмнө нь утааны эсрэг жагсахдаа Элчин сайдын яамны байрладаг дүүргийн цагдаагийн газар учраа хэлж зөвшөөрөл авсан юм. Цаашид ч жагсаж магадгүй гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ нэг удаа өгсөн бичгийхээ хариуг хүлээж орхисон байсан. Мартын 8 болох гэж байдаг, нэг сар гаруй хариу ирэхгүй болохоор нь нилээн бодож байгаад, бас хэд хэдэн хүмүүстэй өөрийн бодлыг хуваалцаж байгаад гуравдугаар сарын 6-нд цагдаагийн газар “Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхээ хамгаалах өдөр жагсахаар боллоо” гэдгээ дахин мэдэгдсэн. Тэр мэдээллийг цагдаагийн газраас Монгол Улсын Элчин сайдын яам руу дамжуулсан байсан. Үүнийг Элчин сайдын яамны ажилтан над руу гуравдугаар сарын 7-ны өдөр утсаар ярьж хэлсэн юм.
-Яг юу гэж хэлсэн бэ?
-Энэ яриандаа 1. Элчин сайдын яам Монгол Улсын хуулийн дагуу 8-нд амарна. Тэгээд таныг ирэхэд ажлын бус өдөр тул хүмүүс байхгүй байх шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Бас эмэгтэйчүүдийн баярын өдөр эргэн тойронд байгаа эмэгтэйчүүдээ баярлуулах ажилтай байгаа гэдгээ дурьдсан. 2. Таныг үзэл бодлоо илэрхийлж жагсах гэж байгааг чинь хүндэтгэж байна.
Бид шинэ сайдад цагдаагийн газраас ирсэн мэдээллийг уламжилсан. Сайд таньтай уулзаж өгөх материал байгаа бол биечлэн гардуулж өгч болно гэсэн зүйлүүдийг хэлсэн юм. Хариуд нь нэгэнт би хуулийн дагуу юм хийх хүсэлтэй байгаа болохоор та нарыг энэ өдөр амарна, ар гэрийнхнээ баярлуулна гэдгийг чинь хүндэлж байна. Тайлбар өгсөнд баярлалаа. Тиймээс заавал гуравдугаар сарын 8-нд уулзана, бичиг өгнө гээд байх юм надад байхгүй. Гэхдээ би өөрөө 8-нд очдогоороо очно. Надад энэ өдөр нь чухал гэдгээ хэлсэн. Харин бичиг баримт шаардлагаа өөр өдөр өгч болно гэж байгаа бол надад асуудал байхгүй. Тиймээс тэр өдрөө надад мэдэгдэнэ үү л гэсэн. Гуравдугаар сарын 7-нд 17 цаг өнгөрч байх үед над руу элчингээс залгаж “Гуравдугаар сарын 9-нд сайд 11-12 цагийн хооронд тантай уулзах цаг гаргая гэж байна” гэж дамжуулсан юм. Би ч зөвшөөрсөн. Яагаад гэвэл 12-15 цагийн хооронд жагсах байсан тул өмнө нь уулзаж болох юм байна гэж бодсон. Ингээд 8-ны өдрөө жагсаад, орой нь хэдэн зургаа фэйсбүүк дээрээ болон Утааны эсрэг ээж аавуудын групп, Оффшорт данстай улс төрчдийг шалгуулах Ард Түмний Онц Түр Зөвлөл ТББ гэсэн хоёр групп дээр шэйр хийгээд унтсан. Үүрээр утас тачигнаад эрт сэрсэн. Энэ мэдээлэл онлайнаар маш хурдан тарж, хүмүүс их харсан байна лээ. Олон хүн чатаар орж ирж хандсан. Тэгээд энэ зөвхөн миний эсэргүүцэл биш Монголын ард түмний нэгдсэн эсэргүүцэл гэдгийг баталж харуулсан болохоор би ганцаараа очиж уулзахаа хойшлуулж маргааш өглөө ажил эхлэнгүүт 9:00 цаг өнгөрөөгөөд би элчингийн ажилтанд нэг удаа хойшлуулах хүсэлтээ тавьсан. Өөртэйгөө ижил бодолтой хүмүүсийн бодол сэтгэгдлүүдийг нэгтгэж байгаад бэлэн болохоороо уулзъя. Надад хугацаа хэрэгтэй гэж хэлсэн.
-Энэ тайван жагсаал хэзээ хүртэл үргэлжлэх вэ. Маш олон хүн нэгдэхээ илэрхийлэн дэмжиж байсан?
-Өнгөрсөн гурав хоногт маш олон хүн дэмжиж байгааг харлаа. Гэхдээ яг бодитоор хэдэн хүн нэгдэхийг хармаар байна. Үүнд хугацаа хэрэгтэй нь ойлгомжтой. Тиймээс бодит дэмжлэгийн тоо, цар хүрээг харагдтал үргэлжлүүлэх бодолтой, бэлтгэлтэй байна.
БИ ХҮНЭЭС АЙХААР ЮМ ХИЙЖ БАЙГАА ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА
-Та С.Баярын оффшор данс, гадаадад байгаа хөрөнгийн талаар нилээд зоригтой дуугарч байна. Баримтууд танд хангалттай бий юу?
-Америк улсад худалдаж авсан, зарсан долоон байрыг нь Голомт.мн сайт буюу УИХ-ын гишүүн байсан Г.Уянгын нийтэд мэдээлж, АТГ шалгахыг шаардсан эх сурвалжийг би өөрөө интернэтээр орж харсан л даа. Бас олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эх сурвалж дээр охид нь оффшор дансуудтайг харсан. Үнэхээр ороод харахаар нүдэнд илт харагдаад байна. Тэгээд Монголынхоо байдлыг харьцуулаад үз л дээ… Асуух, шалгах эрхтэй шүү дээ. Хариулахгүй бол энэ талаар судалмаар байна. Цааш нь мэдмээр байна. Би цаг заваараа “International Compliance Association” гэдэг олон улсын санхүүгийн гэмт хэргийн эсрэг мэргэжилтэн бэлтгэдэг мэргэжлийн байгууллагын хичээлүүдээс судалж байгаа. Эндээс харахад мөнгө угаасан гэж харагдаж байгаа үйлдлүүд. Тиймээс насаараа улс төрч байсан энэ хүн энэ их хөрөнгийнхөө эх үүсвэрийг нийтэд ойлгомжтой болгохгүй бол би Элчин сайдаар ирэхийг чинь эсэргүүцэж байна гэж байгаа юм.
-Иймэрхүү улс төрчийн эсрэг ганцаар зогсох нь маш аюултай байж болох юм. Та энэ талаар бодож үзсэн үү?
-Би хүнээс айхаар юм хийж байгаа гэж бодохгүй байна. Миний өдөр тутмын амьдралын үйлдлүүд хуулийн дагуу байх ёстой. Энэ орны хуулийг дагах эрхтэй бас хариуцлагатай. Би ардчилсан, хууль дүрэмтэй оронд, хууль дүрмийг нь дагаж мөрдөөд 19 дэх жилдээ амьдарч байна. Энэ орон намайг надаас илүү мэднэ. Тиймээс би хуулийн дагуу холбогдох байгууллага, хүмүүст мэдэгдэж өөрийн үзэл бодол, зөв гэж итгэсэн итгэл үнэмшлээрээ эсэргүүцэж байгаа зүйлээ хуулийн дагуу тайван хийх болно. С.Баяр гуай өөрийнхөө нэр төрийг хамгаалаад хуулийн дүрмийн дагуу хөрөнгийнхөө эх үүсвэрийг ил болгож нэр цэвэр гэдгээ Монголын ард түмэнд батлаад харуулчихвал миний зорилго биелж, миний эсэргүүцэл дуусна.
-Жагсаал хийж байхад Лондонгийн цагдаа болон иргэд та бүхэнтэй ирж уулзан, ярилцаж байгаа нь гэрэл зургийн хальсанд буусан байсан. Тэдний харилцаа, хандлага ямар байв аа?
-Англичууд болон Британи хүмүүст энэ бол энгийн зүйл. Ардчилал гэдэг чинь нийгэмд болохгүй байгаа зүйлээ бүгдээрээ ил гаргаж, ярилцаж, авч хэлэлцэж шаардлагатай гэвэл жагсаж тэмцэж байгаад ч гэсэн хуулийнхаа дагуу асуудлаа шийдээд сурчихсан ард түмэн. Тиймээс уулзсан бүх хүн “амжилт хүсье” л гэж байна. Цагдаа нар ч адилхан. Тэд угаасаа энд Монгол Улсын Элчин сайдын яамны өмнө өдөртөө 12-15 цагийн хооронд хөдөлгөөнгүй жагсаал болж буйг мэдэж байгаа. Эргэн тойрны дүүргийн цагдаагийн газрууд ч мэдэж байгаа. Бас Элчин сайдын яамдыг хариуцсан тусгай цагдаагийн албаныхан ч мэдэж байгаа. Тиймээс бидний болон элчингийнхний хоёр талын аюулгүй байдлыг адилхан сахиулахад анхаараад өдөртөө ирж очоод явж байгаа.
БӨМБӨРЦӨГИЙН ХОЁР ТАЛД ЭМЭГТЭЙЧҮҮД ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙХАД ХОЁР ӨӨР ДҮР ЗУРАГ ХАРАГДСАН НЬ ХҮМҮҮСИЙН АНХААРАЛД ХҮРСЭН ЮМ БАЙНА
-Тэр өдөр Монголд тайван жагсаал хийсэн эмэгтэйчүүдийг цагдаа нар барьж буй бичлэгийг та харсан байх. Монгол эмэгтэйчүүд нэг цагт хоёр өөр газар жагсаал хийхэд эх орондоо жагсаал хийснийг нь авч яван тайлбар авсан байдаг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Хүмүүсийн тэвчээр хаа сайгүй барагдсан шүү дээ. Би тэр эмэгтэйчүүдийг дэмжиж байна. Монголд ардчилал байхгүй. Шилжилтэн дундуур эцэс төгсгөлгүй явуулж залхааж, хэдхэн хүн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Үүнээс хойш тэвчихгүй. Ардчилал гэж юу вэ гэдгээ мэдрээгүй хүмүүс улсыг 26 жил самарсан. Бөмбөрцөгийн хоёр талд эмэгтэйчүүд, ээжүүд эх орон, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө өнөөгийн байгаа байдалд тэвчээр нь барагдаад өөрсдийнхөө чадахаар тайван эсэргүүцэл илэрхийлж байхад хоёр өөр дүр зураг харагдсан нь хүмүүсийн анхааралд нэг талаараа илүү хүрсэн юм байна гэж ойлгосон. Тиймээс миний бас ингэж ил гарч ирж эсэргүүцлээ илэрхийлсэн нэгэн зорилго нь ардчилсан нийгэм гэдэг чинь ийм байдаггүй, ингэж явах ёсгүй, ийм хүмүүс авч явдаггүй юм гэдгийг харуулах гэсэн юм. Нэгэнт одоо олон хүн энэ эсэргүүцлийг үргэлжлүүлэхийг хүсэж байгааг харж байгаа болохоор бүгдээрээ ардчилсан оронд юм яаж явагддагийг давхар дараа дараагийнхаа хийх алхмуудаараа харж авцгаая гэж бодож байна. Дээр нь хүнлэг ардчилсан оронд хувиа бодсон, улсаа, ард түмнээ хохироогч хүн төлөөлөн ирэх орон зай байдаг эсэхийг мэдмээр байна.
-Та энэ тэмцлээ ямар үр дүнд хүрэх хүртэл үргэлжлүүлэх вэ?
-Монголчуудын 26-27 жилийн өмнө хүссэн тэр нийгмийг жинхэнээсээ бий болгох цаг нь болсон. Тэр өөрчлөлтийг хийх цаг нь ирсэн. Ард түмэн нүдээ нээж нэгдэх, зөв сонголтоо хийж чаддаг болох зайлшгүй цаг нь ирсэн. Тиймээс би тэр өдрийг хармаар байна. Харин өнөө маргаашдаа энэ эсэргүүцлээ үргэлжлүүлж, өдөр бүр Элчингийн өмнө очих болно (Хагас бүтэндээ хувийнхаа аж амьдралыг зохицуулна).
-Та Лондон хотод ямар ажил хийж байна вэ. Ямар мэргэжилтэй вэ. Өөрийн талаар товч танилцуулна уу?
-Би яг одоогоор Английн “Рharmaceutical” компанид хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байна. Хажуугаар нь өнгөрсөн хоёр жилийн туршид би өөрийн бие даасан ажлуудыг хийх гээд санхүүгийн зууч, хувь хүний болон удирдахуйн ухааны сургалт, ганц биеэр өрх толгойлсон эцэг, эхтэй айлуудын хүүхдүүдэд тусалдаг байх сан гэх мэт хэд хэдэн чиглэлээр суурийг нь тавиад явж байгаа. Албан ёсоор сурсан мэргэжлийн чиглэл гэвэл банк санхүүгийн чиглэлээр хоёр бакалавр, нэг магистр гээд Англи, Монголын гурван их сургуульд нийт арван жил суралцаж төгссөн.
Эх сурвалж www.medee.mn