Эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.
-2011 онд 17.3 хувийн өсөлтийг үзүүлсэн Монголын эдийн засаг 2016 онд 1.2 хувь болтлоо буусан, өнгөрсөн жил эргээд 6.9 хувь болж өслөө. Эдийн засгийн энэ өсөлт нийт олонход хүртээлтэй байж чадаж байна уу?
-Эдийн засгийн өсөлтийг олон талаас нь тайлбарладаг. Миний хувьд эдийн засагч Мариана Мазукатогийн санал болгож буй шалгуур үзүүлэлтийг илүүд үзээд байгаа. Эдийн засгийн өсөлт нь Sustainable буюу тогтвортой, Innovate буюу дэвшилттэй, инновацид суурилсан, эцэст нь Inclusive буюу хүртээмжтэй байх ёстой гэсэн үзүүлэлт л дээ. Чанарыг нь ингэж хэмждэг гэсэн үг. Тэгэхээр бид зөвхөн хүртээмжийн тухай ч биш дэвшилттэй байна уу, тогтвортой өсөлт мөн үү гэдэгт санаа тавих ёстой.
-Тэгвэл сая таны хэлсэн гурван хэмжүүрээр манай улсын эдийн засгийн өсөлт ямар түвшинд явж байна. Хэмжиж үзсэн үү?
-Яг бүгдэнд нь нарийн тоон судалгаа хийж, дүгнэлтэд хүрэх боломжгүй санагдсан. Гэхдээ мэдээж тойм дүгнэлтүүдийг гаргаж болно л доо. Эдийн засгийн тогтвортой өсөлтийн хувьд бид дөнгөж саяхнаас л энэ зүг рүү чиглэж эхэлж байна. Сэргээгдэх эрчим хүчний станцууд, хариуцлагатай уул уурхайн концепцууд наад захын жишээ нь. Гэхдээ тогтвортой гэж хэлэх хүртэл өчнөөн зай байна. Эцсийн дүндээ манай эдийн засаг яг үүний эсрэг талын бизнесүүд дээр л тогтож байна шүү дээ. Тэгэхээр тогтвортой гэж одоогоор лав хэлэхгүй.Дараа нь дэвшилттэй, инновацид суурилсан байна уу гэвэл бас л хэцүү. Дэвшилттэй технологиудыг эрчимтэй нэвтрүүлбэл бүтээмж өсөх ёстой. Би БНХАУ, Монгол Улсын бүтээмжийн өсөлтийн сүүлийн арван жилийн дундаж ямар байгааг харсан юм. Манайх 5.71 хувь, БНХАУ-ынх 8.78 хувь байна лээ. Тийм том улс тэгж бүтээмжээ нэмэгдүүлээд байхад бид хамаагүй бага байна гэсэн үг. Бас нэг жишээ хэлье. Монгол Улсын эдийн засагт мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарын эзлэх хувь ердөө 1.7 хувь. Гэтэл уул уурхайн салбар 24.2 хувь байдаг шүү дээ.
-Хүртээмжтэй байдлаараа бас муу байна уу?
-Хүртээмжтэй байдлыг хэмжихийн тулд эхлээд Жини-ийн индексийг харж болно. Энгийнээр хэлбэл орлогын хуваарилалтыг хэмждэг индекс байгаа юм. Гэхдээ эндээс ямар нэгэн дүгнэлт гарах боломжгүй санагдсан. Тэгээд хамгийн энгийн нэг тоог авч үзсэн юм. Бүр тодруулж хэлбэл Улаанбаатар хотод байгаа гэр хороолол болон байшин орон сууцны харьцаа үзүүлэлтийг. 2005 онд гэр хороололд амьдарч байсан өрх нийслэлчүүдийн 58.6 хувь байж. 13 жилийн дараа энэ үзүүлэлт 54.7 хувьтай байна. Ямар ч том бүтцийн өөрчлөлт гараагүй байгаа биз. Хэрэв эдийн засгийн өсөлтүүд хүртээмжтэй байсан бол иргэд орлоготой болоод орон сууцанд амьдрах хувь нэмэгдэнэ шүү дээ. Ипотекийн найман хувийн дэмжлэгтэй байсан гэхэд л ийм тоо гарч байна гээд бод доо. Баялгийн тэгш бус байдал л нэмэгдсэн гэсэн дүгнэлтийг энэ харьцуулалтаас харчихаж болохоор байна.
-Гэхдээ иргэдийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гэсэн статистик гардаг шүү дээ…?
-Миний хувьд дундаж өрхийн өр, орлогын харьцааг бодож үзсэн. Хэрэв өрхүүдэд эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байвал хүмүүс өрөөр хэрэглээгээ санхүүжүүлж эхэлдэг. Ингээд өрийн дарамтанд ордог юм. Ийм санаагаар өр, орлогын харьцааг харахаар 2010 онд 35 хувь байсан бол 2018 онд 70 хувь хүрсэн байна. Өөрөөр хэлбэл хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Орлого нь хангалттай өсөөгүй байхад өр, зээл нь л их нэмэгдсэн гэж ойлгож болно.
-Тэгвэл эдийн засгийн өсөлт иргэдэд наалдахгүй байна гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Монголын эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байжээ гэж дүгнэхээс аргагүй байна л даа.
-Одоо тэгээд бид яах ёстой вэ. Сая таны онцолсон гурван хэмжүүрээр хэмжигдсэн чанартай эдийн засгийн өсөлтийг яаж бий болгох вэ?
-Яг л ингэвэл өөр болно гэж хэлж мэдэхгүй юм. Дахиад нарийн судалгаанууд, түүнийг дагасан бодлогын зөвлөмжүүд гарах учиртай. Санаснаар болдог иргэд төрөөс эдгээр гурван шинжийг агуулсан өсөлтийг өгөх бодлогоо бидэнд танилцуул гээд жагсдаг бол үр дүн нь хурдан гарна л гэж бодож байна. Ерөнхий байдлаар зөвлөмж хэлэхэд тогтвортой өсөлт тал дээр тодорхой татварын дэмжлэгүүд хэрэгтэй. Жишээ нь ногоон бонд гэж ойлголт бий.
-Ногоон бонд гэдгээ тодруулаач?
-Ногоон бизнест зориулагдан хөрөнгө татахаар гаргасан нэг жилээс дээш хугацаат үнэт цаасыг ногоон бонд гэдэг. Үүнийг дэмжиж татваргүй орчин бүрдүүлж болж байна. Харин инноваци гэдэгт төсвийн дэмжлэг хэрэгтэй. Хүртээмжтэй өсөлт дээр хөрөнгийн зах зээлийн хөгжил чухал. Монголд хэтэрхий олон ХХК байна. Маш цөөн нийтэд нээлттэй ХК байна. Үүнээс болоод иргэд томоохон баялаг бүтээгч компаниудтайгаа хамтдаа урагшлах боломж нь хаалттай байна. Аль болох олон компани нээлттэй болвол сайн. Хүртээмжтэй холбоотой бас нэг зүйл нь боловсрол. Ер нь аливаа баялгаас хүртэж чадахгүй байгаагийн шалтгаан нь их энгийн. Тухайн зүйлийнхээ талаар ямар ч мэдээлэл, мэдлэггүйтэй л холбоотой байдаг. Товчхондоо мэдлэгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлсэн цагт баялгийн хүртээмжтэй байдал хангагдана.