Categories
мэдээ нийгэм

Г.Бясман: Н.Алтанхуягийн гэр бүлийнхнийг 4.2 тэрбумын хууль бус тендерийн хэргээр шалгаж байна

Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охин Н.Наранцэцгийг шүүгчийн захирамжаар цагдан хорьж шалгаж буй талаар мэдээлэл цацагдаж байгаа билээ. Түүний дансанд их хэмжээний мөнгө шилжин орсон нь шалгах үндэслэл болсон аж. Харин үүнийг Н.Алтанхуяг болон Н.Наранцэцэгийн өмгөөлөгч нар үгүйсгэж, үндэслэлгүйгээр, улс төрийн зорилгоор цагдан хорьсон гэж мэдэгдсэн. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман олон нийтэд тайлбар өгчээ.

Тэрээр,”Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсан байдаг. Үүнтэй холбогдуулан Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарыг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3 буюу “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх” гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн холбогдох зүйл, хэсгийг журамлан сэжигтнээр тооцон шалгаж байна.

Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, МУ-ын Эрүүгийн хуульд гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийг тухайн гэмт хэрэгт хэрхэн, ямар байдлаар оролцсон байдлаас нь хамаарч “Захиалагч, зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч, хамжигч” зэргээр тодорхой заагтайгаар тодорхойлж өгсөн байдаг.

Хэрэг одоогоор мөрдөн байцаалтанд шалгагдаж байна, тиймээс энэ талаар урьдчилж хэлэх боломжгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа тодорхой мэдээлэл өгөх боломжтой гэлээ. Харин Н.Алтанхуягийн эхнэр Х.Сэлэнгийг одоогоор холбогдуулан шалгасан зүйл байхгүй. Хэрэгт мөрдөн байцаалтын хийгдэж байгаа тул өөр мэдээлэл нэмж өгөх боломжгүй байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *