Categories
мэдээ спорт

Г.Болдбаатар V байрт орлоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ өнөөдөр Казахстаны Астана хотноо эхэллээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга Г.Болдбаатар шагналт V байрт орлоо. Тэрээр хүрэл медалийн төлөө БНСУ-ын Ким Вон Жинтэй барилдсан ч сууж үүрэх мэхэнд юүко үнэлгээ алдсанаар хожигдлоо.

Энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 19 настай залуу бөх Ц.Цогтбаатар Швейцарийн жүдоч Людовик Чаммартин, Чехийн Павел Петриков нарыг цэвэр хожсон ч БНСУ-ын Ким Вон Жинг барсангүй. Ким Вон Жингийн хувьд Казахтаны татамид манай хоёр бөхийг хожиж, дэлхийн аваргын хос медальтан боллоо.

Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Шие Шишиг цэвэр ялсан ч Японы Харуна Асамид торгуулиар хожигдсон.

Энэ жинд Казахстаны нэрийн өмнөөс барилдсан ОУХМ Г.Отгонцэцэг эхний тойрогт БНСУ-ын бөх Жон Бок Кёнтой барилдаж, цаг сунгасны эцэст юүко үнэлгээгээр дийлдэн, тэмцээнээ өндөрлүүлсэн.

Эрэгтэй 60 кг: (60 бөх)

Алтан медаль: Елдос Сметов (Казахстан)

Мөнгөн медаль: Рустав Ибраев (Казахстан)

Хүрэл медаль: Ким Вон Жин (БНСУ), Тори Шишиме (Япон)

V байр: Ганбатын Болдбаатар (Монгол)

Эмэгтэй 48 кг:

Алтан медаль: Паула Парето (Аргентин)

Мөнгөн медаль: Харуна Асами (Япон)

Хүрэл медаль: Жонг Бо Кионг (БНСУ), Ами Кондо (Япон)

Дэлхийн аваргын эхний өдөр Казахстан нэг алт, нэг мөнгөн медаль, Аргентан нэг алт, Япон нэг мөнгө, хоёр хүрэл, БНСУ хоёр хүрэл медаль авлаа.


Дэлхийн аваргын хоёр дахь өдөр буюу маргааш эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр жүдоч зодоглоно.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар “В” хэсэгт багтсан. Тэрээр эхний тойрогт Аргентинийн П.Гонзалестай учраа таарсан байна.

Харин энэ жинд манайханы гол найдваруудыг нэг Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөж, Тажикстан, Серб бөхчүүдийн аль хожсонтой нь хоёрдугаар тойрогт барилдах юм.

Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон “В” хэсэгт багтсан бөгөөд эхний барилдаанаа Канадын Г.Екатринатай хийнэ. Гавьяат М.Бундмаа эхний тойрогт АНУ-ын Д.Ажеликатай оноолт таарчээ. Тэрээр “С” хэсэгт багтсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *