Categories
мэдээ улс-төр

Г.Батжаргал: Хууль, журам батлаад зээлийн хүүг бууруулна гэдэг маш их эрсдэлтэй

Улаанбаатар хотын банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Г.Батжаргалтай ярилцлаа.


-УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг өргөн барихаар зэхэж байгаа. Таны бодлоор энэ хуулийн төсөл хэр нүдээ олсон шийдвэр санагдаж байна вэ?

-Хүмүүс зээлийн хүүг яагаад өндөр байгааг, яаж тогтвортой байлгах учир шалтгааныг сайн ойлгохгүй байна. Тиймдээ ч банкууд пүүс компани болоод ард иргэдийг мөнгө хүүлэлтийн аргаар хохироож байна гэсэн буруу ойлголттой яваад байгаа юм. Тэгэхээр хүү гэдэг зүйл яаж тогтож байгаа юм бэ гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ойролцоогоор арилжааны банкуудын дундаж зээлийн олголтын хүү 20 орчим хувьтай байгаа. Харин энэ 20 хувийн хүү хэрхэн тогтоод байгааг эдийн засгийн онол дээр харахаар шууд болон шууд бус зардал гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг. Хамгийн том хүчин зүйл нь хадгаламжийн хүү. Харин хадгаламжийн хүүд бодлогын хүү нөлөөлдөг.

Бодлогын хүү өнөөдөр 12 хувьтай байгаа. Тодруулбал, банкууд хадгаламжаар татсан эх үүсвэрийнхээ 12 хувийг зээлэхгүйгээр, ямар нэгэн ашиг олох активд байршуулахгүйгээр Монгол банкны харилцах дансанд заавал байршуулдаг. Харин ашиглаж болох эх үүсвэрт нь 88 хувь нь үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр заавал байршуулах 12 хувь нь зээлийн хүүд шингэж байгаа юм. 2011-2012 оны үед заавал байх нөөцийн хэмжээ 5-5,5 хувийн хүүтэй байсан. Тэр үед зээлийн хүү буурах хандлагатай байсан л даа. Гэтэл өнөөдрийн тогтчихсон байгаа 12 хувь миний санаж байгаагаар зургаа, долоон жил өөрчлөгдөөгүй байна.

Үүнээс гадна хадгаламжийн даатгал хийгдээд цөөнгүй жил боллоо. Үүнээс үүдэн банкууд 0,25 хувийн шимтгэл төлдөг. Гэхдээ энэ бас өрөөсгөл тогтолцоотой байдаг л даа. Учир нь хэрэглэгч 100 сая төгрөг хадгалуулж байлаа гэж бодоход 20 сая төгрөгийг нь даатгууллаа. Гэтэл банкууд даатгалын шимтгэлийг төлөхдөө 100 сая төгрөгөөр нь тооцож төлж байгаа юм. Хэрэв журамд нь өөрчлөлт оруулж зөвхөн даатгуулж байгаа 20 сая төгрөгөөс нь шимтгэл авдаг бол хадгаламжийн болон зээлийн хүүнд нөлөөлж байгаа зардал буурах бололцоотой.

Дээрээс нь төгрөгийн хүү өндөр байгаагийн нэг гол шалтгаан нь валютын ханш. Монголбанкнаас зээлийн хүүг 15 хувь дээр барих ёстой гэсэн шийдвэр гаргалаа гэхэд валютын ханш магадгүй нэмэгдэх хандлагатай. Ийм эрсдэл үүснэ гэсэн үг. Учир нь төгрөгийн хүүг бууруулчихаар үүнээс авах ашиг багасна. Энэ тохиолдолд төгрөгөө хөрвүүлэх хандлагатай юм. Өнгөрсөн оны жишээн дээр л гэхэд гадаад валютын ханш огцом нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас бодлогын хүүг 15 хувь болгон өсгөж, ханшийг барьж эхэлсэн байдаг.

-Инфляци бас нөлөөлөх үү?

-Хүүг нэмэхэд гол нөлөө үзүүлдэг хүчин зүйл бол инфляци. Энэ жилийн мөнгөний бодлогын үзэл баримтлалд 2020 он хүртэл инфляцийг найман хувь гээд тодорхойлчихсон. 2012 оны үед Сангийн яам долоо, Монгол банк зургаа орчим хувьд барья гэдэг байсан юм. Одоо бол бид инфляциа өндөр төсөөлж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нэг эсвэл 1,2 хувийн хүүтэй л яригддаг зүйлийг манайх гурав дахин өндрөөр бодлогодоо тодорхойлчихож байгаа юм. Ер нь манайд инфляци хэлбэлзэл өндөртэй. Тэгэхээр инфляци бага хувь руу орсон ч зээлийн хүү буурахгүй байгаа шалтгаан нь хүлээлт өндөртэй холбоотой. Учир нь ган гачиг, зуд зурхан болоход махны үнэ нэмэгдчихдэг. Мах бол хэрэглээний үнийн индекст том суурь эзэлдэг шүү дээ. Мөн ургац хураалт алдах юм бол гурил, талхны үнэ нэмэгдчихнэ. Эсвэл нефтийн үнэ өсөхөд өргөн хэрэглээний бүх барааны үнэ мөн л нэмэгдэж эхэлдэг байх жишээтэй. Түүнчлэн 1997-1999 онд зээлийн хүү 30-35 хувийн хүүтэй байсан. Харин 2010-аад онд эдийн засагт гадны хөрөнгө оруулалт орж ирснээр мөнгөн хөрөнгийн дотогших урсгал нэмэгдсэн. Ингэснээр зээлийн хүүг банкууд хүчээр биш эдийн засаг өөрөө аяндаа бууруулж эхэлсэн. Дээр дурдсан 20 хувийн хүү 2011 он гэхэд 15 хувь руу орсон байх жишээтэй. Тэгэхээр хүүг буулгах нь бодлогын, эдийн засгийн зөв бүтцээ тодорхойлсон тохиолдолд банкны оролцоогүйгээр зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн журмаар явагдах бололцоотой юм. Мэргэжлийн хүний нүдээр харахад хууль санаачлагчид магадгүй ард түмэнд таалагдахын тулд хэт нэг талыг барьсан, популист амлалт хийгээд байгаа юм болов уу л гэж харагдаж байна. Эргээд эдийн засгаа баллачих вий дээ л гэсэн айдас төрж байна даа.

-Төрөөс банкны зээлийн хүүг тогтоох нь ямар эрсдэлтэй вэ?

-Банкуудын сүүлд зарлаж байгаа тайлангуудаас харахад чанаргүй зээлийн хэмжээ 1,2 их наядад гарсан байна. Ийм их чанаргүй зээл байгаа тохиолдолд зээлийн хүүг бууруулах бололцоо хомс. Магадгүй банкууд зээлээ хязгаарлаад олголтыг бууруулж болно. Гэхдээ үүнээс үүдэн банк зогсолтод орно. Санхүүгийн системийн 95 хувийг дангаараа бүрдүүлж байгаа хэрнээ банк зогсолтод орох юм бол мөнгө хүүлэлт, ломбард, хадгаламж зээлийн хоршоо, хувь хүмүүсийн хоорондын өглөг, авлагын систем рүү нэвтэрч эхэлнэ. Банкууд зээл олгохоо больчихоор тэд хүүгээ өсгөх, банкнаас бусад харилцаа гаарна. Ингэснээр зээл ямар ч хараа хяналтгүй олгогдох, зээл авч байгаа хүмүүсийг төлбөрийн чадварын эрсдэлд оруулах ийм сөрөг үр дүнтэй. Зээл нь банкны шугамаар харьцангуй тогтчихсон дэд бүтцээр явж байдаг. Энэ нь тухайн хүнийг эрсдлээс хамгаалж байдаг юм. Мөн банк зогсолтод орсноор валютын ханшинд нөлөө үзүүлэхийг ч үгүйсгэх аргагүй.

Түүнчлэн банкууд өнөөдөр хэрэглээний зээл маш ихээр олгож байна. Өрхөд чиглэсэн цалингийн болон автомашин, цахилгаан барааны гэх мэт. Гэтэл дээрх хуулийн төслөөр хүүг нь бууруулна гэсэн боловч хүүг нь өсгөх нэг нөхцөлийг нь бүрдүүлчихэж байгаа юм. Учир нь 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс долоон төрлийн татвар нэмэгдэнэ. Татвар нэмэгдэж байгаа тохиолдолд хүн амын зээл төлөлтийн хэмжээ буурна. Тэгэхээр банкнаас энэ хүний орлого буурч байгаа учраас зээл олголтоо энэ хэмжээгээр бууруулна гэнэ. Яагаад гэхээр банкны мөнгө бол харилцагчийн мөнгө байдаг. Нөгөө талаар банк зээл олгохгүй байна гэдэг нь харилцагчийг өөрийг нь эрсдлээс хамгаалж байна гэсэн үг. Татвар нэмэгдчихсэн байхад өндөр хүү төлнө гэдэг тухайн хүн өөрөө эрсдэлд орно. Үүнээс үзэхэд хууль санаачлагчид маань хоорондоо уялдаа холбоогүй, эсрэг тэсрэг хууль бий болгоод байна л даа.

-Дэлхийн бусад улс орнуудад зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоосноороо эдийн засагт нь эерэг үр нөлөө үзүүлсэн тохиолдол байдаг уу. Урд хөршид ийм оролдлого хийгээд “Сүүдрийн банк”-ууд олноор үүсч эдийн засаг нь зогсонги байдалд орсон гэж сонсож байсан юм байна?

-Хууль санаачилж байгаа хүмүүс “Дэлхийн улс орнууд ийм хэмжээ хязгаар тогтоож байна” гэж яриад байна л даа. Бид нар бас судалж үзсэн. Мэдээж хэрэгжүүлдэг орнууд бий. Хэрэгжүүлээд амжилтгүй болсон тохиолдлууд ч байгаа. Латин Америк болон Африкийн зарим орнууд энэ тогтолцоог хэрэгжүүлж байсан. Одоо ч зарим орнууд хэрэгжүүлсээр байна. Гэхдээ тэд тодорхой нэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ болон зарим зээлийн бүтээгдэхүүнийг сонгохдоо энэ тогтолцоог ашигладаг. Ерөнхийдөө төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тохиолдолд зээлийн хүүгийн хэмжээг тогтоож өгдөг. Яг энэ жишгээр хэрэгжүүлж байгаа улсууд цөөнгүй байна. Гэсэн ч тэд арилжааны зээлд гар хүрдэггүй, өөр зориулалтаар л хэрэглэдэг. Арилжааны зээлд гар хүрсэн тохиолдол нь богино хугацаанд, эдийн засгийн шокийг дарах зориулалттайгаар байсан. Нэгээс хоёр жилийн хугацаанд эдийн засаг нь хүндрэлтэй байдалд орчихсон, төрөөс эдийн засгийн салбарт нь зайлшгүй оролцохоос өөр аргагүйд хүрчихсэн үед гэсэн үг л дээ. Энэ тохиолдолд бодлогын хүүгээрээ дамжуулаад хадгаламж, зээлийн хүүн дээр оролцох нөлөөлөл дэлхийн улс орнуудын практикт байгаа юм. Харин манай улсын хувьд тийм шаардлага одоогоор байхгүй. Эдийн засагт айхтар хүндэрсэн юм алга. Эдийн засагт чөлөөтэй мөнгө эргэлдэж байна.

Банк бол бизнесийн байгууллага. Гэтэл бизнесийн байгууллагын сайн дурын үндсэн дээр чөлөөтэй олгогдож байгаа зээлэн дээр хууль санаачлагчдын яриад байгаа шиг хязгаарлалт хийх нь зах зээлийн нийгмээсээ хойш ухарч байгаа хэрэг юм. Яахав тодорхой бүлгүүдэд зориулсан ч юм уу тийм зээлийн хүүн дээр хязгаарлалт хийж болох юм.

-Тэгэхээр бид ганцхан хуулийн төслөөр хүүг бууруулна гэж туйлшрахгүй эдийн засгийн бүтцээ зөв тодорхойлж, тогтолцоог шинэчлэх хэрэгтэй гэсэн үг үү?

-1992-1996 онд зээлийн хүү 200 хувьтай байсан гэдэг. Мэдээж үүнд нийгмийн шилжилт нөлөөлсөн нь дамжиггүй. Энэ үед Монгол Улс маань эдийн засгийн тэг цэгээс эхэлж байсан. Тэр үеийн инфляци гурван оронтой тоо руу орж байсан талаар эдийн засагч нар ярьдаг. Харин одоо бол эдийн засаг тогтворжоод зээлийн хүү 20 орчим хувьтай байна. Цаашаа ч бууруулах боломж бий. Иймийн тулд хадгаламжийн хүү, бодлогын хүү, инфляци, мөн хадгаламжийн хүүн дээр нэмэгдэж байгаа татвар, шимтгэлүүдийг уян хатнаар тогтоодог болох хэрэгтэй. Мөн гадны зээл тусламж гэдэг юм уу мөнгөн хөрөнгийн урсгалын хэлбэлзлийг багасгах шаардлагатай.

Мөн эдийн засгийн зөв тогтолцоог бүрдүүлж, банк санхүүгийн системийг эрүүл, оролцогчдын эрх тэгш байдлыг хангасан байх нь хамгийн чухал. Эдийн засгийн бодлогыг барьж байгаа төрийн институциуд л үүнийг хийх хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдлаас харахад бид ардчилсан нийгэмтэй хөл нийлүүлээд 27 жил болоход зах зээлийн чөлөөт нийгэмтэй зохицсон эдийн засгийн бүтцээ бий болгож чадаагүй л байна. Бид зөвхөн зээлийн хүү гэдэг том хүрдний нэг араа, шүдийг яриад байгаа болохоос хүрдийг тэр чигт нь эмчлэх боломж бололцоог хангаж өгч чадахгүй байна. Тийм байж тал талаас нь зөвхөн энэ нь л болохгүй байна гэж яриад байх өрөөсгөл юм шүү дээ.

-Энэ талаар банкууд өөрсдөө санал санаачилга гаргаж болох уу?

-Зөв тогтолцоог бүрдүүлэхэд банкуудтай хамтаръя гэвэл бид хэзээд бэлэн байдаг. Харамсалтай нь төр маань тогтворгүй байдаг учраас ажил болж өгдөггүй. Сангийн яаман дээр дуудаад очих болгонд хүмүүс нь солигдчихсон байдаг. Очих бүрт өөр хүн ирчихсэн адилхан асуултаа асуугаад сууж байдаг юм. Гадны хөрөнгө оруулагчид битгий хэл дотоодын хөрөнгө оруулагчид төрийн тогтворгүй байдлаас залхаж байна шүү дээ. Тэгэхээр улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт мөн л том нөлөө үзүүлээд байгаа гэдгийг онцлох нь зүйтэй байх. Тиймээс улс төр тогтвортой байж бодлогоо урт хугацаанд хэрэгжүүлж, аливаа зүйл нь онолын хэмжээнд зүй тогтлоороо явж чадвал хууль батлаад байх шаардлагагүйгээр зээлийн хүү аяндаа буурах бололцоотой гэж харж байна. Энэ олон хүчин зүйлсийг тодорхой шат дараалсан байдлаар, урт хугацаанд хэрэгжүүлж байж зээлийн хүү буурна. Түүнээс нэг хууль, журам батлаад зээлийн хүүг бууруулна гэдэг маш их эрсдэлтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *