Categories
мэдээ цаг-үе

Г.Баатарнум: Иракаас нутаг буцаж явсан монгол цэргийн цуваа руу буудаж байсан

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагналт, зохиолч сэтгүүлч, бэлтгэл дэд хурандаа Г.Баатарнумтай ярилцлаа. Тэрээр энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цөөхөн сэтгүүлчийн нэг юм.

-Уран бүтээл арвин уу?

-Цэргийн албанаасаа тэтгэвэрт гараад чөлөөт уран бүтээлч болсон. Одоо өөрийнхөө уран бүтээлээ хийгээд л явж байна. Гучаад жил дандаа сонины ажил хийж явлаа. Би сониныхоо ажилд хайртай. Зав чөлөөнд нь юм хийгээд л явна. Зэвсэгт хүчиндээ гуч орчим жил ажиллаад тэтгэвэрт гарлаа.

-Та анх яагаад цэргийн хүн болсон юм?

-Миний аав цэргийн хүн. Хилийн цэргээс төрсөн анхны хүндэт чекистийн нэг. Миний хувьд тухайн үеийн Цэргийн ерөнхий дээд сургууль буюу одоогийн Батлан хамгаалах их сургуулийг артилерийн зэвсэглэлийн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн.

Манай сэтгүүлчдээс над шиг ийм мэргэжил эзэмшсэн хүн байхгүй л дээ. Тэгээд би Зүүнбаянд салааны захирагч, салбарын захирагчаар ажиллаж байсан. Уг нь Багшийн сургуульд монгол хэл, уран зохиолын ангид орж байсан хүн. Хувь заяа цэргийн сургуультай холбосон. Москвагийн хилийн цэргийн дунд сургуульд Багшийн дээдээс явуулах гэж байлаа. 1976 онд шүү дээ.

-Тэгвэл хэдийд нь сэтгүүлчээр суралцсан хэрэг вэ?

-Эхлээд цэргийн мэргэжлээрээ төгсөөд сэтгүүлчийн ажлыг бол өөрийнхөө сонирхлоор хориод жил хийсэн. Бүүр сүүлд 45 насандаа олон улсын сэтгүүлч мэргэжлээр Дашзэвэг багшийн удирдлаганд сурч мэргэжлээ эзэмшсэн хүн байхгүй юу. Сэтггүүл зүйн түүхэнд над шиг ингэж 40 гаруй насандаа мэргэжлээ эзэмшсэн хүн ховор болов уу гэж боддог юм.

-Аль нэг мэргэжлээ дагаж болоогүй юм уу. Яагаад сэтгүүлчийн мэргэжилд дурлачихав?

-Дуртай болоод л. Тэртэй тэргүй практикаар сурчихсан, өч төчнөөн алдартай сэтгүүлч зохиолчидтой ажиллаж, курс, семинарт сууж л байсан. Гэхдээ зах зээлийн үед хүмүүс янз бүрийн сургуульд сурах гэж мэрийж байлаа шүү дээ. Мэргэжлээ дээшлүүлэх, чадвараа сайжруулахаас эхлээд. Тэрний нэгэн адил нэгэнт энэ чиглэлээр ажиллаад олон жил болчихсон юм чинь сураад үзье гэж бодсон. Цэргийн ерөнхий дээд сургуулийг төгсөөд Зүүнбаянд зургаан жил ажиллаад хотод шилжиж ирээд Сонгинын 277 гээд Сонгинын их бууны танк эсэргүүцэх хороо гэж дивизоны тагнуулын дарга, сүүлд нь кадрын батальон захирагч хийж байтал 1987 оны хавар манай ангийн штабын дарга тухайн үедээ хошууч цолтой байсан одоо бэлтгэл хурандаа сайхан хүн байдаг юм. Тэр хүн намайг “Маргааш боловсон хүчний өрөөнд бэлэн бай гэдэг юм” би ч учрыг нь мэдэхгүй, айж эмээгээд Батлан хамгаалах яаман дээр очсон. Залуухан офицер би яам, тамгаар тэр бүр орох биш. Айж эмээгээд асууж сураад нөгөө өрөөгөөр нь шагайсан чинь баахан хурандаа, генералууд сууж байна. Миний таньдаг хоёр ч хүн байхаар нь жаахан тайвширлаа. Нэг нь намайг Цэргийн суруульд орж байхад манай ротын дарга байсан Г.Агваансувд гэж дэд хурандаа, нөгөө нь Зүүнбаянд байхад дивизийн их бууны командлагч байсан хурандаа Ж.Цанжид гэж уулын спортын мастер хүн. Тэр хоёрыг хараад сэтгэл жаахан уужирлаа. Тэгсэн чинь тэд намайг Улиастайн дивиз, одоогийн 016 дугаар ангид дайчилгааны офицероор томилох болсноо хэллээ. Үгүй гэх аргагүй. Цэргийн хүн чинь тушаалаар шүү дээ. Тэгээд Улиастайд очсон. Жагсаалын дайчилгааны офицер гэдэг чинь боловсон хүчний ажил. Одоогоор бол хүний нөөцийн ажил байхгүй юу даа. Тэнд очиход танай сонины Тамгын газрын дарга Т.Дашням тэнд МХЗЭ-ийн хороон дарга залуу байлаа шүү дээ.

-Та энхийг сахиулах ажиллагаанд явж байсан. Энхийг сахиулах ажиллагааны түүхэн үйл явцыг таныг бичиж байна гэж хардаг. Баримтат кино хийж, ном бичиж, дуу хүртэл зохиолоо.

-Сэтгүүлч хүний хувьд түүхэн баримтуудыг зохих хэмжээгээр нь үлдээчихье гэсэн бодолтой явдаг. Энхийг сахиулах үйл ажиллагаа ч мөн л түүхэн том үйл явдал.

-Та тийшээгээ сэтгүүлчийнхээ ажлаар явсан уу, эсвэл цэргийн хүний хувьд уу?

-Хэвлэлийн төлөөлөгч, сэтгүүлчээрээ явсан. Тэр үед би Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. 2004 он шүү дээ. Надаас өмнө манайхаас хоёр ч сэтгүүлч явсан байсан. Анхных нь сэтгүүлч Ч.Төрмөнх. Дараа нь Зоригтбаатар гэж залуу явсан. Хоёулаа “Соёмбо” сонинд ажиллаж байсан. Гуравдугаар ээлжинд нь бас цэргийн хүн явуулна гэдэг шийдвэр гараад би 2004 оны долдугаар сард явж байлаа. Би нэг юмаар бахархдаг. Тийшээ явахад чинь нэлээд хугацаанд бэлтгэлд гарч байж явна шүү дээ. Би ямар ч бэлтгэл хийгээгүй явчихсан. Жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч, Читийн цэргийн тойрогт томилолтоор яваад бэлтгэл хийх хугацаагүй, тавхан хоног бэлтгэлд гараад л шууд явж байсан. Тэнд жараад градусын халуунд нэг ч удаа даралт өндөрслөө гэж хямарч үзээгүй. Үүгээрээ би бахархдаг. Тухайн үеийн цэргийн сургууль төгссөний ач гавьяа. Яагаад гэвэл тухайн үед асар их хэмжээнд бэлтгэж, хатуужуулж байсан. Тэнд ажиллаж байхдаа сэтгүүлч хүний хувьд түүхэн үйл явдлыг ямар нэгэн хэмжээгээр үлдээе гээд бодож жаахан онгирч, бас өөртөө итгээд найраглал бичиж үзлээ. Мэдээж үйл явдлын мэдээлэл, сурвалжлагыг тухай бүрт нь сэтгүүл зүйн бүхий л төрлөөр Монгол руу явуулж байсан болохоор уран бүтээлийн хэмжээнд энэ бүх үйл явдлыг үлдээе гэж бодоод “Иракт өнгөрүүлсэн 190 хоног” гэж баримтат найраглал бичсэн. Өөрийнхөө байх хугацааны долоон сарын үйл явдлыг ямар нэг байдлаар бүгдийг тусгасан. Найраглал бичиж ирээд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайд үзүүлсэн. Бас жаахан бэргэж айгаад үзүүлсэн хэрэг. Ш.Сүрэнжав гуай “Чи ёстой мундаг юм хийсэн байна. Хориод оны үед Агваанхайдав гэдэг хүн “Баруун Берлинд зорчсон тэмдэглэл” баримтат найраглал бичиж байсан. Найраглалын төрөл нэг үе тасарсан байсан. Зундуйн Дорж Афганистанд нэг очоод “Душманууд” гэж нэг шүлэг бичсэн. Энэ хоёр л байсан. Чи хориннэгдүгээр зуунд Иракийн халуун цэг дээрээс ийм сайхан найраглал бичээд ирнэ гэдэг маш сайн хэрэг. Одоохон ном болгож гарга. Би өмнөх үгийг нь бичиж өгье” гээд “Охинтой нь цуг мэндэлсэн найраглал” гээд маш гоё өмнөх үг бичиж өгөөд би урамшаад найраглалынхаа номыг гаргасан. Иракаас ирээд сарын дотор л номоо хэвлүүлчихсэн шүү дээ.

-Та найраглал бичиж, баримтат кино хийж, тэр дуугаа бас клипжүүлсэн байсан. Өөрөө яг тэнд байсан болохоор үнэхээр л бүгдийг тусгасан байна лээ.

-Тэр дуу бас түүхтэй дуу. 2003 онд Ирак руу нэгдүгээр ээлж явсан. Анх удаа дайны талбарт явж байгаа тэднийгээ хараад сэтгэл гэгэлзээд л цэргүүддээ зориулсан нэг сайхан дуу бичмээр санагдаад ерөөсөө болж өгдөггүй. Эхний мөр нь орж ирээд. Насанбуян гээд хөгжмийн зохиолчтой өмнө нь хэд хэдэн дуу хийж байсан. Насанбуян руу нэг удаа яваад очлоо. “Монгол цэргүүд анх удаа дайны талбар луу явах гэж байгаа юм. Хоёулаа дуу хийвэл яасан юм. Миний дууны шүлгийн мөрүүд орж ирээд байна” гэсэн Насанбуян цэргийн хүн биш болоод ч тэр үү, авч хэлэлцдэггүй. Тэгээд яахав, ганц шил юм уугаад хоёулаа жаахан онгироод, тэгж байтал нөгөөх маань шүлгээ гаргаад ирээч гэхээр нь нөгөө эхний мөрүүдээ сонсголоо. Эзэн Чингисийн хийморьтой

Эрэлхэг Монголын хөвгүүд

Элгэн халуун сэтгэлээр

Эх орноосоо мордлоо.

Миний Монголын цэргүүд

Морьтойгоо дэлхийг туулсан юм.

Миний Монголын цэргүүд

Энхийн үйлсийг зорьсон юм гээд өгсөн чинь “Энэ чинь харин ая ормоор шинжтэй мөр байна шүү” гээд төгөлдөр хуурынхаа өмнө суулаа. Анхны зураглал ингэж шөнө гарчихав. Маргааш өглөө нь манай цэргүүд Ирак руу нисэх гэж байгаа юм шүү дээ. Тэгээд бид хоёр шөнө нь дуугаа хийгээд өглөө нь нисэхийн автобусанд хоёр навсайсан юм суугаад л явлаа. Нисэх дээр яваад очтол цэргүүд, тэдний ар гэрийнхэн, хамаатан садан, зэвсэгт хүчнийхэн бүгд л байна. Манай Борбаатар генерал байж байна. Ингэж дуу хийчихлээ гээд генералд хэллээ. Бороо генерал цэргүүдэд хандаж “Миний хүүдүүд ээ, та нарыг эх орноосоо мордоогүй байхад анхны бүтээл төрчихсөн байна. Миний хүүхдүүд их аз хийморьтой явах нь” гээд маш гоё үг хэллээ. Тэгээд надаар шүлгийг нь уншуулаад л. Одоо энэ дуу маань энхийн сахиулагчийн сүлд дуу гээд нэрлэгдчихсэн. Чад, Ирак, Срелон, Афганистанд манай цэргүүд бүгд дуулна. Оройн тоондоо ч дуулна. Энэнээс хойш олон дуу зохиосон. Цэргийн дуунууд маань гуч орчим болсон. Мөн анхны найраглалаасаа урам авч олон найраглал бичиж. Эднийгээ эмхэтгэж, бас нутаг усныхаа тухай ном, сонин хэвлэлд өгсөн миний өөрийн ярилцлагуудаар бас нэг ном, хүүхдийн ном гээд гаргахаар бэлдэж байна даа.

-Таны найраглалыг уншихаар монгол цэргүүдээрээ бахархмаар болсон.

-Найраглал бичих гол үндсийг манай цэргүүд надад өгсөн. Манай монгол цэргүүд үнэхээр баатарлаг, хийморилиг. Монгол хүн болоод магтаад байгаа юм биш. Үнэхээр өөр байдаг юм.

-Юугаараа тийм онцгой, өөр гэж… Намайг сурвалжлагаар явж байхад Америкийн цэргийн дарга монгол цэргүүдийн тухай магтах үг нь багадаад байсан.

-Бусад орны мэргэн буудагч байлаа гэхэд тэрийгээ нэг номерт, өөр айхтар чадаад байх юм байхгүй. Зөвхөн тэрэндээ л эзэн болно. Монгол цэрэг мэргэн буудахаа чадна, бусдыг нь ч хийж чадна. Тэрүүгээрээ л гайхагддаг байхгүй юу.

-Монгол цэргүүд маань хамгаалалтын албыг хариуцдаг байсан санагдана. Ингэхэд та ер нь харуул хамгаалалтад гарч байв уу?

-Чарли баазын хамгаалалтыг манайхан хариуцна. Ар тал хангалтын том бааз. Хүнс, шатахуун, цэргийн буу зэвсэг, техник бүх л юм тэр том баазад л байна шүү дээ. Оройхон хэрд асар олон, нүсэр нүсэр цуваа орж ирээд хэдэн зуугаараа зогсчихно. Тэд монгол цэргүүд хамгаалж байгаа, айх аюулгүй амар тайван хононо гээд Чарли баазад хоноглоно. Бусад баазыг тоохгүй шүү дээ. Би хэдийгээр сэтгүүлч ч гэлээ яг л байлдааны үүргээ давхар гүйцэтгэнэ шүү дээ. Долоо хоногт гурваас дөрвөн удаа шалган нэвтрүүлэх байранд харуулд гарна. Тэнд найраглал юмаа бичих боломж ховор. Зөвхөн харуулд гарч байхдаа нэг гартаа буугаа бариад нөгөө гартаа үзгээ бариад л бичнэ.

-Цэргийн нууц ил гаргадаггүй гээд нууцлах юм билээ. Тэгэхээр нийтэд ил биш олон зүйл мэдэгдэхгүй өнгөрчихдөг байх гэж боддог юм. Биднийг Иракт очиход л хэдхэн минутын өмнө манайхны байгаа Эко бааз руу меномет харвасан байсан?

-Чарли бааз чинь дараа жил нь Эко бааз руугаа шилжсэн шүү дээ. Сүүлд Эко бааздаа байж байгаад л арван ээлж дуусгаад ирсэн. Менометийн дэлбэрэлт бол болно шүү дээ. Гэхдээ меномет, гар бөмбөг ихэнх нь гар хийцийнх байдаг. Иракийнхан өөрсдөө хийнэ.

-Мөн олон үндэстний хоолны газрын үүдэнд дэлбэрэлт болж, нэлээд хохирол учирсан гэдэг…

-Манайхны хоёрдугаар ээлж шүү дээ. Тэр ээлжийн дараа бид очсон. Би очоод хамгийн түрүүнд нөгөө дуулианы эзэн эрэлхэг залуу Аззаяаг олж уулзаж байсан. Саддамын армийн сургалтын төвийн байр гээд хоёр давхар цагаан байшин байсан даа. Та нар ч очиход байсан биз дээ. Намайг уулзахаар очиход тэр байшингийн дээр нөгөө Аззаяа маань том пулемётын ард мантайсан цагаан залуу сууж байлаа. Тэдний ээлжийнхэн явахаас өмнө манай ээлжийнхэн зөрж очиж байгаа хэрэг. Тэдний явахаас өмнө хэд хоног дадлагажиж, ээлж солигддог юм. Тэдний ээлжийнхэн нутаг руугаа буцахаар машины цуваа хөдлөхөд араас нь нутгийн нөгөө хүмүүс буудаж байсан шүү дээ. Азаар эрсдэл болоогүй. Ийм юм бол дайнтай газар тохиолдоно шүү дээ.

-Энэ талаар бол сонсоогүй юм байна шүү. Ингэхэд 50, 60 хэмийн халуунд арав гаруй килограмм хүнд хантааз, хамгаалалтын малгай зэргийг өмсөөд, дээр нь үүргэвч, буу сум агсаад явах ч бас айхтар юм билээ шүү…

-Ай мөн айхтар шүү дээ. Муусайн хэдэн цэрэг маань ачаатай тэмээ шиг л харагддаг байсан талаар би найраглалдаа бичсэн. Гэхдээ манай цэргүүд үнэхээр хийморилог. Цэргүүд маань тийм сайхан хийморилог болохоор чинь найраглал бичихэд онгод ордог байхгүй юу. Хэрвээ манай цэргүүд унжийсан дорой арчаагүй байх юм бол, надаас бас тийм омогшсон найраглал, уран бүтээл гарахгүй. Уран бүтээлч хүнийг тэр орчин нөхцөл их хөглөж өгдөг. Манай цэргүүдийг Суданд явж байхад нутгийн энгийн иргэд, хүүхэд хөгшидгүй “Good Mongol” (дуудлагаар нь) гээд эрх хуруугаа гозойлгон хашгирна. Бас нэг юм би ажигласан. Монгол хүн маш их өрөвч сэтгэлтэй юм байна. Өөр бусад орны цэрэгт тийм юм мэдэгдэхгүй. Монгол цэргүүд хоолоо идэж дуусаад гарахдаа ундаа, амттан шимттэнээс аль багтахаараа халаасандаа хийгээд гарна.

-Яаж байгаа нь тэр вэ?

-Яахав дээ. Нөгөө муу иракчуудад өгөх гээд. Тэнд чинь цэргийн баазад ойр тойронд ажил хийж байгаа энгийн ирак иргэд зөндөө. Манай монголчууд л тэдэнд ойр зуурхан идэх юм аваачиж өгнө шүү дээ. Юу идэж, уудаг юм байгаа юм. Ядарсан амьтад байдаг. Манай тэнд нэг усны тэрэгний жолооч ирак нөхөр байдаг байсан. Манай нутгийн Раднаабазар ахтай их адилхан харагдана. Тэр их сэтгэлд дотно санагдана. Тэгээд л тэр хүнд би голдуу юм өгнө. Ирэхэд нь хайрцаг дүүрэн ундаа сэмээрхэн өгнө. Намайг өдөр хоол идээд гарч ирэхэд машинаа цэвэрлэж байгаа аядаад горьдоод зогсч байна. Мэдэгдвэл сүйд болно шүү дээ. Нөгөө муудаа хайрцагтай юмаа өгнө. Хурдхан шиг аваачаад л машиныхаа ард тавьж байгаа харагддаг юм. Бодвол хүүхэд шуухад, эхнэртэй л байж таараа биз. Тэдэндээ өгөх гээд л авдаг байсан биз. Гэх жишээгээр л монгол цэргүүд их өрөвчхөн. Бүгдээрээ л ундаа ч болов авааччихсан өгч байгаа харагддаг юм. Суданд явахдаа би эндээс замын хүнстэй явсан юм. Суданы ядарсан хүмүүсийг харахаараа л өрөвдөнө. Дүрвэгсдийн хуаранд байгаа хүүхдүүд энэ тэр бол дэндүү өрөвдмөөр. Харахаар өрөвдөөд юм өгмөөр санагдана. Тэнд байгаа хүмүүс “Сүйд болно шүү. Шавчихна. Тэгээд хоорондоо бие биенийхээ амийг ч егүүтгэж мэднэ” гээд өгүүлэхгүй байсан. Тэнд бол хүний амь юу ч биш юм билээ. Аймаар. Малыг бол дээд зэргээр тэр дундаа үхрээ бол дээд зэргээр шүтнэ. Олон үхэртэй хүн л тэнд эхнэр авна. Үхэр байхгүй бол эхнэр авна гэж байхгүй.

-Суданд ер нь адал явдал их байв уу?

-Тэр хотын амьдрал, гудамжны хөдөлгөөн бол аймаар л даа. Манайхтай адил гэрлэн дохио энэ тэр байхгүй. Хаанаас л бол хаанаас дайраад ороод ирдэг. Их эмх цэгцгүй сонин газар. Дэргэд нь манай Улаанбаатар диваажин. Дайн дажинтай улсад яваад ирэхэд миний эх орон шиг сайхан нь алга. Хөгжилтэй сайхан орноор яваад үзэхээр ээ дээ, манайх ч мөн болоогүй байна даа гэж бодогддог шүү. Бид Иракаас буцаад Монголынхоо онгоцны буудалд буухад элгээрээ хэвтээд тэвэрмээр санагдаж байгаа юм чинь. Эх орноо санасны шинж. Гудамжинд явж байгаа хог үүрчихсэн бөөвийсөн хүнийг хараад барьж аваад үнсмээр санагдаж байгаа юм. Хайр хүрээд.

-Байлдаан, дайн гэдэг орчин үед ямар болсон юм бэ. Кинонд гардаг шиг хоёр талаас буу шийдэм болоод байлдаад байх нь ховор болсон шиг…

-Хуучинтай адил биш ээ. Наяад онд бид цэргийн бэлтгэл гэж айхтар юм хийдэг байлаа. Одоо бол мэдээллийн л дайн болж байна.

-Жишээ нь…

-Орчин үед чинь мэдээллийн хэрэгсэл айхтар хөгжчихсөн. Мэдээлэл авч, тэрний эсрэг үйл ажиллагаа явуулна. Тэднийх тийм тактиктай байна, тэгэх гэж байна гэдгийг мэдээд л эсрэг арга хэмжээ авна. Тэр байтугай сөрөг сурталчилгаа хийнэ. Орчин үеийн дайн бол мэдээлэл, сурталчилгаа асар их болсон. Тэр тактикийн эсрэг, тийм үйл ажиллагааны эсрэг ийм сурталчилгаа явуулна гэх мэт.

-Гэсэн атлаа байнга л дэлбэрэлтийн дуу сонсогдож, буун дуу гараад байх юм билээ. Тэр ямар учиртай юм?

-Ирак, Суданд бол байдаг л юм. Ялангуяа Өмнөд Суданд омог хоорондын дайн их. Хоёр омог газар нутаг, мал хунараасаа болоод л дайтна. Нэг улс үндэстэн хоорондоо байлдаж байна. Тэрийг чинь энхийг сахиулагчид, НҮБ-ын цэргүүд хамгаалж байна. Тэгэхгүй бол бие биенээ хядаад эхэлдэг. М.Батчулуун гээд хурандааг тэнд байх үед омог хоорондын айхтар тулаан болсон байгаа юм. Гадны бусад орны цэргүүд бас байна шүү дээ. Нөгөө цэргүүд чинь байлдаан болоод буудалцсан чинь юун хамгаалах манатай айгаад амбаарны доогуур ухаангүй шургаж орж байхад монгол цэргүүд яс хамгаалаад л зогсч байна.

-Тэр омог аймгийнхан хоорондоо яаж байлдах уу, буу зэвсэг тэдэнд байх уу?

-Буугаар л байлдана. Ямар нэг шугамаар олно. Өөрсдийнх нь зэвсэгт хүчнийхэн зарим газраа урвачихсан. Тэгээд тэр нөхөд зэвсэг энэ тэр өгдөг юм шиг байгаа юм. Оросын МИ-8 нисдэг тэргийг буудаад намганд унагааж байсан. Очиж авахад их хүндрэлтэй. Бусад орны цэргүүд очиж авч чадахгүй, манай цэргүүд очиж авсан байгаа юм. Нисгэгч нь бие нь тасарчихсан. Их эвгүй дүр зураг угтсан гэсэн. Тиймэрхүү зүйл бол дайнтай үед тохиолдоно.

-Манай эмч нар хүндхэн мэс засал хийж хүний амь авардаг гэж сонссон…

-Зөндөө зөндөө. Байлдааны талбарт, майханд л хагалгаа хийнэ. Хамт мэс засал хийсэн гадны эмч магтаад сүйд болно.

-Энхийг сахиулахаар явсан монгол цэрэг барьцаалагдаж байсан гэсэн үнэн үү? Энд тийм мэдээлэл ер сонсогдоогүй.

-Монголоос анхны энхийг сахиулагч Ч.Ерөөлцэнгэл, Т.Даваадорж гэж хоёр офицер 2002 онд Конго явж байсан. Би “Цэнхэр дуулгатны жимээр” гэж баримтат киног 2014 онд хийгээд одоо л тэр кино маань дэлгэцээр гарах гэж байна. Тэр кинонд Даваадорж маань ярьсан байдаг юм. Ерөөлцэнгэл маань барьцаалагдаж байсан талаар. Тухайн үедээ л наашаа мэдээлбэл дуулиан болно гээд мэдэгдээгүй юм шиг байгаа юм. Одоо бол олон жил болчихлоо. Тийм юм болж байсан гэсэн. Гэхдээ эсэн мэнд гарсан юм билээ. Бид ч бас Иракт байхад Польшийн цэргүүд барьцаалагдсан байна гээд нэг өдөр түгшүүр зарладаг юм байна. Очоод удаагүй байсан үе. Манай тасгийн дарга Гантулга гээд ахмад одоо хошууч цолтой хүн. Тэр хүний бүрэлдэхүүнд би байсан. Дээгүүр Америкийн цэргийн нөгөө айхтар онгоцууд нисээд л. Бидний хамгаалдаг газраас хоёр, гурван километрийн цаана буун дуун тачигнаад байдаг. Тэгсэн чинь л Польшийн цэргүүд отоонд орчихоод байсан хэрэг. Гэтэл Америкийн нөгөө айхтар онгоцууд чинь хэд хэдээрээ гарч ирээд л нижигнээд л явчихаж байгаа юм. Тэгээд л польш цэргүүдээ аварч байсан. Дараа нь эмнэлгийн онгоц ирээд л шархадсан улсаа авч яваад л байсан.

-Байнга дэлбэрэлт болоод байхаар айж эмээнэ биз дээ.

-Тийм чимээ бол тасрахгүй. Анх очиход айж эмээдэг л байсан. Энд хаалга хүчтэй дуугарахад дав дув хийгээд. Сүүлдээ сурчихдаг.

-Зэвсэг, техникийн хувьд ямар болсон бэ. Иракт тэр зэвсэг гэдэг чинь цоо шинээрээ, огт хэрэглэгдээгүй байж байдаг юм билээ…

-Манайхан болоод бусад орны цэргүүд байлдах гэж очоогүй. Энхийг сахиулж байгаа болохоор хамгаалах чиглэлээр очиж байгаа юм. Гэвч тэр техник хэрэгсэл бүгд л байна шүү дээ. Нөгөө талаас сэтгэл зүйд нөлөөлөх гэдэг юм уу, байсхийгээд меномет дэлбэлнэ, бас ганц нэг хүнийг цааш харуулах санаатай ч байдаг юм уу. Тийм юм бол болно.

Бид Иракт бүтэн найман цаг нисээд Америкийн дамжин өнгөрүүлэх баазад бууж байгаа юм. Онгоцноос буутал өөдөөс жаран градусын халуун пүн хийгээд явчихсан. Нүүрний арьс зумраад явчих шиг л санагдсан. Хаашаа л харна элсэн цөл. Таван зуун метр орчмын цаана том том ногоон асрууд харагдаж байна. Тэрүүхэн хооронд хамаг бие усан хулгана болоод л очсон. Дөнгөж анх онгоцноос буухад тийм байгаа юм чинь одоо яана даа л гэж бодож байлаа. Тэгээд л ороод очсон сэрүүцүүлэгч асаачихаж. Диваажин шиг л санагдаж байгаа юм чинь. Нөгөө монгол орны маань цаг агаар, байгаль, уул ус, салхи нүдэнд харагдаж, бодолд орж ирдэг юм билээ. Сая Хонгконгод Балдоржийн нэрэмжит сэтгүүл зүйн шагналтнууд явахад би бас яваад ирсэн. Дандаа л дайн дажинтай газар явж ирсэн хүн чинь үнэхээр сайхан амарлаа. Далимд хэлэхэд Балдорж гэж агуу хүнтэй нэг удаа гар барьж ч үзээгүй. Барааг нь харж байснаас цаашгүй. Энэ агуу хүний нэрэмжит сэтгүүл зүйн шагналыг үнэхээр ямар нэг маапаан орохгүй цэвэр шалгаруулдаг гэж бодсон. Яагаад гэхээр уралдаанд байр эзэлнэ гэж төсөөлөөгүй ч сэтгүүлч хүнийхээ хувьд хоёр материал явуулчихсан. Би тэр шагнал авдаг өдрөө урилга ирэхээр нь өдөр тутам өмсдөг хувцастайгаа, гоёж гоодож ч амжаагүй яваад очсон. Шагнал авна гэж мэдсэн бол ядаж цэргийн хувцастайгаа очих байлаа шүү дээ. Тэгсэн тэнд чинь Н.Багабанди, Ц.Элбэгдорж, П. Очирбат гээд үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд оччихсон. Гэнэт л шагнагдах хүмүүсийн дунд миний нэрийг дуудтал бүр паанигт орчихсон. Энэ шагналыг нэр хүндтэй, булхай ордоггүй юм байна гэж бодсон шүү. Зохион байгуулсан улсуудад танай сониноор дамжуулж талархлаа илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *