Categories
энтертаймент-ертөнц

Г.Ариунбаатарын тухай “Монголын хээр талаас дэлхийн тайзнаа” нэртэй нэвтрүүлэг цацагджээ

Энэ оны эхээр Английн “Би-Би-Си Радио 4” хөгжмийн нэвтрүүлгийн сувгаар Монгол Улсын “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатарын тухай “Монголын хээр талаас дэлхийн тайзнаа” нэртэй нэвтрүүлэг цацагджээ.

Хөгжмийн сэтгүүлч Кэйт Моллисон, продюссер Стивен Ражам нарын хийсэн, тус бүр хагас цаг үргэлжлэх цуврал хоёр нэвтрүүлэг нь Германы Берлин хотод жил бүр зохиогддог Европ тивийн “Прикс Европа” хэмээх радио, телевизийн салбарын оны таван шилдэг сэтгүүлч, нэвтрүүлэг шалгаруулалтад нэр дэвшсэн байна.

Нийт нэг цаг үргэлжлэх нэвтрүүлэгт МУГЖ дуучин Г.Ариунбаатар, түүний аав, ээж, багш, Хатан хааны ордны тайзнаас “Монголын тал нутаг”-ийг дуулахад нулимс унагасан шүүгч Мэри Кинг, Улаанбаатарын гудамжинд баарны гадаа таарах англи хэлтэй, халамцуу монгол залуус, “Монголын аман уламжлал, хөгжим, бүжиг” номын зохиогч, Кэмбрижийн Их Сургуулийн эрдэмтэн, хийлч, дуучин, угсаатны хөгжим судлаач, монгол хөгжмийн гол шинжээч Кэрол Пээг, хөгжим судлаач, Английн Кингс Коллеж төгсөгч Б.Хатуучулуун, орчуулагч, Монгол Улсын соёлын элч Ж. Өнөрмаа, антропологич эрдэмтэн Ш. Туяа, ДБЭТ-ын дарга Ч. Мөнхзул, Ховдын театрын хөөмэйч Золзаяа, Монголын Урлагийн зөвлөлийн Ц. Ариунаа, Гадаад яамны сайд асан С.Пүрэвсүрэн, Монголын хамтлаг чуулгын төлөөлөл багтжээ.

Энэхүү нэвтрүүлгийг угсаатны нийтлэг хэв шинжит соёлын өвийг тээгч шилмэл төлөөллийн сэтгэл, бодол, дүгнэлт, илэрхийллийг тэр чигт нь буулган судалгаа хийж, тухайн үндэстэн угсаатны соёлын бүхэл зураглалыг гарган авах нь угсаатны зүйн судлалын тэр дундаа угсаатны хөгжим судлалын үндсэн арга барил бөгөөд чухам энэ сонгомол аргаар бүтээсэн байна.

Уг нэвтрүүлэг монгол хөөмийгөөр эхэлж, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн нэгэн дуугаар төгсдөг ч уртын дуу, хуурын татлага, “Уран Хас” бүжгийн жүжгийн аялгуу, дэмбээний ая, дуурийн ари, удиртгал зэрэг монгол оронд эгшиглэх хөгжмийн урлагийн үндсэн ай төрөл бүгд байраа олон эгшиглэдэг аж.

Англид суугаа Монгол Улсын соёлын элч Ж. Өнөрмаа, хөгжмийн сэтгүүлч К.Моллисон нар твиттер хуудастаа “Тус хөгжмийн нэвтрүүлгийг ойлгохдоо дэлхийн нэлээд гол хэлээр наанадаж 40 сая сонсогч Монгол орны түүх, соёл урлаг, хөгжмийн урлагийн уламжлалыг чихээр сонордон танилцаж, радио нэвтрүүлгийн гол баатрыг маань шалтаг шалтгаан болгож хийсэн. Өнөөгийн Монгол орны хөгжмийн амьдралын бүхий л хүрээг хамруулсан энэ цагийн толь болсон бүтээл хэмээн мэргэжилтнүүд үзэж байн” гэж мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *