Categories
мэдээ цаг-үе

Г.Ариунбаатар П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанаас алтан медаль хүртлээ

П.И.Чайковскийн нэрэм­жит олон улсын хөгжмийн уралдаанд Монгол Ул­сын гавьяат жүжигчин Г.Ариун­баатар түрүүлж, алтан медаль хүртлээ. Энэ уралдаанд 39 орны билэг авьяастай 500 дуучин оролцсон юм. Дөрвөн шатны шалгаруулалтаар эцсийн шатанд Монгол, ОХУ, БНХАУ,БНСУ-ын дуучид тунаж үлдээд байв. Харин манай цагаар долдугаар сарын 02-ны 01:00 цагт сүүлийн шалгаруулалт болж, цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Г.Ариунбаатар “Трубадур” дуурийн Ди Луна­гийн ари, “Пиковая дама” дуурийн Елецскийн арийг дуулж, тэргүүн байр эзэллээ.

Дөрвөн жил тутамд болдогП.И.Чайковскийн нэрэмжит уралдааныг дэлхийн дуурийн дуучдын “олимп”, хамгийн оргил тэмцээн гэж үздэг. Тэг­вэл Монгол Улс дуурийн “олимп”-ийн аварга дуучинтай болж байна. Сонсогчид түүний энэ амжилтыг Монголын сон­годог урлагт түүхэн үйл явдал болж, цоо шинэ хуудас нээлээ гэж үнэлж байна.

Г.Ариунбаатар тэмцээний дараа “Би маш их баяртай байна. Та нартаа баярлалаа. Энэ уралдаан намайг хамгийн их сорилоо. Үнэхээр хvнд байлаа. Гэхдээ би ард нь гарсаан. Тийм ээ, би урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн уралдаанаас анх удаа эх орондоо тэргүүн байр, алтан медальтай очих нь ээ. Аав ээж, элгэн садан, эрдэмтэн багш найз нөхдөдөө бүгдэд нь баярлалаа. Аливаа тэмцээн уралдаанд оролцоход нэн чухал асуудал бол мөнгө санхүү. Намайг чин сэтгэлээсээ ойлгож байн­­­га тусалж дэмждэг авар­­га А.Сүхбат ахдаа, “Эх нутгийн иргэн” ТББ-ын тэргүүн, УИХ-ын дэд дарга М.Энхболд ахдаа, мөн “CMS group”-ийн хамт олондоо, Монголын цагдаагийн нийт бие бүрэлдэхүүндээ, Улаан-Үүдийн театрынхандаа да­хин дахин талархаж байна” гэж өөрийнхөө фэйсбүүк хуу­дас­таа бичсэн байв. Түүнтэй өчигдөр онлайнаар холбогдоход “Чайковскийн уралдаан их хүнд байлаа. Баяр наадмын өмнө монгол түмэндээ бэлэг барьсандаа баяртай байна. Очиж байгаад танай сонинд ярилцлага өгнө өө. Одоо зав муутай байна” гэсэн юм.

Төв аймгийн Баян-Өнжүү­лийн унаган хүү Г.Ариунбаатар ийн­хүү дуурийн дуучдын дунд болдог гурван том уралдааны хоёрт нь түрүүлж байна. Өмнө нь М.Глинкийн нэрэмжит урал­даанаас алтан медаль хүртэж, гавьяат цол хүртэж байсан билээ.

Ц.БАЯРЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *