Categories
мэдээ цаг-үе

Г.АРИУНБААТАР: Дэлхийн дайтай дуулчих юмсан гэх мөрөөдөл надад бий

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатартай ярилцлаа.

-Нэрт дуучин М.Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүлсэнд баяр хүргэе. Уралдааны талаар ярихгүй юу?

-ОХУ-ын төдийгүй дэлхийн алдарт дуучин Муслим Магомаевын нэрэмжит уралдаанд оролцоод ирлээ. М.Магомаевыг бидний аав ээжийн үеийнхэн сайн мэдэх байх. Дуурийн төдийгүй эстрадын дуу дуулдаг. Энэ хүний нэрэмжит уралдаан өнөө жил гурав дахь удаагаа болж байгаа юм. Уралдаан ерөнхийдөө гурван үе шаттай болсон. Эхний шатанд дэлхийн олон орны дуурийн дуучид бичлэгээ явуулсан байгаа. Тэдгээрээс шилдэг 15 оролцогчийг шалгаруулсан. Хоёрдугаар шатны оролцогчдын бүх зардлыг уралдааны зохион байгуулагчид дааж ОХУ-д аваачсан. Тэндээ дахин шалгаруулалт явуулж арван дуучин сүүлийн шатанд өрсөлдлөө. Миний хувьд тэргүүн байр эзлээд ирлээ. Энэ уралдаанд оролцохын тулд өөрийгөө маш их бэлдсэн. Уралдаанд өндөр ач холбогдол өгч оролцдог болохоор нэг жилийн хугацаанд бэлтгэл сургуулилт хийсэн.

-Таныг уг уралдаанд оролцохын тулд Буриадад ганцаарчилсан бэлтгэл хийсэн гэж сонссон?

-Энэ уралдааны эхний шатны шалгаруулалт дөрөвдүгээр сард болсон юм. Тэндээс тэнцлээ гэх хариу аваад бэлтгэлээ улам эрчимжүүлсэн. МУГЖ, дэд профессор Ичинхорлоо, Уртнасан, Энхтуул зэрэг багш нарынхаа тусламжтайгаар бэлтгэлээ хийлээ. Мөн Буриадын театрт очиж ганцаарчилсан бэлтгэл хийсэн. Тэнд миний багш байдаг юм. Уралдааны шүүгч нарын тухайд дэлхийн шилдгүүд байдаг юм байна. П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны ерөнхий шүүгч, Большой театрын гоцлол дуучин, Англид дуулдаг Италийн алдарт теонер дуучин гээд цар хүрээгээрээ өнөө цагийн луугарууд шүүсэн. Найман шүүгчээс би 80 оноо авч чадлаа. Ер нь тэмцээн, уралдаанаас 80 оноо авч байсан тохиолдол гарч байгаагүй юм билээ. Цаашид ч гарахгүй байх гэж хэлж байсан. Үүнд маш их урамшсан. Хэдийгээр залуухан, дөнгөж гурав дахь удаагаа болж байгаа ч гэлээ цаашид цар хүрээ, чанараараа дэлхийн томоохон уралдааны нэг болох нь дээ гэж харж байлаа.

-Сүүлийн үед болж байгаа олон улсын уралдаанаас манай дуучид ганзага дүүрэн ирдэг болжээ?

-Багш нарын маань ач. Хөгжим, бүжгийн коллежийн, СУИС-ийн сургалтын чанартай холбоотой болов уу. Манай дуучид ч их сайн байна. Олон улсын уралдаанаас дандаа л шагналтай ирж байгаа. Үүн дээр нь төр засаг анхаараад, дэмжээд өгвөл өшөө илүү амжилт гаргах боломж бидэнд байна. Үнэндээ бид нар аль нэг улс руу тэмцээнд явах боллоо гэхэд зардал мөнгийг нь халааснаасаа бэлэн гаргаад өгч чаддаггүй. Тэгээд л цалингийн зээл авна шүү дээ. Яахав амжилт гаргаад ирвэл зээлээ дараад, амьдрал ахуйдаа нэмэрлэдэг л юм.

-Олон улсын уралдааны шагналын сан ямархуу байдаг вэ. Жишээ нь, саяын тэмцээн ямар шагналтай байв?

-Саяын тэмцээнд түрүүлээд 25 мянган ам.долларын мөнгөн шагнал авсан. Амьдралд их хэрэг болно. Дараагийн тэмцээнд орох зардал мөнгө, бэлтгэл сургуулилтын зардалд өгөөд таардаг юм.

-Улсаас мөнгө өгдөг үү?

-Улсаас хоёр, гурван тэмцээн тодорхойлоод өгчихсөн. Жишээ нь, М.И.Глинкийн нэрэмжит уралдаанд түрүүлээд ирэхэд улсаас надад 20 гаруй сая төгрөг өгсөн. П.И.Чайковскийн тэмцээнд түрүүлбэл бас урамшуулдаг. Тэмцээнийхээ тоог жаахан нэмбэл уран бүтээлчдэд их хэрэгтэй.

-М.И.Глинкийн нэрэмжит уралдаанд түрүүлснээс хойш хэдэн жил өнгөрчихөв?

-Гурван жил өнгөрсөн байна. Цаг хугацаа шуураад л өнгөрөх юм. Би амьдралдаа хоёрхон уралдаанд оролцож үзлээ. Хоёуланд нь тэргүүн байр эзэлж их урам авлаа. М.И.Глинкийн уралдаанд түрүүлээд эх орондоо ирэхэд их сонин мэдрэмж төрж байсан шүү. Залуу хүн ч гэлээ өөрийн эрхгүй улам их зүтгэнэ дээ, эх орондоо юм хийнэ дээ гэж бодогдож байсан. Удалгүй гавьяат цол авсан. Тэр үед “Би одоо яана аа” л гэж бодогдоод байдаг юм билээ. Нэг л их өрөнд орчихсон мэт санагдаад, эх орондоо л юм хийнэ дээ гэж чин сэтгэлээсээ бодож байсан. Төр минь соёрхож гавьяат цолоо өглөө шүү дээ гэж бодохоор нэг хэсэгтээ их л огшиж явсан даа. Гавьяат болсны дараа хамгийн анх Цагдаагийн ерөнхий газрын ахмадын хүлээн авалт дээр дуулсан. Яг цагаан сарын дараа шүү дээ. Хөтлөгч “Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар” гээд дуудахад тэр жижигхэн тайз ямар том санагдаж байсан гээч. Өмнө нь зүв зүгээр, ямар ч сандралгүй дуулдаг байсан хэрнээ гавьяат гээд дуудуулчихсан чинь өвдөг чичрээд л.

-Олон улсын чанартай томоохон тэмцээнд түрүүлэхэд дэлхийн хэмжээний театруудаас ажлын санал ирэх үү?

-Санал ирнэ шүү. М.И.Глинкт түрүүлсний дараа гурван урилга ирсэн. Явмаар санагдаж байсан ч яваагүй. Гадагшаа явлаа гэхэд өөрийгөө олон талаар хөгжүүлэх хэрэгтэй. Ядаж л гадаад хэл сайн байх ёстой. Очлоо гэхэд эх орны нэр л гарна. Дуурийн дуучдаа анзаараад байхад бид нар гадаад руу гарахаараа их нэр хүндтэй болдог. Эх орондоо ирээд хэн ч биш болчихоод байна. Олны өмнө явдаг болохоор үс зүсээ янзлаад, боломжийн хэрээр сайхан хувцаслаад гарна. Гэтэл арын амьдрал юу билээ. Төр засаг маань жаахан анхаараад өгвөл Монголын мундаг авьяастай уран бүтээлчид эх орондоо үлдэх байх. Би заримдаа ганц хоёр дуу дуулаад хангалуун амьдардаг юм билүү гэж бодно. Гэхдээ тэр бол би биш. Надад дэлхийн дайтай дуулчих юмсан гэх мөрөөдөл байдаг. Өнөөдөр хоосон хонож байсан ч, маргааш аяга хоолтой болно гэж боддог.

-Дуурийнхан халтуур хийдэг үү. Дуучид шинэ жилээр жилийн орлогоо олдог гэдэг?

-Тэрүүгээр чинь л амьдарна шүү дээ. Энд тэндхийн арга хэмжээн дээр очоод дуулаад өгөөч гэвэл дуулчихдаг л юм. Хажуугаар нь ажлаа хийгээд цалин авчихна. Би Төв аймгийн цагдаагийн газарт ажилладаг. Ахмад цолтой.

-Та аль нутгийнх юм бэ. Танай удамд дуучин хүн бий юу?

-Би Төв аймгийн Баян-Өнжүүлийнх. Манайхан чинь найранд гурван дуутай улс. Миний өвөө мундаг уртын дуучин байлаа. Аав, ээжийн маань талынхан дуутай, хууртай хүмүүс. Ер нь л гоё дуулна шүү. Удмаасаа мэргэжлийн дуучин болсон нь би.

-СУИС-ийг төгссөн үү?

-Тэгсэн. Би уг нь цагдаа болно гэж боддог байлаа. Бүр хүүхэд байхын цагдаа болох чин хүсэлтэй. Тэгээд Цагдаагийн академид шалгалт өгсөн ч тэнцээгүй. Харин гэрийнхэн маань СУИС-д шалгалт өгөөд үз гэж зөвлөсөн. 2005 онд СУИС-д шалгуулахад 400 гаруй хүүхдээс нэгд жагссан байсан. Харин гуравдугаар курст байхдаа тэр үеийн “Сүлд” чуулгын дуучин болсон. Ингээд мөрдэстэй болж цагдаа болох мөрөөдлөө биелүүлсэн. Одоо энд тэнд явахдаа цагаан шонхортоо залбирна. Цагдаад их элэгтэй. Багаасаа л цэргийн дарга, цагдаагийн дарга болно гэж мөрөөддөг байсан.

-Хэн багшийн шавь бэ?

-Би анх МУГЖ М.Ганбатыг хараад түүн шиг дуучин болох юмсан гэж шүтэж байлаа. Тэгээд ч дуучин болсон. СУИС-ийн Баясгалан, Банди багш нарынхаа шавь болсон. Банди багш маань намайг дуурийн урлагт дурлуулсан хүн.

-Шинэ уран бүтээлийн тухай ярья. Ойрын үед тоглолт хийх үү?

-Монгол Улсын гавьяат жүжигчин болсноосоо хойш Н.Жанцанноров багштайгаа “Монгол сонгодог” талархлын тоглолт хийсэн. Анхны тоглолт хүмүүст янз бүрээр л хүрсэн байх. Ирэх онд хоёр дахь тоглолтоо хийнэ. 2012 онд нийтийн дууны “Илүү ч үгүй, дутуу чүгүй” цомог гаргасан. Би чинь ард түмний хүү. Тэднийхээ дуучин нь. Тиймээс ард түмэндээ зориулж дуулах үүрэгтэй. Үүргээ биелүүлж эхний цомгоо гаргаж байлаа. Удахгүй шинэ цомог гаргана. Цомгийн ажил эхэлчихсэн. Жаахан дуншаад л байна. Ер нь тоглолт хийхэд, цомог гаргахад, уралдаанд ороход бэлтгэл их хэрэгтэй. Хүмүүс гоё хувцсаа өмсөөд л тайзан дээр гарчихдаг гэж ойлгоод байдаг шиг байгаа юм.

-Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг юм бэ?

-Сэтгүүлч хүн сайн нийтлэл бичихийн тулд маш их судалгаа хийдэг байх, тийм үү. Тэрэнтэй яг адил. Дуучин хүн дуулахын өмнө хоолойн бэлтгэлээс гадна сэтгэл санаагаа бас бэлдэх хэрэгтэй. Дуул гэсний зоргоор дуулахгүй. Сэтгэл хөдлөл байх хэрэгтэй. Сайхан зүйл мэдэрч байж илүү гоё дуулна. Дээр нь өглөө, оройд байнгын бэлтгэл хийдэг. Яг эрчимжүүлсэн бэлтгэлд орсон үедээ би ямар нэгэн тоглолтод ордоггүй. Элдэв зүйлд бас сатаардаггүй. Сэтгэл санаа, оюун бодол гээд өөрт байгаа бүхнээ төвлөрүүлдэг. Ингэж байж сайн бэлтгэл болдог байх.

-Нэг хэсэг дуучин Д.Отгонжаргал та хоёрыг хайр сэтгэлтэй боллоо гэж шуугисан. Юу болсон юм бэ?

-Элдэв хангайн хэл ам их л гарах юм. Залуу хүний хувьд жаахан эвгүй байдаг. Гэхдээ урдах ажлаа хийгээд дуугүй л явъя гэж бодсон. Намайг буруугаар ойлгодог, буруугаар ойлгуулах гэсэн хүсэлтэй хүмүүс байдаг шиг байгаа юм. Яахав хүний үйлийн үр гэж байдаг. Одоо бол бүх юм байдаг байрандаа л байгаа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *